Чуулган: 2019 оны төсвийг баталлаа
2018 оны 11 сарын 2

2018-11-02-Улс төр

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлж, асуултдаа хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга, хариуцлагыг сайжруул гэдэг саналыг тавьдаг юм билээ. Тэр бол зөв зарчим л гэж би хувьдаа бодож байна. Энэ жилийн хөрөнгө оруулалтууд зураг төсөвгүй гэдэг зүйлүүдийг маш их ярьж, шүүмжилж байна. Төсвийн байнгын хороо зураг төсөлгүй гэдгийг тодруулж үзсэн үү” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Төсвийн хэлэлцүүлгийн үеэр зураг төсөвгүй төслүүдэд хөрөнгө оруулалт хийх гэж байна гэж шүүмжилсэн. Гэхдээ ажлын хэсэг дээр жишиг зургаар хөрөнгө оруулалт хийгээд явна гэсэн зарчмын дагуу ажилласан” гэсэн юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт “2016 оны УИХ-ын сонгуулиар олонх болсон МАН хоёр жилийн хугацаанд сайн ажилласан гэсэн үзүүлэлт байна. төсвийг нэгтгэж чадсан, сахилга батыг сайжруулсан, зээлийн хүүгийн зардлыг бууруулсан зэрэг ололтой талууд бий. Цаашид улсын төсвийн орлогоо бүрдүүлэхдээ онцгой анхаарах, валютын эх үүсвэрээ нөөцлөх, нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг буулгахгүй байхад онцгой анхаарах ёстой. Монгол Улсынхаа үндэсний онцлогийг харуулсан орлогодоо анхаарах ёстой юм шүү. Бусад орны туршлагатай уялдуулж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаарай.

Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа хуулийн төслүүдийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, зүйл, заалт бүрээр нь санал хураалаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуулийн заалттай. Засгийн газраас ирэх долоо хоногийн пүрэв, баасан гаригуудыг амралтын өдөр болгосон учраас ийнхүү төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90,5 хувийн саналаар баталлаа.

Х.ИНДРА

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.