АН-ын хөөрсөн улс төр
2018 оны 10 сарын 10

 Сонгуулийн хуульд заасны дагуу өнгөрсөн ням гарагт нөхөн болон дахин сонгууль боллоо. Долоон тойрогт болсон нөхөн сонгуулиас ганц Сүхбаатар аймгийн нөхөн сонгуульд АН ялав. Гэхдээ тус намынхан үүнийгээ түүхэн ялалт хэмээх мэссэжийг олон нийтэд тараахаар нэлээд чармайж байгаа бололтой. Элдэв зурган эвлүүлэг, намын гишүүдийн сошиал орчин дахь идэвх илт нэмэгдээд ирэв. Бүр “Нөхөн сонгуулийн түүхэн дэх хамгийн дуулиант ялагдлыг эрх баригчид хүртлээ”, “Бид 2020 оны сонгуульд ялах нь” гэсэн хэт дэврүүн төсөөлөл цацаж байгаа юм. Уг нь бол сая болсон нөхөн болон дахин сонгуулиар Сүхбаатар аймгийг эс тооцвол МАН ялсан юм. Хоёр аймаг, таван сум, нэг дүүрэгт ИТХ-ын нөхөн сонгууль болсныг задалбал, Дорноговь аймгийн Алтанширээт сумын ИТХ-ын сонгуулиар МАН 100 хувь, Улаанбадрах сумын ИТХ-ын сонгуульд МАН 61.8, АН 38.2 хувь, Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 69.4, АН 30.6 хувь, Замын-Үүд сумын ИТХ-ын сонгуульд МАН 64.7, АН 35.2 хувь, Сайншанд сумын ИТХ-ын сонгуульд МАН 70.5, АН 29.5 хувийн саналыг тус тус авсан аж. Мөн Багахангай дүүргийн нэгдүгээр тойрогт болсон ИТХ-ын нөхөн сонгуулиар МАН 62.6 хувь, АН 32.3 хувийн санал авсан байна.

Гэвч АН-ын хувьд нөхөн сонгуулийн ганц тойрогт ялалт байгуулсан нь урам зориг авахад нь хангалттай бололтой. Угаас 2016 онд УИХ-д есөн суудал дээр ганц Завхан аймагт ялсан АН-ын хувьд ялалт багадахгүй л дээ. Тэр тусмаа Сүхбаатар аймгийн ИТХ 33 суудалтай. Өдийг хүртэл нэг тойрог нь маргаантай байснаас үүдэн ИТХ-даа АН, МАН адил 16 суудалтай байлаа. Ингэхдээ МАН-аас томилогдсон Засаг даргыг нэг удаа огцруулаад сольчихсон гэж байгаа. 16 суудал дээрээ МАН-ынхаа төлөөлөгчдөөс ганц нэгийг нь татаад л унагачихсан хэрэг. Эрх мэдлийн боломж цухуйх төдийд л үймээн хутгадаг нь АН-ын гэм биш зан. Хэнтий аймгийн АН хуралдаж намын даргаа сольсон тухай мэдээлэл гарч байна. Хэрэв энэ үнэн бол одоо Сүхбаатар аймгийн АН-д энэ нь халдварлаж бужигнах нь цаг хугацааны л асуудал болов уу.

Ер нь тэгээд Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурийн хувьд 2016 онд УИХ-д нэр дэвшээд өвдөг шороодож байлаа. Үүнээс үзэхэд аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд оролцоод явж байгаа нь ч, түүндээ ялалт байгуулаад аархах нь хувь улстөрчийнх нь хувьд жижиг л үйлдэл. Үүний дээр АН-ын ялалт гэж харахаасаа илүү Сүхбаатар аймгийн хувьд хувь хүний ялалт гэсэн өнцөг харагдаж байна. Гэвч үүнийг урдаа барин хөөрцөглөх нь АН улс төрийн хүчний хувьд бүрэн төлөвшөөгүйн илрэл л дээ. Харин сая болж өнгөрсөн нөхөн болон дахин сонгуулийн зургаан тойрогт ялалт байгуулсан МАН элдэв байдлаар өөрсдийгөө сурталчилсангүй. Үүнээс намынх нь буурь харагдаж байгааг олон хүн хэлж байгаа юм. Сонгууль болж ялж ялагдаж байдаг ч АН-ын долоогоос ганцад нь ялсанаа улс төрийн хувьд сэргэлээ хэмээн хөөрцөглөж байгаа нь улс төрийн хүчнийхээ хувьд хөнгөдсөн, хэт хөөрцөглөж ядарсан үйлдэл болон харагдаж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.