Хоёрдогч зах зээл хөрөнгө оруулагчдад илүү хожоотой
2018 оны 10 сарын 31

Тамхиныхаа мөнгөөр саятан болох боломжийг зөвхөн хувьцаа олгодог-

 

Тамхиныхаа мөнгөөр тэрбумтан болсон залуугийн тухай та өмнө нь сонсож байсан уу. Энэ залуугийн түүх бол Өмнөд Солонгосоос төрсөн 50 дахь тэрбумтны бодит түүх юм. Тэр залуу 26 нас хүртлээ тамхи татдаг байсан бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам өдөрт татах тамхиных нь тоо нэмэгдэж байв. Тэр үүнийгээ нэг л өдөр ухаараад зогсохгүй тамхинаас гарахаар эрс шийджээ. Гэхдээ тэр тамхиныхаа мөнгөөр хувьцаа авч байхаар өөртөө амласан юм. Учир нь тэр нэг тамхи татахдаа нэг хувьцааны үнэ үгүй хийж байгаагаа ойлгосон хэрэг. Ингээд өдөр бүр тамхи авах мөнгөө хуримтлуулан хувьцаанд хөрөнгө оруулалт хийж, үнэт цаасны зах зээлийн тухай мэдээллийг цаг алдалгүй сонсдог болов. Энэ нь цаашдаа улам сонирхлыг нь татаж, хөрөнгийн зах зээлээр өөрийнхөө хэмжээнд илүү мэргэшиж, хувьцаанд хөрөнгө оруулдаг болжээ.

Түүний энэ цөхрөлтгүй хичээл зүтгэл нь удалгүй тэрбумтан болгосон байдаг. Та үүнийг уншаад миний хувьцаа аваад тэрбумтан болох ч дээ гэж өөрийгөө чамлах маягтай бодсон ч байж магадгүй. Хэрэв тийм бол энэ бодлоо толгойноосоо хурдан авч, харин би яагаад тэрбумтан, үгүй юм гэхэд хувьцаанаас саятан болж болохгүй гэж. Ингэж нэг бодоод үзээрэй.

Хувьцаагаар баяжсан хүмүүсийн түүх цөөнгүй бий. Ялангуяа дэлхийн хэмжээнд авч үзвэл дийлэнх чинээлэг эрхмүүд хувьцаанаас, хөрөнгийн зах зээлээс өөрсдийн амьдралаа сэтгэл зовох зүйлгүй аваад явчих хэмжээний хуримтлал үүсгэж  чадсан байдаг. Тухайлбал, Жорс Сорос. Банкны хувьцаагаар тоглон баяжсан түүний талаар “Гүүглэ” дотор хангалттай их мэдээлэл байгаа. Тэндээс авах зүйл их.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэр өнгөлдөггүй. Гэхдээ энэрэнгүй үйлстний жагсаалтыг тэр байнга тэргүүлдэг. Дараагийн хувьцаанаас эхэлсэн хөрөнгөтөн бол Уоррен Баффет. Түүний нэр хөрөнгийн зах зээлд домог. Дэлхийн хамгийн одтой хөрөнгө оруулагчдын нэг тэрбээр хар багаасаа энэ зах зээл рүү орж ирсэн байдаг юм.

Уоррен хөрөнгө оруулах ажлаа 11 настайгаасаа эхэлсэн гэдэг. Тэр үед “City service” компанийн гурван ширхэг хувьцааг 30 ам.доллараар худалдан авч, эгчтэйгээ хамтран эзэмшжээ. Тэрхүү гурван ширхэг хувьцаа нь 27 доллар болтлоо унасан ч удалгүй 200 болж өссөн гэдэг. Энэ бол түүний хөрөнгийн зах зээл дээрх анхны сургамж бас дараа дараагийн шинэ хөрөнгө оруулалтын эхлэл нь болсон байдаг юм.

Түүний бага насны тухай товчхон өгүүлье. Үеийнхэн нь эцэг эхээсээ халаасны мөнгө авч байхад харин бяцхан Баффет айл айлын хаалга тогшин бохь, кола заран анхныхаа орлогыг олдог байжээ. Ийнхүү зургаан настайдаа анхны намайгаа эхэлсэн түүхтэй. Тэр өвөөгийнхөө хүнсний дэлгүүрээс зургаан ширхэг ундааг 25 центээр худалдаж аваад 30 центээр зардаг байсан байна. Одоогоос 80 жилийн тэртээх таван цент өдгөө 50 тэрбум ам.доллар болтлоо өсчээ. Үүний нууц нь хувьцааны хөрөнгө оруулалт байсан юм.

Дэлхийн хуримтлалын өдөр өнөөдөр тохиож байна. Хувьцаа бол хуримтлалын нэг хэрэгсэл. Мөнгө таны өмнөөс өдөр, шөнөгүй ажиллаж байх ёстой. Тэгвэл энэ үүрэг роль хувьцаанд илүү шингэсэн байдаг юм. Тиймээс ч хөгжиж буй болон хөгжингүй орны иргэд компанийн хувьцаанд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

Тэд ашиг бас урт хугацааны тогтвортой өсөлтийг эндээс хүлээдэг. Ингэж хувьцаанд оруулсан мөнгөө хэд нугалах эсвэл алдагдал хүлээх эрсдэл, боломжийн өмнө бэлэн байдаг. Угаасаа хувьцааны онцлог нь энэ. Компанийн засаглал сайжирч, ил тод байдал дээшилж, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг болсноор хөрөнгийн зах зээлд шинээр орж ирж буй компаниудын чанар чансаа нэмэгдэж, босго өндөрсөж байна. Энэ хэрээр эрсдэл багасаж байгаа хэрэг юм.

Хувьцаа бол бондтой харьцуулахад эргэн төлөгдөх нөхцөлгүй. Харин ногдол ашиг авна. Хувьцааны үнийн өсөлтөөс өгөөж хүртэнэ. Тухайн компани оршин тогтнох бүхий л хугацаанд хувьцаа хүчин төгөлдөр. Мөн хурдан зарагддаг буюу хөрвөх чадвар сайтай. Тэрчлэн хоёрдогч зах зээл дээр арилжаалж болдог. Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлээс гадна хоёрдогч зах зээлээс ашиг олох боломжтой гэж үздэг.

Энэ боломжийг манай улсын иргэд төдийлэн ашигладаггүй. Тэрчлэн зөвхөн анхдагч зах зээлийн арилжаанд хошуурах хандлага одоо давамгайлж байна. Хоёрдогч зах зээл дээр хувьцаа эзэмшигчдийн хооронд арилжаа явагдаж, хэлцэл хийгддэг.

Өөрөөр хэлбэл, Батаагийн компанийн хувьцааг худалдаж авсан байгууллага, хувь хүн өөр нэгэн байгууллага, хувь хүнд хувьцаагаа зарахыг, эсвэл худалдан авахыг хоёрдогч зах зээл гэж нэрлээд байгаа юм. Хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн эрхмүүд хувьцааны ханш унаж байхад хөрөнгө оруулалт хийж, өөрийн багцаа нэмэгдүүлсэн байдаг. Харин манай улсад хувьцааны ханш өсөж байхад хөрөнгө оруулалт хийснээр алдагдал хүлээх нь бий.

Б.БАЯРЖАРГАЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.