Цэргийн албан хаагчийн тэтгэврийн хуулийг хэлэлцэж байна
2018 оны 10 сарын 11

2018-10-11-Улс төр

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэхийн тулд заавал хууль санаачлах шаардлага байсан уу. Энэ бол Засгийн газрын амласан зүйл, хууль санаачлахгүйгээр асуудлыг шийдэх боломжтой байсан.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Зайлшгүй шаардлагатай байгаа юм. 2012 оны хоёрдугаар сард хууль батлагдсан ч олон албан хаагчийн ажиллах нөхцөл дордож байгаа юм. Нэг сард 30-70 мянган төгрөгөөр буурах эрсдэл үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө тэтгэврээ өндрөөр тооцуулах сонирхолтой албан хаагчид олон байгаа юм.  Төсөв батлахаас өмнө энэ хуулийг боловсруулж, өргөн барьсан.

УИХ-ын гишүүн Ж:Энхбаяр:

-Засгийн газар ОУВС-тай гэрээ хийхэд зайлшгүй авах арга хэмжээ байна гэж Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр эдийн засаг сайжирсан үед цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг харж үзнэ гэсэн амлалтын дагуу энэ хуулийг батлуулж байсан. Төрийн гол тулгуур багана болсон өндөр боловсролтой олон тооны офицер, ахлагчид олон зуугаараа халагдах өргөдлөө өгч байгаа байдал улс орны аюулгүй байдал, тусгай чиг үүргийн байгууллагын бэлэн байдалд маш хортойгоор үйлчилсэн. Бид бүх байгууллагаас судалгаа авсан. Дунд шатны офицерын бүрэлдэхүүн олноороо халагдах өргөдлөө өгч байгаа нь УИХ, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаагийн тод жишээ. Нөгөө талаас эмэгтэй цэргийн албан хаагчдын нийгмийн асуудал маш их дордож байна. Энэ салбарт маш олон эмэгтэй цэргийн албан хаагчид үр хүүхэд төрүүлэх эрхэд нь ноцтой халдсан.  Энэ салбарын олон асуудлыг мэдэрч, ойлгохгүйгээр гаргасан шийдвэр юм  шүү. Тиймээс засч, залруулахаар энэ хуулийг оруулж ирж байгаа.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.