О.Баасанхүү: Би Засгийн газрыг огцортол нь шахалт үзүүлнэ
2018 оны 11 сарын 2

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2018.11.02/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Төсөв батлах цагаар Ардчилсан нам ажил хаялаа. Үүнээс болж парламент хяналтгүй боллоо. Хяналтгүй болсныг далимдуулж өнөөдөр Захиргааны шүүхийг татан буулгах хуулийн төсөл орж ирлээ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд Засгийн Газрын шийдвэр, шийдвэрийг биелүүлж буй аймаг, нийслэлийн Засаг даргын аливаа шийдвэрийг Захиргааны шүүхээр авч хэлэлцэхгүй болж байна. Энэ заалт нь маш хортой үр дагавартай. Төрийн өмчийн дарга, прокурорын орлогч УИХ-ын гишүүд ЖДҮДС-аас зээл авсан. Үүнд хэн нэгэн иргэн гомдол гаргах эрхгүй юм байна. Дээрээс нь иргэдийн газрыг албадан авбал гомдол гаргах эрхгүй болж байна. Өөрөөр хэлбэл хуучнаар газар чөлөөлөлттэй холбоотойгоор хүмүүс нийслэлийн Засаг даргын, Засгийн газрын тусгай зээлийн асуудлаар гомдол гаргаж дахин шийдвэрлүүлэх эрх нь хаагдаж байгаа юм.

Би үүнийг улайм цайм луйвар гэж харж байна. Миний зүгээс үүнийг хойшлуулж өгөөч, АН-ыг орж ирэхээр тал талаасаа хэлэлцье гэдэг санал тавьсан боловч харамсалтай нь хүлээж авсангүй. Хэрвээ ингэж батлах юм бол бид ардчиллаас бүрэн ухарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан Засгийн бүрэн эрх ард түмний гарт гэсэн заалт буюу ард түмэн Засгийн газрын дээр байж шүүхээр аливаа асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь мөн Үндсэн хуульд заасан “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй бөгөөд эрх зүйн этгээд байна” гэсэн заалт зөрчигдөнө. Өнөөдөр засгийн бие даасан хаант улстай болох бүтцийг явуулж байгааг би эсэргүүцэж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасахүү мөн ЖДҮДС-ын зээлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Ганцхан Б.Батзориг гэдэг хүн огцрох ёсгүй. Хэд хэдэн сайдыг огцруулах ёстой. Зээл авсан хүн нь огцрохгүй өгсөн хүн нь огцорно гэдэг юу гэсэн үг вэ. Энэ утгаараа Я.Содбаатар сайд огцрох ёстой. Дээрээс нь эрчим хүчийг хэд хоногоор тасалсныхаа хариуцлагыг хүлээж Эрчим хүчний сайд огцрох хэрэгтэй. Шатахууны үнэ хэрээс хэтэрлээ. Шатахууны үнийг буулгаж чадахгүй бол чаддаг хүнээр нь сайд хийлгүүлэх хэрэгтэй. Өнөөдрөөс би Засгийн газрыг огцортол нь шахалт үзүүлнэ” гэв.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.