АТГ-ын даргын суудал УИХ-ын бүрэн эрхтэй тэнцлээ
2018 оны 10 сарын 30

Ерөнхийлөгчийн санал нь яг УИХ-ыг тараах  санал мөн үү? Олдсондоо өлдөхийн зовлонгоо давж чадахгүй яваа энэ УИХ-д сайн нэрээсээ муу нэр нь хавьгүй их.

-Хэзээ дуусах нь тодорхойгүй, “Савангийн дуурь” мэт болсон “60 тэрбум”-ын хэрэг,

-Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын биесээ тагнаж чагнасан гэх детектив зохиол,

-У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат хоёрын чуулганы танхим дахь хэрүүл,

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын Хотгор шанагын ордыг зарсан гэх дуулиан,

-Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон хүн амины хэрэг,

-Иргэдэд 20 хувийн хүүтэй олдохгүй байгаа зээлийг гишүүд, сайд нар нь 3 хувийн хүүтэйгээр хувааж авсан хуйвалдаан,

-Ерөнхийлөгчийн хэлснээр Засгийн газар нь гишүүдээ авлигадаж тойрогт нь 8 тэрбум төгрөг төсвөөс хуваарилсан,

-Л.Оюун-Эрдэнэ гишүүний зуны ганцаарчилсан улс төр,

-Хотын МАН тойрсон буюу Су.Батболд, Д.Сумъяабазар нарын талцал

-Хэзээ мөдгүй цацна, сонгууль дөхүүлж цацна гэх нэгэн бичлэгийн сураг,

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах амлалтаар бүрэн эрх нь эхлээд мөн энэ амлалттайгаа бүрэн эрх нь дуусах гэж яваа УИХ, Засгийн газрын бүтэлгүйтэл гээд тоочвол сөрөг хүчиндээ олз болох сонгуулийн гэх “Хавтаст хэрэг”, “Хар дэвтэр”-ийг МАН-ынхан өөрсдөө л хөтөлж, бичиж байна. Хэдий тийм ч энэ УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах хэмжээний үнэхээрийн бодитой шалтгаан, шаардлага бий юү? Энэ нь олон нийтийн хүлээлт үү, эсвэл ганцхан Ерөнхийлөгчийн хүсэл үү?  Хэрвээ УИХ-ыг тараах бодитой шалтгаан, шаардлага байхгүй гэвэл Ерөнхийлөгчийн санал нь АТГ-ын даргыг огцруулах түүний ээлжит улстөр гэж харах, хардах үндэстэй. Тэрбээр тангаргаа өргөснөөс хойш УИХ-ын даргад саналаа илгээж, АТГ-ыг даргыг өргөдлөө өг гэж шахаж, мөн нийгэмд АТГ-ын даргад нэр дэвшүүлэх санал асуулга явуулж, УИХ-ын ээлжит бус чуулганыг шаардаж байлаа. Энэ удаа харин АТГ-ын даргаа огцруулж чадахгүй бол түүнийг томилдог УИХ-ыг нь огцруулах санал гаргалаа. Энэ бол түүнд хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд  УИХ-ыг тараах шахалт дор АТГ-ын даргыг огцруулах зөвшилцлийг УИХ, УИХ-ын даргатай хийх боломжтой юм. Ийнхүү энэ УИХ-ын бүрэн эрх нь АТГ-ын даргын суудалтай эн тэнцлээ гэсэн үг.

АТГ-ын даргыг огцруулах, огцруулахгүйн тухайд хоёр хардлага бий. Ерөнхийлөгчийн зүгээс шударга ёс тогтоох гэхээр АТГ хөдөлж өгөхгүй байна гэдэг. Түүний зөвлөх Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа “Намайг АТГ, Ардын нам хоёр ажил хийлгэхгүй байна” гэж байв. Түүнтэй ижил үг.

Харин АТГ-ын даргыг огцруулахгүй тухайд УИХ-ын дарга М.Энхболд л ганцаараа дөргүй бух мэт хөндөлдөөд байгаа хэрэг биш л болов уу. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө тухайн үеийн Ерөнхийлөгчийн томилгоотой АТГ нь сөрөг хүчин болох МАН-ын хэд хэдэн улстөрчийг барьж хорьсон, шалгасан. Нэр дэвших магадлалтай олон аймгийн дарга хоригдсон, “Сод Монгол”-ын Анандбазарыг гэхэд нэр дэвших мандатаа аваад Бага хурлаасаа тараад гарахад нь хаалган дээрээс нь баривчилж байлаа. Сонгуулийн дараа тэд бүгд суллагдсан. Энэ түүх 2020 оны сонгуулийн өмнө давтагдах магадлалтай, Ерөнхийлөгч Х.Баттулга давтаж, АН-даа үйлчилж магадгүй гэсэн болгоомжлол МАН-д байгаа учраас л явж үзсэн замаараа ахиж явахгүйн тулд АТГ-ын даргыг огцруулахгүй гэж  байх талтай.

