“УИХ-ыг тараах саналыг гишүүд ДЭМЖИХГҮЙ”
2018 оны 11 сарын 1

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-ын дарга М.Энхболдод албан хүсэлт хүргүүлээд байгаа. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ажлын тав хоногт багтаан Ерөнхийлөгчөөс ирсэн саналыг хэлэлцэх хуультай. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.

УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ:

-УИХ хуулийн дагуу ажиллаж байгаа. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцээд гишүүд шийдвэрээ гаргана байх гэж бодож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын гишүүд сайн ажиллаж байгаа.

-2016 оны УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн мэргэн сонголт хийсэн гэж би хувьдаа боддог. 2016 оны сонгуулийн жилд Монгол Улсын эдийн засаг хямарчихсан, олон улсын түвшинд улсын зээлжих зэрэглэл 0 түвшинд оччихсон гээд маш эрсдэлтэй үе байсан.

Санхүү эдийн засгийн ийм хүнд байдалд орсон Монгол Улс дампуурлаа зарлах уу гэдгийн өмнө нүүр тулчихсан байлаа. 2016 оноос өмнөх дөрвөн жилд гаднаас маш өндөр хүүтэй бондууд авсан. Үүнийгээ хяналтгүйгээр зарцуулж ирсэн нь дээрх хор уршгийг дагуулсан гэж хэлж болно. Уг нь авсан зээлээ хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ, яаж эргэн барагдуулах вэ гэдгээ олон талаас нь тооцох ёстой байсан ч тухайн үеийн засаг тэгж чадаагүй.

Монгол Улсыг нэг өрх айл гэж авч үзвэл тухайн өрхийн зарлага, орлогыг зөв төлөвлөх бодлого нь Монголын төрд бий. Иргэн ч гэсэн банкнаас өндөр хүүтэй зээл авч түүнийг үр ашиггүй зарцуулбал тэр хэрээр өөрөө л хохирдог. Яг үүнтэй адил өнгөрсөн хугацаанд Монгол Улс санхүүгийн зөв зохицуулалт төлөвлөгөөгүй явж ирсэн. Улмаар иргэд маань ажилгүй, орлогогүй, үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт нь уначихсан ийм л хүнд үе байсан. Тэгвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард түмэн сонголтоо хийсэн.

Сонголт нь өнөөдөр талаар болоогүй. Дампуурлын ирмэгт байсан Монгол Улсыг энэ парламент аварч чадсан. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх насны 1.2 сая орчим иргэн бий. Тэдний 80 гаруй хувь нь хувийн хэвшилд ажиллаж амьдрал ахуйгаа залгуулдаг. Эдийн засаг сэргэх хэрээр иргэдийн амьдрал сайжирна. “Иргэн баян бол улс баян” гэж мэргэн үг бий. Үүний төлөө УИХ үүргээ биелүүлж, сайн ажиллаж байгаа учир УИХ-ыг тараах үндэслэл байхгүй.

Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монголын төрд алдаа оноо байсан уу гэвэл байсан. Би хүлээн зөвшөөрнө. Өмнөх энэ алдаагаа засах зоригтой шийдвэрүүдийг УИХ тэр тусмаа МАН-ын 64 гишүүн гаргах нь чухал юм.

 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж

-УИХ-ыг тараах санал гаргах эрх Ерөнхийлөгчид бий. Харин шийдвэр гаргах эрх нь УИХ-д бий. Энэ асуудлыг УИХ-ын даргаас асуух хэрэгтэй. Тэр ЖДҮ-ийг тойрсон асуудал дээр хууль хяналтын байгууллагынхан ажиллаж эхэлсэн юм билээ. Шалгаж дуусаад, үр дүнгээ ярих байх гэж харж байна.

УИХ-ЫН гишүүн Н.Оюундарь

УИХ-ыг тараах эрх нь УИХ-д өөрт нь хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд УИХ тарна гэсэн хуулийн заалт бий. Өмнөх үеийн парламентуудтай одоогийн УИХ-ыг харьцуулахад сайн ажиллаж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ бүрдснээс хойших энэ хугацаанд бие даасан хуулийн төсөл, хуулийн нэмэлт өөрчлөлт зэргийг тоон дүнгээр авч үзвэл өмнөх парламентуудаас өндөр үзүүлэлттэй байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

-Нэгэнт УИХ-ыг тараах асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан учраас УИХ хэлэлцэнэ. Гэхдээ хувь гишүүнийхээ хувьд Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй. Бид дээрээсээ эхлээд доошоогоо хүртэл бүгд хуулиа баримталдаг систем рүү орох ёстой

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат

-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ыг тараах асуудлаар УИХ-ын даргатай зөвшилцөж болно. Гэхдээ УИХ-ыг тараах асуудлаар АН өнөөдөр ямар нэгэн мэдээлэл аваагүй байгаа. Мэдээж үүнийг судлах шаардлага үүсэх байх. Гэхдээ үүнийг УИХ-д орж ирж байгаа асуудал гэж бодохгүй байна. Эхлээд УИХ-ын даргатай зөвшилцөх байх гэж бодож байна. Зөвшилцсөний дараа УИХ руу энэ асуудал орох уу, үгүй юу гэдэгт АН ярьж байгаад шийдлээ гаргана”

