Монгол Улс “Роснефть”-тэй ямар чиглэлээр хамтран ажиллах вэ
2018 оны 10 сарын 25

Засгийн газрын өчигдрийн /2018.10.24/ хуралдаанаар  “Роснефть” компанитай хэлэлцээр хийх асуудал яригджээ. Хэлэлцсэн асуудлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Засгийн газар “Роснефть” компанитай хэлэлцээр хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ талаарх бодит мэдээллийг өнөөдөр Засгийн газрын сайд нарт өглөө” хэмээн мэдэгдлээ.

Сайдын мэдээлж байгаагаар “Роснефть” компанитай урт хугацаанд хамтарч ажиллах тэр дундаа нефть боловсруулах үйлдвэрийн боловсруулсан түлшийг дамжуулах хоолой, онгоцны түлш нийлүүлэлт гэх мэт таван багц асуудлаар хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Иймд -50 хэмд нефть дамжуулах хоолой татаж байсан туршлагатай ОХУ-ын компанитай хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг чиглэлийг авлаа гэжээ.  “Роснефть”-тэй хамтран ажиллах гол чиглэлүүдээ сайд ийнхүү товчоор тодорхойлов.

“Роснефть”-тэй хамтран ажиллах тухай тодорхойгүй мэдээлэл үе үе дуулддаг. Бүр анхных нь гэвэл 2008 оны сонгуулийн дараа С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын үед  ийм өнгө аястай яриа хэсэгхэн шуураад намжсан.  Тухайн үед “Роснефть”  компани Мянганы зам дагуу 100 ширхэг шатахуун түгээх станц байгуулж,  зах зээлийн үнээс хямд үнээр бензин шатахуун нийлүүлэх тухай яригдаж байв.

Энэ яриа хэсэгтээ идэвхтэй байсан ч тэгсхийгээд намжиж, “Роснефть”  ч энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Гэхдээ үндэсний шатахуун нийлүүлэгч компаниуд энэ асуудлаар Засгийн газарт хүчтэй лобби хийж, монопол байдлаа хадгалж үлдсэн гэх байр суурийг зарим нэг нь илэрхийлж байсан юм даг. Ер нь “Роснефть” Монголын зах зээлийг сонирхож орж ирэх болон ашиг сонирхлоо илэрхийлсэн мэдээлэл  үе үе дуулддаг ч ажил болсон, албан ёсоор яригдсан эсэх нь тодорхойгүй байсаар өдийг хүрсэн. Хэрэв тус компани Монголд салбараа нээвэл бензин шатахууны үнэ зах зээлийн ханшаас 30 хувь буурна гэсэн тооцоолол ч байдаг.

Яг л ийм жишгээр энэ сарын эхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Роснефть” компанийн Ерөнхий захирал И.И Сечинтэй УУХҮЯ-ны сайд Д.Сумьяабазарыг уулзуулсан байна.Энэ уулзалтын хүрээнд “Роснефть” компанийн зүгээс Монгол Улсад өөрийн салбараа нээх хүсэлтээ илэрхийлсэн гэх мэдээлэл дахин чих дэлсээд буй. Энэ талаар “Буян”-гийн Д.Жаргалсайхан “Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Роснефть” компанийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа оросын талд илэрхийлсэн мэдээлэл байна” хэмээн жиргэж байв.

Мөн тэрбээр “Засгийн газрын зүгээс энэхүү мэдээллийг ихэд нууцалж байгаа бөгөөд монополь компаниуд нөлөөлөхөөр чармайж эхэлжээ. Дур зоргоороо авирладаг, Засгийн газраас татаас аваад сурчихсан нефть импортлогч компаниудын хандыг дарах болжээ” хэмээн цахим орчинд жиргэсэн.

Харин үүнээс хэдхэн хоногийн дараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Роснефть” компани Монгол Улсад орж ирэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн билээ.  Гэвч тус компанитай хамтын ажиллагааны хэлэлцээр хийх гэж байгаагаа өчигдөр мэдээллээ.

Монголын талаас тус компанид онгоцны түлш нийлүүлэх болон нефть боловсруулах үйлдвэр барихад хамтарч ажиллах саналыг тавиад байгаа аж. Ямартай ч ирэх сарын 15-ны дотор Монгол Улс “Роснефть”-тэй ямар чиглэлээр хэрхэн хамтран ажиллах нь тодорхой болох бололтой.

Монголын газрын тосны хэрэглээ хангамж одоогоор тус компаниас бараг 100 хувь хамааралтай байгаа. ОХУ-ын нефть хийн энэ компанийн хувьцааны  багцыг тус улсын Засгийн газар бараг дангаараа эзэмшдэг бөгөөд 2013 оноос эхлэн нефть үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон компаниудын нэг болсон. Өнгөрсөн жил “Эксперт” сэтгүүлийн судалгаагаар “Роснефть”-ийн үйл ажиллагааны цар хүрээгээрээ дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан билээ.  Нийтдээ 170 гаруй ажилтантай, жилдээ хэдэн арван тэрбум ам долларын боруулалт хийдэг энэ компанитай хамтран ажиллах нь  манай улсын хувьд  онцгой ач холбогдолтой байж таарна.

Эдүгээ бензин шатахууны үнийн өсөлт У.Хүрэлсүхийн Засгийн газрын “хоолойд тээглэсэн яс” болоод байгаа. Дэлхийн зах зээл дээр ирэх онд нэг баррель нефтийн үнэ 100-120 ам доллар болно гэсэн таамаг байна. Энэ өсөлт Монголын зах зээлд үнийн шуурга дэгдээх магадлал өндөр бөгөөд үүнийг намдаах аргыг эрх баригчид сүвэгчилж буй.

“Роснефть”-тэй хамтран ажиллахаар таван багц асуудлыг Монголын Засгийн газрын зүгээс бэлдэж байгаа юм байна. Эдгээр багцын нэг нь дээрхи үнийн өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн байгаасай гэсэн хүлээлт иргэдийн дунд энэ өдрөөс эхлэн бий болж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.