Улс төр хийх, маневрлах тал дээр Ерөнхийлөгч ба түүний багийнхан МАН-ынхнаас илүү байна аа. Тэд нийтийн бухимдал, нийгэмд нүүрлээд буй шударга ёсны болон эдийн засгийн ядуурал дээр тоглож ч, улс төр хийж ч чадаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс МАН-ыг, УИХ, Засгийн газрыг муухай харагдуулах, мууг нь илчилсэн олон ярилцлага өгсөн ч, эрх баригчдаас нэг ч удаа эерэг тайлбар хийсэнгүй. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьдын “жэнко” Х.Баттулга л гэж харж, үл тоох тусмаа улс төрийн рейтинг нь унаж байгааг тооцоолохгүй байна.  Гэтэл бодит байдал дээр, ялангуяа нийгмийн сүлжээнд  “женко” Х.Баттулга нь Ерөнхийлөгч Х.Баттулгаасаа илүү олон дэмжлэгтэй, дэмжигчидтэй. МАН-ын хувьд  Ерөнхийлөгч Х.Баттулгатай улс төр хийж, улс төр ярих нь  “женко” Х.Баттулгатай харилцахаас илүү үр дүнтэйг мэдрэхгүй байна гэхэд итгэмгүй л юм.  Гэтэл МАН ингэж чадахгүй бөгөөд ийм талцлын цаг үед, аль ч улс оронд эрх баригчид нь Ерөнхийлөгчийнхөө болон сөрөг хүчнийхээ хэлсэн үг, хийсэн алхам бүр дээр  улс төрийн дүгнэлт хийж, зөвлөх, хэвлэл нь зөв тайлбараа өгдөг. Их улс төр ингэж л явдаг. Жишээ нь, Ерөнхийлөгчийн өчигдрийн ярилцлагыг хариулах, нийгэмд залруулах, зөөлрүүлэх улс төрийг МАН-ынхан УИХ, Засгийн газар, бүлэг, намынхаа төвшиндөө хийж бэлтгэж байгаа эсэх нь тодорхойгүй. Чимээгүй байх нь дандаа ухаантай хариулт болохгүй л дээ. “Чимээгүй байх нь зөвшөөрсний тэмдэг” гэдэгтэй адил Ерөнхийлөгчийн санал, ярилцлагад улс төрийн тайлбар хийхгүй, нийгэмд хандахгүй байх нь нэг хэсэгт нь УИХ-ыг тараахтай санал нэгдэж байгаа мэт л харагдана.

Н.Энхбаяр, Н.Багабандийн “хүйтэн дайн”-ы үед тэдний аль алиных нь баг их улс төрийн зарчмаар л ажилладаг байсан. Нэг нь намын аппарат, УИХ, Засгийн газраа бүтнээр нь хөдөлгөж байхад, нөгөө нь С.Баяр, Ж.Пүрэв, Б.Даш-Ёндон, Б.Батхишиг, Р.Болд, Дашзэгвэ гээд үнэхээр мундаг зөвлөхүүдээ тулдаг байлаа. Сайн тал нь тэр үеийн Ерөнхийлөгч болон намын малгай доорхи УИХ, Засгийн газрын харилцан талцал, толхилцол нь ч энгийн нэгэнд ч төрийн ажил мэт ойлгогдохоор арай л эрэмбэ өндөртэй байж. Харин өнөөдрийн өндөр албан тушаалтнууд, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын талцал нь энгийн нэгний энгийн ухамсраас ч дор, замын хүний зугаа болох хэмжээний л хэрүүлийн шинжтэй явган, дуусдаггүй яриа мэт болжээ. Өөрөөр хэлбэл, хүний мөс чанар муудаад л байгаа гэдэгтэй адил төрийн өндөр албан тушаалтны эрэмбэ, ёс суратхуун, Монголын төрийн ярьдаг хэлэлцдэг сэдэв улам бүр л жижигрээд байх юм даа.

Г.ОТГОНБАЯР

Хариулт үлдээх

Your email address will not be published.