Төвийн бүсийн аймгууд эдийн засгийн хэлхээ холбоонд түшиглэн хөгжинө
2018 оны 11 сарын 1

-Ганцаарчилсан “тоглолт”-оос багийн “тоглолт”-руу шилжиж байна-

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд улсын хэмжээнд энэ оны есдүгээр сарын үзүүлэлтээр 34 мянгад хүрээд байна. Энэ бол Үндэсний статистикийн хорооноос гаргасан албан ёсны мэдээлэл. Ажилгүй байгаа иргэдийн 16 хувь буюу 3.9 мянга нь төвийн бүсэд амьдарч байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төв цэг нь болсон энэ бүс нутагт зөвхөн бүртгэлтэй байгаа ажилгүй хүний тоо дээрх хэмжээнд байгаа нь яах аргагүй чих сортойлгох аж. Сарын өмнө гаргасан статистикаас төвийн бүсийн аймгуудын өнөөдрийн ерөнхий дүр зургийг тоймлож болохоор.

Ажилгүйдэл төвийн бүсээр зогсохгүй үндэсний хэмжээний асуудал болж хувирсан. Гэхдээ аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цар хүрээ, шинжлэх ухаан техникийн хөгжлөөрөө энэ бүс бусад бүсүүд дотроо тэргүүлэгч нь атлаа ажилгүйдэлд бууж өгчээ.

Төмөр зам болон авто замтай. Авто замаар нь зүүн болон баруун, хангай, говийн бүсийнхэн зорчдог. Төмөр замаар дамжуулан хойд, өмнөд хоёр хөрш улстайгаа манай улс харилцаж, экспорт, импортын ачаа барааг тээвэрлэж байна.

Эдийн засгийн газарзүйн тохиромжтой энэ байрлал нь төвийн бүсийн давуу болж ирсэн. Одоогийн байгаа нөөц, боломж, өмнөх нийгмээс үлдсэн баялаг нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр аймгийг он удаан жилээр тэтгэж, тэжээж яваа.

Дэд бүтцийн зангилаа болсон төвийн бүсийн аймгууд зах зээлийн эдийн засагт шилжсэн ч уурхайтай, үйлдвэртэй үлдсэн. Энэ баялаг нь орон нутгийн иргэд ажилтай, орлоготой, эдгээрийг түшсэн хувийн хэвшил тогтвортой үйл ажиллагаа явуулах баталгаа болж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил болгон аймгуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлэдэг. Уг тайлан гараад зургаан жил болж байна.

Энэ хугацаанд Зүүн, Хангай, Говийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулганыг тухайн орон нутагт тус судалгааны төвөөс санаачлан зохион байгуулжээ. Тэгвэл төвийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган Дархан-Уул аймагт сая анх удаа боллоо.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, одоо Монгол Улсад хөтөлбөр нь хэрэгжиж байгаа ОУВС үргэлж манай төр засагт эдийн засгаа төрөлжүүлж, нэг салбараас хэт хараат байдлаа багасга гэж хэлдэг. Тэдний яриад байгаа олон тулгуурт эдийн засгийг бий болгох боломж нь 21 аймаг болж байна. Аймгуудаа бүсээр нь авч үзвэл төвийн бүсийнхэн энэ дотор ялгарах зүйл ихтэй. Тухайлбал, Дархан-Уул аймгийг авч үзье. Хүн ам олонтой, эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн. Үүнийгээ түшиглэн хотын хэмжээнд хөгжих боломжтой гэж өөрсдөө ч үздэг. Энэ байдалд нь төр захиргааны статус, төсвийн эрх мэдэл нөлөөлж байна гэдэг.

Төвийн бүсийнхэн Дархан хотод бүтэн өдрийн турш чуулж, аймгуудынхаа өрсөлдөх чадварыг ахиулах боломжийг эрэлхийлсэн юм. Тэд ганцаарчилсан “тоглолт”-оос багийн “тоглолт”-руу шилжиж байна. Тэгвэл илүү хүчтэй, илүү хурдан хугацаанд нэгнээ нөхөж, хамтарч хөгжих боломжтойг дор бүрнээ олж харжээ.

Зөвхөн манай аймаг гэж ярих бус бүс нутгийн бэрхшээл, сорилт түүнийг шийдэх гарцыг ярьж байна. Аймгаа “гоё” болгох талаар өмнө нь гаргасан хөгжлийн хөтөлбөр, бодлогоо хоорондоо уялдуулж, аймаг болгонд нэг ижил төрлийн үйлдвэр байх шаардлагагүй гэдэг дээр хүртэл санал нийлсэн юм.

Улаанбаатар дахь Их, Дээд сургуулийг Дархан-Уул, Төв, Говьсүмбэрт шилжүүлье

“Өнөөдрийн шийдвэр-Ирээдүйн хөгжил” уриан дор болсон төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган үндсэн таван хэлэлцүүлгээс бүрдсэн. Түүний нэг нь “Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн боломжууд” сэдвээр үргэлжилсэн юм.