УИХ-ын гишүүн, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн

-Би УИХ-ыг тарах шаардлага үүсээгүй гэж харж байгаа. Энэ нь ард түмний сонголт. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал УИХ-ыг тарах хэмжээнд хүргээгүй байна. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудал ярьж байгаа юм билээ. Жишээ нь, Хөвсгөл аймаг дээр байгаа бүх хөрөнгө оруулалтуудыг над дээр тавьчихвал нэлээд хэдэн тэрбум болох нь тодорхой. Өмнө нь 1 тэрбумыг өгчихөөд, янз бүрээр хуваарилдаг байсан нь үнэн. Гэхдээ энэ бол өөр. Ихэнх хөрөнгө оруулалтаар одоо сургууль цэцэрлэг л барьж байгаа. Жил бүр л сургууль, цэцэрлэг барих зардал тусч байдаг. Ер нь хараад байхад Ерөнхийлөгч зарим асуудал дээр бухимдсан бололтой байна лээ.Төрийн хариуцлагын тогтолцоо гэж юм байхгүй болчихоод байна. Тиймээс бухимдсан байж болох юм. Би өмнө нь УИХ-д сууж байсан. Өнөөгийн парламент өмнөхөөсөө дордсон зүйл байхгүй. Энэ чинь төр. Төрөөрөө бас тоглоод байж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

-Төрийн бодлого хэдий чинээ тогтвортой тэр хэрээрээ эерэг үзүүлэлтүүд гарч эхэлдэг. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргалаа. Хэрвээ улс орны ирээдэй хойч, хэтийн төлвийн төлөө үнэхээр тарах ёстой бол тэгье, бүгд тарцгаая. Ерөнхийлөгч өөрөө ч үлдэх зүй тогтол байхгүй. УИХ-ыг тараах эрх УИХ-д байгаа. Алс ирээдүйгээ бодож байвал УИХ ч тэр, Ерөнхийлөгч ч тэр тарах ёстой. Харин тарахынхаа өмнө ирээдүй хойчийнхоо төлөө Засаглалын хэлбэрээ тодорхой болгох, Засаглал руу шилжих Үндсэн хуулийн зөвшилцлийг хийгээд он гараад тарчихаж болно. Түүнээс би УИХ-ыг тараалаа. Тарахгүй бол гадаа гарч өлсгөлөн зарлалаа гэвэл энэ нь жинхэнэ төлөөллийн ардчиллын зарчмыг хөндөж байгаа асуудал юм.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Ерөнхийлөгч УИХ-ыг саналаараа тарах бичгийг УИХ-д даргад өргөн барьсан байна лээ. Албан бичигтээ хоёр үндэслэл дурдсан байна. Нэгдүгээрт, Улсын төсөвтэй холбоотой. Төсөв хэлэлцэж байх үед гишүүд хэтэрхий их тойргийн асуудал тусгасан байна гэдэг агуулга харагдаж байна лээ. УИХ-ын онцгой бүрэн эрх улсын төсөв батлах. Улсын төсвийн тухай хууль. Тэр агуулгаараа УИХ-ын гишүүд ажлаа хийж байна. Хууль батлаж байна. Аль ч хуулийг батлахад бүх талаас нь ярьдаг. Өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлдэг. Мандатаар сонгогдсон гишүүд өөр өөрсдийнхөө тойргийн асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө энэ асуудлыг хөндөж гаргадаг. Тиймээс гишүүд хууль зөрчсөн гэж бодохгүй байна”

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир

-УИХ бол 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн. Маш хүн байдалтай байсан улс орны эдийн засгийг өөд нь татаад явж байгаа. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналуудыг УИХ аль болох дэмжээд явдаг. Оруулсан санал бүрийг нь унагаад байгаа асуудал байхгүй. Хууль бусаар засгийн эрхийг авах асуудал огт байж болохгүй. Үүний цаана монголын ард түмний амьдрал бий. Монгол улсын хувь заяа, эдийн засгийн хөгжлийн асуудал бий.  Тиймээс Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

УИХ-ыг тараах эсэх асуудлаарх яриа цаашаа нэлээд хөвөрнө гэж би хувьдаа харж байгаа. С.Жавхлан гэдэг бие даагч гишүүний хувьд энэ асуудлаар байр суурь илэрхийлэхэд эрт байна. Ерөнхийлөгчийн бичигт УИХ-ын дарга байр суурьтай хандах юм. Шууд буцаах юм уу эсвэл УИХ-аар хэлэлцүүлэх юм уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Ер нь УИХ маш муу ажиллаж байгаа нь үнэн. Гол нь УИХ-ыг тараах асуудал дээр энэ олон хулгайч гишүүд юу гэж ярих нь сонин байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.