УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй
2018 оны 10 сарын 11
2018.10.11-Улс төр

УИХ-ын чуулганы  пүрэв гариг /2010.10.11/-ийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны аравдугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр Цэцээс гаргасан. Ингэснээр Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг ирэх жил хийхээр нөхцөл байдал үүсээд байсан юм. УИХ-ын гишүүн Б.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзсанаар ор гарсан Хэнтийн аймагт аравдугаар сарын 7-нд нөхөн сонгууль явуулахаар УИХ тов гаргасан. Гэвч энэ нь иргэдийн сонгох сонгогдох эрхийг зөрчиж байгаа болон бусад асуудлаар иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гарган цэц үүнийг үндэслэлтэй гэж үзсэн.

Харин энэхүү Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй бол цэцийн их суудлын хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ. Цэцийн их суудлын хуралдааны дүгнэлт эцсийн бөгөөд хүчин төгөлдөр болох ёстой. Гэхдээ үүний зэрэгцээ УИХ Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулж магадгүй гэсэн таамаг бас байгаа юм.

Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар гишүүд доорхи байр суурь илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-УИХ-аас гарсан шийдвэр Цэц дээр унадаг, дээд шүүх шууд хүчингүй болгодог, хэрэгжилтийг нь зогсоодог явдал сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрсэн. УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн шийдвэр өөрөө захиалгатай харагдаж байна. Ард түмний сонгох, сонгогдох эрхийг үгүйсгэж байгаа шийдвэрийг УИХ ч хүлээж авахгүй байх хэрэгтэй. Цэц олон захиалгат шийдвэр гаргах боллоо. Энэ шийдвэр Монголын улс төрийн систем дампуурсны илрэл шүү. Тиймээс Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авч болохгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Монголын түүхэнд хар өдөр болж бичигдэнэ. УИХ сонгуулиа хийж чадахгүй, сонгогчдын эрх ашиг зөрчигдөж, Үндсэн хуулиа манах ёстой Цэцийн гараар хийлгэж байгаа нь дэндүү харамсалтай байна. Цэц шударга ажиллаж, шинэ цаг үеийн авчирна гэж саяхан гишүүдийг нь томилсон. Үндсэн хуультай хамааралгүй асуудлаар иргэдийн эрх ашгийг доош нь хийсэн шийдвэрийг Цэц гаргасан байна. Энэ шийдвэр маш их уршигтай. УИХ-ын барьцаалж, цаг хугацаа хожиж 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахгүй байх нөхцөлийг бий болгоно гэх нөхцөл байдал руу оруулж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Цэцийн дүгнэлт, хоёр байнгын хорооны дүгнэлт хоёрын хооронд зөрчил гаргаад байна. Манай хуулиуд дотор зөрчил байгаад байх шиг байна. Сонгуулийн тухай хуулийг гарцаагүй өөрчлөх шаардлагатай байна. Нэг талаасаа сонгогдох, сонгох эрхийг зөрчиж байгаа юм шиг харагдаж байгаа юм, гэтэл нөгөө талдаа 42-р тойргийн сонгогчид төлөөлөлгүй, төсөв хэлэлцэж байх үед тэр ард иргэдийн эрхийг хамгаалах хүнгүй болоод байна л даа. Аль аль нь хуулийн зөрчил үүсээд байна. Гэхдээ нэг хүний эрх ашиг уу, олон хүний эрх ашиг зөрчигдөж байгааг юу гэж үзэх вэ. 10 мянган сонгогчийн эрх зөчигдөж байгаа юм биш үү.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Цэцийн хуралд оролцсон. Дэгийн тухай хуулиар Үндсэн хуулийн Цэц дүгнэлтээ танилцуулаад гардаг, асуултад хариулт өгдөггүй болсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариулахад сонгуулийн хуулиа барьж, нөхөн сонгуулиа товлон зарлахаас өөр арга байгаагүй. Сонгуулийн хуулийн дагуу аравдугаар сард багтаахын тулд УИХ бүрэн эрх, үүргийн дагуу нөхөн сонгуулийг товлон зарласан. Гэтэл Үндсэн хууль дээр бие даагчийн эрх хангагдахгүй, ялгаварлал үүсч байна гэж үзсэн. Гэхдээ бид нэг хүний эрх ашиг байж болно, 10 гаруй мянган сонгогчдын эрх ашиг хохирч байна гэдэг талаас нь УИХ-ын тогтоолоо хамгаалж, үүргээ биелүүлсэн. Харин сонгуулийн хуульд байгаа заалтууд зөрчилдөж байвал хуулийн заалт нь Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байж болох юм гэж ойлгож байгаа. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ, НИТХ-ын сонгуулийн хуулиудыг тус тусад болгохоор ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар:

-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж би үзэж байгаа. Ер нь сонгуулийн ерөнхий хуульд төрийн албан хаагч ямар хугацаанд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх эсэх, энэ нь нөхөн болон нэгдсэн сонгуулийн зарчимд хэрхэн үйлчлэх вэ гэдэг асуудал тодорхой биш байна. Тиймээс сонгуулийн хуулиуддаа тодорхой болгож, өөрсдөө хууль санаачлаад төрийн албан хаагч улс төрийн сонгуульд оролцох эсэх асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байна. Цэцийн шийдвэрийг хүлээж аваад, холбогдох хуульдаа өөрчлөлт оруулаад явах нь зүйтэй юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Үндсэн хуулийн Цэц яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдгийг байнгын хорооны хуралдаанд хэлсэн. 42-р тойрогт нөхөн сонгууль явуулсан бол МАН ялагдах байсан. МАН нэг ч бүтээн байгуулалт хийхгүй, сайд, дарга нар нь зарцуулсан учраас сонгогчид дээр очих нүүргүй болсон гэж хэлсэн чинь гишүүд их уурлаж байна лээ. У.Хүрэлсүх энэ сонгуулийг явуулах сонирхолгүй, очуул ялагдах учраас, жолоочийнхоо ээжээр өргөдөл өгүүлсэн нь үнэн. Би үнэнийг нь л хэлсэн. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна, МАН-ыг сонгогчдын өмнө заавал очуулж, дүнг нь тавиулна. Үүний төлөө АН ажиллана.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Гишүүдийг анзаарч байхад 42-р тойрогт маш их санаа зовсон, төсөв нь батлагдаж чадахгүйд их санаа зовсон хүмүүс байна. Уг нь Сонгуулийн хуульдаа зургаан сар гэдгийг зургаан хоног гээд засах боломжтой. УИХ-ын гишүүд хууль зөрчөөгүй ч Цэц бидэнд хуульд тодорхой өөрчлөлт хийх боломж олгосон. Энэ боломжоос Төрийн байгуулалтын байнгын хороо зугтаад байна вэ. Энэ сонгуулийг зохион байгуулахыг хүсч байвал Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломж байна уу, түүний дараа хуульдаа өөрчлөлт оруулаад явах боломж байна уу. Шууд хууль санаачлахгүйгээр хууль зөрчсөн заалтаа өөрчлөөд, сарын дотор ч сонгууль зохион байгуулж болно шүү дээ.

Ингээд энэ асуудлаар санал хураалгахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа.

Харин одоо энэ тохиолдолд Цэц Их суудлын хуралдаанаа хийж эцсийн шийдвэрээ гаргадаг.

Гэхдээ нөхөн сонгууль явуулахаар төлөвлөсөн аравдугаар сарын 7-ны өдөр нэгэнт өнгөрсөн учраас Цэц Их суудлын хуралдаанаа хийх шаардлагатай эсэх нь эргэлзээтэй юм.

Х.ИНДРА

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.