Тус хэлэлцүүлэгт оролцсон Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат “Манай бүс нутагт өргөн боломж байна. Харин үүнийг бодит ажил болгож, үр дүнд хүргэхэд бидний хамтын ажиллагаа чухал болж байна. Дархан-Уул аймгийн хувьд бизнесийн орчин, засаглал, дэд бүтцийн үзүүлэлтээр өндөр оноо авч ирсэн. Харин оноо алдаж байгаа үзүүлэлт гэвэл эдийн засгийн тамир тэнхээ. Үүнийгээ сайжруулах хэрэгтэй байна.

Манай аймаг Улаанбаатар хотын ачааллыг бууруулах үүднээс үйлдвэрүүдийг өөрийн нутаг дэвсгэрт хүлээж авах сонирхол маш өндөр байгаа. Бидэнд ажиллах хүч, нийгмийн дэд бүтцийг нь бий болгох боломж байна.

Аймгийн хэмжээнд гэхэд 10 их, дээд сургуулийн салбар байна. Монгол Улсад байдаг хөдөө аж ахуйн хоёр том цогцолбор нь байна. Өөрөөр хэлбэл, боловсон хүчин, эрдэм шинжилгээний байгууллага, нийгмийн дэд бүтэц бэлэн байна” гэв. Төвийн бүсийн аймгууд Улаанбаатарын хэт төвлөрөл, хүн амын бөөгнөрөлийг задлах үүднээс их, дээд сургуулийг чиглэл чиглэлээр нь төрөлжүүлж, Дархан-Уул, Төв, Говьсүмбэрт шилжүүлэх санал гаргаж байна.

Ази, Европыг холбосон Монголын төмөр зам энэ бүсийг дайран өнгөрдөг. Төвийн бүсийн аймгууд замын сүлжээний хангамжийн үзүүлэлтээр Баруун бүсээс 12.3 дахин, Зүүн бүсээс 2.5 дахин, Хангайн бүсээс 1.8 дахин илүү. Үүнийгээ ч тэд мэддэг бас үүндээ ч эрддэг тал бий. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Төвийн бүсийн аймгуудад дэд бүтэц, зам харилцаа харьцангуй сайн хөгжсөн.

Монгол Улс тээвэр ложистикийн гол тэнхлэг болон авто зам, төмөр замын гол сүлжээний дагуу оршдог тул үйлдвэрлэлийн голлох бүс нутаг болдог” хэмээн онцолсон юм. Тухайлбал, Дархан-Уул аймаг 2017 оны байдлаар өрсөлдөх чадвараараа 21 аймгаас хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Тус аймагт бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой бол ажилгүйдэл харьцангуй их байна.

Эрчимжсэн мал аж ахуй бас аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэв

Бүсийн нэг тулгуур төв нь Зуунмод хот. Төв аймгийн хувьд эдийн засгийн идэвхтэй хүн ам хамгийн их, ажиллах хүчний оролцооны түвшин ч тэр хэрээр өндөр. Эдгээрээр аймгуудаа өнгөлөх боловч бизнесийн үр ашгийн үзүүлэлтээр сүүл мушгиж байна.

Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат “Өрсөлдөх чадвараа өнөөдөр ахиулахаар ярьж байгаа нь ахиц, дэвшил. Төвийн бүс дэд бүтэц сайтай ч аймаг хоорондын авто замын аюулгүй байдлыг хангахад анхаарч байж аялал жуулчлалын талаар илүү эрчимтэй ярих хэрэгтэй болж байна. Ижил төрлийн үйлдвэрлэл явуулж буй аймгууд нэгнээ нөхөж, ажиллах хүчээ солилцох байдлаар хамтарч ажиллах нь үр дүнтэй.

Мах, сүү, хүнсний ногооны чиглэлээр ажиллах хувийн хэвшлийг манай аймаг илүү дэмжинэ. Би хувьдаа уул уурхайг хөгжил гэж боддоггүй. Манай аймагт гэхэд үйл ажиллагаа явуулж уул уурхайн линцензтэй компаниудын дийлэнх нь Улаанбаатарт бүртгэлтэй. Татвар, хураамж нь орон нутагт төвлөрдөггүй. Тэгсэн мөртлөө нийгмийн үйлчилгээгээ манайхаас авч байгаа” гэв.

Шивээ-Овоогийн нүүрсний ил уурхай түшсэн Говьсүмбэр аймаг өрсөлдөх чадвараар есдүгээрт эрэмбэлэгдсэн. Европ-Дорнод Азийг холбосон Улаанбаатар төмөр замтай, төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээн холбогдсон тус аймаг онцгойрох давуу тал ихтэй ч зах зээлийн багтаамж хамгийн бага байна.

Тус аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам “Аймгууд хамтарч аялал жуулчлалаа хөгжүүлэхээс гадна хөдөө аж ахуйн салбарт малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэ хүрээнд бүс нутгаараа хамтрах нь илүү үр дүнтэй. Өрсөлдөх чадварын судалгаанд анализ хийж, өөрсдийн сул талаа засахад анхаарч байна” гэлээ.

