Хувьцаагаа “дарах” тусам илүү өгөөж хүртэнэ
2018 оны 10 сарын 23

-Ногдол ашгаар бус хувьцааны үнийн өсөлтөөс урт хугацаанд илүү ашиг хийдэг-

Та хувьцаа эзэмшдэг үү. Хуримтлалаа зөвхөн мөнгөн хадгаламжаар байршуулсан уу. Үл хөдлөх хөрөнгө болох газар, орон сууцаа ирээдүйн хуримтлал гэж харж байна уу.

Хөрөнгийн зах зээлийн талаар хэр мэдээлэлтэй байж чаддаг вэ. Эдгээр асуултад хариулт болох энэ мэдээлэлд уншигч та гол анхаарлаа хандуулж, санхүүгийн зах зээлийн шинэ боломжийг олж хараасай гэж хүсэж байна.

Манай улс 1990-ээд оны эхээр улсын болон хоршооллын өмчийг хүн бүрт хувьчлахын тулд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу Чингис хааны зурагтай бидний нэрлэдгээр “цэнхэр тасалбар” үнэгүй тараасан. Энэ тасалбар нь үнэт цаасны арилжаанд оролцон өөрийн сонгосон компанийн хувьцааг худалдан авах эрх олгосон нэг удаа ашиглах боломжтой төлбөрийн хэрэгсэл байсан юм.

Тухайн үеийн төрөөс гаргасан уг шийдвэртэй зэрэгцээд 1991 онд Монголын хөрөнгийн бирж байгуулагдаж, иргэд биржээр цэнхэр тасалбараараа хувьцаа худалдан авсан. Тэр үеэс бид үнэт цаас, хувьцааны талаар тодорхой ойлголттой болж эхэлсэн. Гэхдээ энэ нь дөнгөж эхлэл төдий байсныг өнөөдөр ярьж байна.

Цаг хугацааг ухрааж, зах зээлийн эдийн засагт шилжиж байсан тэр үе рүү шилжье. 1994 онд Үнэт цаасны зах зээлийн тухай анхны хууль гарч, 1995 оноос цэнхэр тасалбараар худалдан авч эзэмшсэн хувьцаагаа иргэд хоорондоо бэлэн мөнгөөр зарж, борлуулах, худалдан авах боломж нээгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаа ингэж эхэлсэн. Үнэт цаасны арилжааны эхэн үед иргэд үнэт цаасны зах зээлийн талаар харилцан адилгүй ойлголттой байсан. Одоо ч энэ байдал хэвээр байна. Хувьцааны тухай мэдлэг, мэдээлэл нимгэн байгаагаас үүдэж олон хүн ирээдүйн ашгаа алдсан нь бий.

Хөрөнгө оруулалтын хамгийн үр ашигтай хэрэгсэл хувьцаа гэдгийг олж харсан зарим хүмүүс тодорхой компанийн хувьцааг худалдан авч, өнөөдөр хамгийн том хувьцаа эзэмшигч, үйл ажиллагааг нь удирдах чиглүүлэх хэмжээний эрх мэдэлтэй болсон байна.

Хүн болгонд ийм боломж 1990-ээд онд байсан ч хувьцааг төдийлэн тоож, ач холбогдлыг нь ойлгоогүйгээс болж алдагдал орсон жишээ түгээмэл. Хувьцаа эзэмшихийн давуу талыг жагсаавал, ногдол ашиг авах, ханшийн өөрчлөлтөөс ашиг олох боломжтой. Мөн саналын эрх эдэлж, компанийн удирдлага, шийдвэр гаргах үйл явцад оролцох эрхтэй байдаг.

Хувьцааны хөрөнгө оруулалт хийхэд ногдол ашгаас гадна үнийн өсөлтөөс ашиг олох боломжтой байдаг. Хөрөнгийн зах зээл сайтар хөгжсөн, иргэд нь хөрөнгө оруулагч болсон чадсан орнуудад ногдол ашгаар бус хувьцааны үнийн өсөлтөөс илүү өгөөж хүртэж, жил ирэх тусам хуримтлалаа зутгаатгаж байна.

Гэтэл манай улсад иргэд хувьцааны үнийн өсөлтийг бус ногдол ашигт онцгой ач холбогдол өгдөг. Их дүнтэй хөрөнгө оруулалт хийж, тухайн компанийн хувьцааны томоохон багцыг эзэмшдэг хүн л жилийн эцэст ногдол ашгаас ашиг хийх илүү боломжтой. Харин жижиг хөрөнгө оруулагчид ногдол ашиг гэхээс илүү хувьцааны үнийн өсөлтөөс ашиг харж сонголтоо хийж байна.

Монголд сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл илт сэргэж, энэ зах зээлээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгох IPO ихээр хийгдэж байна. Одоо дэлхийд тэргүүлэгч, та бидний сайн мэддэг том корпорациуд бүгд хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Компанийн хөгжлийг илтгэх үзүүлэлт бол хувьцаат компани болж, хөрөнгийн зах зээлд гарах явдал. Тиймээс компаниуд засаглалаа сайжруулж, нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлж, улмаар хөрөнгийн зах зээл рүү зүтгэдэг. Ингэснээр компани илүү тэлж, үйл ажиллагаа нь өргөжиж, хувьцаа эзэмшигчдийн хяналт дор ашиг, орлого нь нэмэгдэж, үр дүнд нь компани, хөрөнгө оруулагч хамтдаа хожих  тэрхүү боломжийг бий болгодог.

Хувьцаагаа “дарах” тусам илүү өгөөж хүртсэн хөрөнгө оруулагчид Монголд цөөнгүй байна. Тухайлбал, Тавантолгой, АПУ, Говь, Сүү, Талх чихэр зэрэг Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй компанийн хувьцаа эзэмшигчид олон жилийн дараа хувьцааны үнийн өсөлтөөс өндөр ашиг хийж, өнөөдөр энэ зах зээлийн том тоглогчдын нэг болжээ.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.