ЧУУЛГАН: Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна
2018 оны 10 сарын 11
2018-10-11-Улс төр

УИХ-ын чуулганы Пүрэв гариг /2010.10.11/-ийн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү  “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар нэгдсэн ойлголт ард түмэнд өгөхийг хүссэн бол УИХ-ын гишүүн Л.Болд чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаарх мэдээллийг гишүүдэд өгөх хэрэгтэй байна гэдгийг тодотгоод гишүүдээс тавьсан олон сар хүлээгдэж байгаа асуулгын хариуг яаралтай оруулж өгөхийг хүссэн юм. Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар С.Зориг агсны амиа алдсан хэргийн талаар Олон улсын парламентын холбооны дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг ойрын хугацаанд чуулганаар хэлэлцэх шаардлагатай байна. Учир нь Олон улсын парламентын холбооны хурал ирэх долоо хоногт болох учраас түүнээс өмнө энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байгааг дуулгалаа.   Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн энэ асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой гэсэн санал гаргасан юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хүний эрхтэй холбоотой маш олон хуримтлагдсан асуудал байна. Ялангуяа С.Зоригийн хэргийн гүйцэтгэгч нь олдсон ч захиалагч нь олдохгүй өнөөдрийг хүрсэн, тиймээс хүний эрх зөрчигдсөн энэ асуудлыг УИХ авч хэлэлцэх ёстой гэлээ. Ийнхүү гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналаа хэлсний дараа УИХ-ын дарга “Хүний эрхийн асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, Тусгай хяналтын дэд хорооны асуудлыг Хууль зүйн байнгын хороо оруулж ирээгүй байна. Энэ асуудлыг олон улсын парламентын хурал болохын өмнө тайлан мэдээллээ гаргаад, шаардлагатай дүгнэлтээ өгч, төлөөлөгчөө явуулдаг. Байнгын хорооноос асуудлаа оруулж ирвэл хэлэлцээд явах боломжтой” гэсэн хариу тайлбар хийлээ.

Ингээд чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны аравдугаар дүгнэлтийг хэлэлцлээ.  Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа. Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр Цэцээс гаргасан.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.