Ам.долларын ханш шатахууны үнэд нөлөөлж байна гэв
2018 оны 10 сарын 9

Өнгөрөгч амралтын өдрүүдэд АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр, АИ-95 бензиний үнэ 100-250 төгрөгөөр нэмэгдээд байгаа. Тэгвэл энэ асуудлаар Ашигт малтмал газрын тосны газраас өнөөдөр тайлбар өгсөн байна.

Үүнд:АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна гэж тайлбарласан байна.

Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлдөг. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг тул ам.долларын үнийн өсөлт мөн шууд нөлөөтэй байдаг аж.

Тэрээр мөн:

-Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компани хэрхэн хувирахаас хамаарч шатахууны үнэ нэмэгдэж ирсэн. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани 2018 оны аравдугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмж, АИ92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болсон гэв.

Дашрамд дурдахад, аравдугаар сарын 2-ны байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А80 автобензин 98, АИ92 бензин 34, дизель түлш 33, ТС1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байгаа аж.

Хариулт үлдээх

Your email address will not be published.