“Оюутолгой” компанид ялгаварлан гадуурхалт гарч байна гэв
2018 оны 10 сарын 8

Олон улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрчний эвлэл болох “Индастриал глобал юнион” байгууллагаас өнөөдөр /2018.10.08/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монголын эрчим хүч, Геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Салбарын үйлдвэрчний эвлэлийн зүгээс “Оюутолгой” компанид ажиллаж буй 16,000 хүний ажлын байрыг аюулгүй болгохын тулд эвлэлдэн нэгдэх ёстой. Оюутолгой төслийн нийгэм, эдийн засаг, улс төрд үзүүлж буй нөлөөллийн талаар бид олон жил ярьсаар ирсэн ч ажилчдын эрх ашгийн талаар тэр бүр ярилгүй өнгөрдөг.

Бид Рио Тинто, “Оюутолгой”-н эсрэг үйл ажиллагаа явуулаагүй ба бидний ард ямар нэгэн намын, удирдах албан тушаалтнууд байхгүй зөвхөн ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилготойгоор нэгдэж байна” гэлээ.

Өнгөрөгч есдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд “Оюутолгой” ХХК болон “Рио Тинто” групп, олон улсын аж үйлдвэрийн салбарын Үйлдвэрчний эвлэл болох Индастриал Глобал Юнион байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт Оюутолгойн уурхай дээр хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах арга хэмжээг зохион байгуулсан байна.

“Оюутолгой”-д нийт 16,000 ажилчин ажиллаж байгаагаас 3000 нь энэхүү үйлдвэрчний эвлэлд элсэн эрх ашгаа хамгаалан ажиллаж байна. Гэвч үлдсэн 13000 ажилтан нь эвлэлдэн нэгдэх, зохион байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенц, Тэгш шан, хөлс олгох тухай 100 дугаар конвенц, ялгаварлан гадуурхахгүй байх 111 дүгээр конвенц болон Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулиуд хэрэгжихгүй, эрх нь зөрчигдөж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мөн эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх гэсний төлөө ажлаас халагддаг, гадаад монгол ажилтнууд хэт ялгаатай цалин хөлс авдаг, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтын хэлбэрүүд гарч, монгол ажилтнуудын эрх ашиг хохирсоор байгааг Монголын эрчим хүч, Геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоо эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Иймээс хөдөлмөрийн харилцаанд аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтыг устгаж, 16000 гаруй ажилтныг эрсдэлгүй ажлын байранд ажиллуулах нь “Оюутолгой” ХХК-ийн нийгмийн хариуцлага гэж үзжээ.

“Оюутолгой” ХХК-ийн удирдлага “Рио тинто” группын олон улсын түвшинд байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллахыг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нарт хандан мэдэгдэл гаргаад байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.