“Өглөөний Гайхамшиг” олон хүний амьдралын дадлыг өөрчилж байна
2018 оны 11 сарын 7

Худалдаанд гарсан цагаасаа  хойш хэдэн сарын турш бестселлерийн эгнээнд тасралтгүй орж байгаа “Өглөөний Гайхамшиг” олон хүний амьдралын дадалд салхи оруулж, тэднийг илүү эртэч нэгэн болоход тусалж байна.

Өглөөний цагаа үр бүтээлтэй ашиглахад, хувийн ажил, амьдралаа илүү цэгцтэй төлөвлөхөд, өдрийн бүтээмжээ нэмэгдүүлэх хүсэлтэй хүн болгонд энэ ном зориулагдсан гэвэл ононо. Номын бараг хуудас бүрт энэ талаарх аргачлал, зөвлөмж дурайх аж.

Бидний олонх нь өөрт олгогдсон цаг хугацаагаа хүрэлцэхгүй байна гэж чамлах нь түгээмэл. Өдрийн 12 цаг хангалтгүй байгаа талаар бусдадаа гомдол хүртэл мэдүүлдэг.

Гэвч оногдсон цаг хугацааг өөрсдийн дураар өөрчлөх боломжгүй. Харин энэ байгаа цаг хугацаагаа хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх боломжтойг “Өглөөний Гайхамшиг” бидэнд хариу болгон барьсан юм.

Хүмүүсийн хандлага, амьдралын хэв маяг алхам алхмаар өөрчлөгдөж байна. Хувь хүний хөгжил, бүтээмжийн асуудал сүүлийн жилүүдэд хамгийн их яригдах болсон. Үүнийг дагаад цаг ашиглалт гэгч хөндөхөөс аргагүй сэдэв болж байна.

Энэ төрлийн судалгаа, шинжилгээ хүртэл тодорхой түвшинд хийгдэж эхэлсэн. “Завгүй” гэсэн ажил, амьдралын зөрлөг дунд хэзээ нь бид өөртөө цаг гаргаж суралцах, унших, бодох, төвлөрөх, дасгал хөдөлгөөн хийх вэ. Энэ болгоны эрэлд гарсан хүмүүс “Өглөөний Гайхамшиг”-тай учирч, өөрсдийнхөө өмнө шинэ хуудас нээчихээд байна.

Монголд хэвлэгдээд удаагүй ч шилдэг борлуулалттай номын жагсаалтыг өнгөлсөөр байгаа “Өглөөний Гайхамшиг” хүмүүсийн зуршил болсон тааруу байдалд өөрчлөлт авчирч байгаа талаарх уншигчдын сэтгэгдэл цахим орчинд хөвөрнө. Үнэхээр л хувь хүн өөртөө нүдэнд харагдахуйц өөрчлөлт, шинэчлэлт хийж байгааг харах бахдалтай санагдана. Улс төр, бизнес гээд салбар болгонд амжилттай яваа эрхмүүд эртэч нэгэн байдаг.

Тэд өглөөний цагийг хамгаас үр бүтээлтэй өнгөрүүлж, тэр цагт ажлаа төлөвлөх, эрүүл мэндэд тустай дасгал хөдөлгөөн хамгийн идэвхтэй хийж, үүнийгээ ч үр хүүхэд, гэр бүлдээ соёл болгон хэвшүүлсэн жишээ, түүх цөөнгүй.

Эрч хүчтэй, цовоо сэргэлэн, ажил нь үргэлж амжилттай урагшилдаг хүмүүсийг харахад тэд ч мөн адил өглөөг өөртөө “гайхамшиг” болгон ашигласан байдаг.

Ирээдүйгээ илүү сайхнаар бүтээхийн тулд амьдралдаа нэг шинэ хуудас нээлээ гэж “Өглөөний Гайхамшиг” номын уншигч саяхан бичжээ. Хүний амьдрал зөвхөн унтах, идэхээр хэмжигдэхгүй. Тийм болохоор бүтээлч нэгэн байхад, өөрөө өөртөө, өрөөл нэгэнд гэрэл гэгээ нь болоход туслах гэсэн санаа энэ номын амин сүнс нь.

“Туулсан амьдралаа эргэн хараад хийгээгүй, хийж болох байсан зүйлсдээ харамсахаас илүү гунигтай зүйл гэж үгүй” хэмээн “Өглөөний Гайхамшиг”-ийн зохиогч Хэл Элрод бичсэн энэ өгүүлбэр чих сортойлгоно.

Амьдралд харамсах л хамгийн хүнд цохилт.  Энэ болгоны дараа “Хэрвээ та орой бүр сэтгэл хангалуун орондоо ордог бол өглөө бүр шийдэмгий сэрэх болно” гэсэн өгүүлбэр залгаж байна. Өглөөг хэрхэн угтан авахаас тэр өдөр бүхэлдээ ямар байх нь шалтгаалах гээд байдаг шүү дээ.

Тэгэхээр өглөөг хэрхэн эхлүүлэх нь өдрийн үр дүнг тодорхойлдог. Орой бүр өөрийнхөө өнөөдөрт сэтгэл хангалуун байхын тулд шинэ өглөөг урам зоригтой, илүү ажил хэрэгч, сэтгэл амар  угтаж авах нь юу юунаас илүү чухал.

Б.Мөнх-Эрдэнэ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.