Төвийн бүсийн хамгийн ашигтай байрлалтай аймаг бол Сэлэнгэ. Төмөр зам, авто зам, усан зам аль аль нь тус аймагт бий. Тийм боловч өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тааруухан үнэлгээтэй явна. Бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой хэлэлцүүлэгт оролцсон Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа “Манай аймагт газар тариалан, уул уурхай, мал аж ахуйн зэрэгцэн хөгжиж ирсэн. Гэхдээ газар тариалан давамгайлдаг. Засгийн газраас Сэлэнгэ аймгийн 56 багийн 44-ийг нь газар тариалангийн бүс болгосон.

Энэ утгаараа бэлчээрийн төлбөр буюу малын хөлийн татвар авдаг болохоор орон нутгийн зүгээс саналаа салбарын яамд хүргүүлсэн. Малын хөлийн татвар орон нутагт үлдэх ёстой. Эндээс худаг ус гаргах болон малчдад чиглэсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх юм. Бүсийн хөгжлийг өнөөдөр цагаа олж ярилаа. Үүнд олзуурхаж байна. Газар тариалангаас гадна эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд орон нутгийн зүгээс анхаарч байна” гэсэн юм.

Алтанбулагийн чөлөөт худалдааны бүсийн үйл ажиллагаа жигдэрч, ОХУ-аас манай улсад тавих татварын өндөр тарифыг харилцан тохиролцож, улмаар бууруулж чадвал Сэлэнгэ аймагт үүний ашиг тус хамгийн хурдан мэдрэгдэх учиртай. Тэрчлэн төвийн бүсийн аймгуудаасаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой.

Улаан-Үд, Итгэлт хамбыг зорих манайхаас чиглэсэн жуулчдын гадагшлах урсгал сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж байгаа. Хэдий тийм боловч Сэлэнгэ аймаг энэ дундаас нь ашиг олж байгаа юу гэвэл үгүй. Тэгэхээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх шаардлага нэн тэргүүнд тус аймагт тулгарч байна гэсэн үг. “Утаагүй үйлдвэрлэл”-ийг хөгжүүлэх боломжоо одоо “чулуу” болгох үлдээд байна. Монголбанкинд өнгөрсөн онд 20 гаруй тонн алт дотоодын аж ахуйн нэгж болон иргэд тушаасан. Тэгвэл үүний есөн тонныг Сэлэнгэ аймгаас тушаасан байдаг юм.

Гадаад зах зээлд гарах боломж

Төвийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулганы хоёр дахь хэлэлцүүлэг дээрх сэдвийг онцолсон юм. Үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ тээвэрлэх дэд бүтэц, экспортлох хилийн боомт нь байна. Өртөг багатай тээвэрлэх боломж төвийн бүсийн аймгуудад хамаагүй илүү байгаа юм. Тэрчлэн цаг хугацаа хэмнэх болон байгаль, цаг уурын эрсдэл төмөр замтай учраас тэр хэрээр буурч таарна. Тус хэлэлцүүлгийн үндсэн итгэлийг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх Б.Дашдорж хэлэлцүүлсэн юм.

“Хэмжиж чадвал хянаж чадна, хянаж чадвал удирдаж чадна” гэж чуулганы нээлтийн үгэндээ П.Цагаан дарга тодорхойлсон. Өрсөлдөх чадвар бол хөгжих чадвар. Хөгжихийг хүсэж байгаа хэн ч өрсөлдөх чадвараа сайжруулахаас өөр хувилбар, сонголт алга.

Бидний жишээ авдаг, тийм л болохсон гэж хүсэж мөрөөддөг дэлхийн улс онууд хөгжиж, дэвжихийн тулд хувийн хэвшилдээ итгэсэн шиг итгэж, байгаа боломжоороо дэмжсэнд нууц нь оршдог. Тэр дэмжлэг нь зээл, татварын бодлого, төрийн албаны хүнд сурталгүй үйлчилгээ, дарамт шахалтгүй хяналт шалгалтаас эхэлсэн байдаг. Ийм дэмжлэгийг төвийн бүсийн бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хүсэж байна.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хуурай үгээр бус судалгаанд суурилсан, олон улсын онол арга зүйд нийцсэн 180 үзүүлэлтээр хэмждэг тайланг Монголд, ялангуяа аймгуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа олон улсын байгууллагууд хамгийн эхэнд харж, өөрсдийн ажилд ашиглаж даджээ. Ийм байгууллагын нэг нь Конрад-Аденауэр сан.

Тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч энэ тухай тэмдэглэсэн юм. Өрсөлдөх чадвартай аймгаас ахиад өрсөлдөх чадвартай бүсийн хөгжлийг энэ удаагийн чуулган илүү онцоллоо. “Шинжлэх ухаанд итгэж, шинийг санаачлахгүйгээр хөгжих тухай бодоод ч хэрэггүй” гэж чуулганаас олж сонссон үгээр нийтлэлээ энэ хүрээд жаргаая.

Б.БАЯРТОГТОХ

 

 

 

 

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.