Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниуд гурван их наядын зээл төлөөгүй байна
2018 оны 11 сарын 6

Монголбанк, Засгийн газартай хамтран 2012 оны аравдугаар сараас эхлэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн.

Тус хөтөлбөрт 4.8 их наяд, Засгийн газрын “Сайн” хөтөлбөрүүдэд 500 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан хувийн компаниудад бага хүүтэй зээл олгосон юм.

Гэтэл Монголбанк, Засгийн газар тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр өөртөө их хэмжээний алдагдлыг бий болгожээ. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд олон дэд хөтөлбөр хэрэгжүүлж 4.2 орчим их наяд төгрөгийн маш бага хүүтэй зээлийг компаниудад олгосон байна.

Тухайлбал, Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах, Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах, барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.

Гэтэл өнөөдрийг хүртэл компаниуд Үнэ тогтоворжуулах хөтөлбөрөөс авсан хөнгөлөлттэй зээлээ төлөхгүй байгаа аж. Тиймээс Монголбанк болон Засгийн газар гурван их наяд төгрөгийн алдагдалд ороод байгаа юм.

Тус хөтөлбөр хэрэгжүүлж дуусаад даруй зургаан жил өнгөрсөн ч тус хөнгөлөлттэй зээлийн алдагдалыг Монголбанк, Засгийн газар хоёрын аль нь хүлээх нь тодорхой болоогүй байгаа юм.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.