МАН: УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
2018 оны 11 сарын 6

2018-11-06-Улс төр


УИХ дахь МАН-ын бүлэг /2018.11.06/-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын хүсэлтийг хэлэлцэн түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн улс төрийн шийдвэр гаргалаа.

Шийдвэрийн талаар ХЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг хуулийн байгууллага оруулж ирвэл бүрэн эрх түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ хэлэлцэх ёстой. Прокуророос арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын гишүүн Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг оруулж ирсэн. Дэгийн тухай хуулиар Халдашгүй байдлын дэд хороо, дараа нь ХЗБХ-оор асуудлыг хэлэлцэж дарааллын дагуу чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Б.Батзориг сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг олон агентлагт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байдаг. Энэ сантай холбоотой үйл ажиллагааны хүрээнд сайд ёс зүйн хариуцлага хүлээж өөрөө өргөдөл өгч сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Гэмт хэргийг шалгах процесстой холбоотой асуудалд өөрөө ямар нэгэн байдлаар татгалзсан, хориглосон үйлдэл байхгүй. Нэг удаа гэрчээр асуугдсан. Хуулийн байгууллагын шалгах процесст сайдын хувиар оролцох ямар ч боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, хэрэг шалгах процесст хөндлөнгөөс оролцох боломжгүй болсон гэж олонх гишүүд үзсэн” гэв.
Харин сэтгүүлчдийн бүлэг олонхиороо гишүүнээ авч үлдэж байна уу гэсэн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Б.Батзоригийг авч үлдэж шалгуулахгүй гэсэн зүйл байхгүй. Хууль хяналтын байгууллага шалгахад ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хэзээ ч дуудсан очоод байцаалтаа өгөх бүрэн боломжтой учраас заавал түдгэлзүүлээд шалгах үндэслэлгүй гэж бүлгийн гишүүд хэлэлцсэн” гэлээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.