Үндэсний аудитын газар агаарын бохирдолтой тэмцэх ажлыг ХАНГАЛТГҮЙ гэж дүгнэлээ
2018 оны 10 сарын 23

Үндэсний аудитын газар /ҮАГ/ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийсэн ажилд хяналт шалгалт хийгээд хангалтгүй дүн тавьжээ. Үндэсний аудитын газрын шалгалтаар төрийн албаны уялдаа, бүтэц зохион байгуулалтгүйгээс болж агаарын бохирдолтой тэмцэхэд үр дүн гаргаагүй, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтаар 164.1 тэрбум төгрөг, 153.3 сая ам.доллар зарцуулсан ч үр дүн гараагүй гэж дүгнэжээ.

“Зарцуулсан хөрөнгийн үр дүнг агаарын чанарын үзүүлэлттэй харьцуулсан үнэлгээ хийгээгүйгээс агаарын бохирдол буураагүй байна. Энэ чиглэлийн асуудал хариуцдаг нийслэлийн холбогдох байгууллагууд хийсэн ажлын үр дүнг нэгтгэдэггүй, тоон мэдээг зөрүүтэй гаргадаг, зохих хяналтгүй ажиллаж ирсэн” гэж ҮАГ-ын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд Л.Одгэрэл ярьсан юм.

Үндэсний аудитын газраас Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах ажилд гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажилд аудит хийхэд 547.3 тэрбум төгрөг зарцуулсан нь тогтоогджээ. Тодруулбал, 2008-2016 онд Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин олон улсын байгууллагуудаас 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж олгожээ.

Төрийн байгууллагын уялдаа холбоогүй, зарцуулсан төсөв хөрөнгөд хяналт тавьдаггүй, холбогдох судлаачид, эрдэмтдийн санал бодлыг тусгадаггүй байсан нь агаарын бохирдлыг бууруулахад сайнаар нөлөөлөөгүй гэдгийг Үндэсний аудитын газраас онцолсон юм.

Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын холбогдох ажлын хэсэг 2018 оны зургадугаар сарын 30-аас наймдугаар сарын 30-ны хооронд аудитын шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.

Аудитын шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбоотойгоор зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд шаардлага өгч, байгууллага, аж ахуйн нэгжтэй холбоотой хэргийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж буй аж.

Хариулт үлдээх

Your email address will not be published.