Хэнтий аймгийн иргэд, сонгогчдын хүсэлтийг Цэцэд өргөн барив
2018 оны 10 сарын 17

Хэнтий аймгийн 42-р тойрогт  нөхөн сонгууль явуулахыг  нэг нам  боогдуулж,    сонгох эрхийг  нь бүдүүлгээр зөрчсөнийг эсэргүүцэж  3500 иргэд, сонгогч  гарын үсэг зурж өргөдөл гаргасныг Үндсэн хуулийн цэцэд өнөөдөр  орон нутгийн иргэдийн төлөөлөл, МАХН-ын  гишүүд, дэмжигчид   хамтран  гардууллаа.

О.Отгонцэцэг: Нэг хүний сонирхлыг бус 18000 сонгогчийн эрхийг хамгаал

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2019 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа. Тэгвэл  Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд  УИХ-д төлөөлөлгүй  сууж байна. Иймээс тэднийг хэн төлөөлж төсөв батлах вэ гэдэг асуудал яригдаж буй юм. Иймд тус тойргийн иргэдийн төлөөлөл нийслэлийг зорин иржээ.  Хэнтий аймгийн  Хэрлэн сумын сонгогч О.Отгонцэцэг “Манай аймаг 18 мянган сонгогчтой. Иргэдийн сонгох эрх зөрчигдөж байгаа тул өнөөдөр 3500 иргэд, сонгогч гарын үсгээ зурсан өргөдлийг  Үндсэн хуулийн цэцэд хүргэж ирж гардууллаа.  Нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэц хууль зөрчиж байна гэж шийдвэрлэхдээ нэг хүний өргөдлөөр шийдсэн байдаг. Түүний ард 18 мянган сонгогчийн эрх ашиг зөрчигдөж байна. Иймд 18 мянган сонгогчийн эрхийг хамгаалаач  гэдэг асуудлыг бид  тавьж байна.  Иргэдийн эрхийг хөсөрдүүлсэн энэ байдал  орон нутгийн хөгжил, төсөв санхүү болоод эдийн засгийн байдал, залуу үеийн ирээдүй, цаашлаад 2020 оны сонгуульд нөлөөлөхөөр байна” гэлээ.

С.Ононбаяр /Хэнтий аймаг дахь МАХН-ын мянгатын дарга/:  Төсөв ярьж байхад төрд  төлөөлөлгүй байгаад сонгогчид бухимдаж байна

-Хэнтий аймаг 18 мянган сонгогчтой. Түүнээс 3500 орчим хүн гарын үсэг цуглуулж, нөхөн сонгуулийг нэн яаралтай явуулж өгнө үү гэсэн өргөдлийг Үндсэн хуулийн цэцэд гаргалаа. Өнөөдөр 2019 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед УИХ-д төлөөлөлгүй байгаад сонгогчид бухимдлаа илэрхийлж байна.  Монгол хүн, Монголын ард түмний язгуур эрхийн төлөө улс төрийн нам харъяалал харгалзахгүй  оролцоно гэдэг зарчмаар бид иргэдийн эрхийг дэмжин өргөдөл, хүсэлтийг хамтран өргөн барилаа.

“УИХ-ын нэг тойрог  төлөөлөлгүй байгаа нь  төрийн үйл ажиллагаа доголдож байгаа гэсэн үг”

Хүний эрхийн хуульч, МАХН-ын дэд дарга Хэнтий аймгийн иргэд, сонгогчдын хамт  3500 иргэний гарын үсэг бүхий өргөдлийг Үндсэн хуулийн цэцэд гардуулж өгсөн юм. Тэрээр  “Өнөөдөр монгол хүний эрх, Хэнтий аймгийн ард түмний эрх, УИХ-ын 42 дугаар тойрогт амьдарч буй 18 мянган иргэний эрх зөрчигдөж буй асуудлаар   Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Улсын төсөв болон цаг үеийн бусад асуудлаас илүү ач холбогдолтой, өөрөөр хэлбэл монгол хүн төрд сонгох, сонгогдох, төлөөллөө гаргах энэ том эрхийг зөрчиж байгаа ноцтой асуудал Монгол Улсын түүхэнд гарч ирж байна.  42 дугаар тойргийн 18 мянган иргэд, сонгогч УИХ-д төлөөлөлгүй байна гэдэг нь Монгол Улсын төрийн үйл ажиллагаа доголдож байна гэсэн үг. Иймээс Хэнтий аймгийн ард түмний Үндсэн хуулийн цэцэд, Монголын төрд хандаж гаргасан 3500 хүний гарын үсэг бүхий өргөдлийг бид хамтран өргөн барьж байна. Энэ бол монгол хүн болгоны асуудал. Хүн бүр эрхээ эдлэх, төрөө барих, төрдөө сонгох, сонгогдох, төлөөллөө гаргаж ирэх Үндсэн хуулийн тулгуур эрх, монгол төрийн оршин тогтнохын үндсийн үндэс болсон асуудлыг бид өргөн барьж байгаа юм. Гарын үсэг, бичиг баримт бүрэн  эхээрээ  байгаа. Хэнтий аймгийн сонгогчдын 4/1 нь асуудал тавьж, нөхөн сонгуулийг нэн даруй явуулахыг шаардсан шаардлагыг Монгол Улсын Үндсэн хуульд хяналт тавьж байдаг Үндсэн хуулийн цэцэд  гаргаж байна. Нөхөн сонгуулийг хойшлуулах элдэв шалтаг, шалтгаан хайж, боож боомилж байгаа МАНАН-гийн бохир бүлэглэлийн үйл ажиллагааг Монголын ард түмэн, Хэнтийчүүд МАХН эсэргүүцэж байна. Бид байр сууриа  албан ёсоор илэрхийлж байна. Мөн Хэнтий аймгийн 3500 иргэний төлөөлөл Цэцэд хандан өргөдлөө гаргаж байгаа. Товч танилцуулахад зөврхөн нэг хүний нэрээр, төрийн өндөр албан тушаалтны жолоочийн ээж н.Мөнхцэцэг гэдэг хүний өргөдлөөр Үндсэн хуулийн цэц 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр явах ёстой 42 дугаар тойргийн сонгуулийг зогсоож, 18 мянган хүний эрхийг уландаа гишгэсэн, боосон, хаасан шийдвэрээ нэн даруй цуцлаж, нөхөн сонгуулийг нэн даруй явуулах нь өргөн барьж буй энэ өргөдлийн үндсэн шаардлага юм. УИХ ч гэсэн энэ шийдвэр хууль бус байсан гэдгийг нийгэмд зарлаж хэлэлцсэн байгаа” гэв.

Хэнтий аймгийн 3500 иргэний гарын үсэг бүхий өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга н.Баянбилэг  хүлээж авсан юм. Тэрээр бичиг баримтыг хүлээж авдаг журмын дагуу ийнхүү хүлээн авч бичиг хэргийн ажилтанд шилжүүлж  байгаагаа хэллээ. Харин хэд хоногийн дотор хариу өгөх, аль суудлын хуралдаанаар хэлэлцэх талаар хариу өгөх  талаар хариулт өгөх  боломжгүй гэлээ.

 

Эх сурвалж: POLIT.MN

Хариулт үлдээх

Your email address will not be published.