УИХ Б.Батзоригийг гишүүнээр нь авч үлдлээ
2018 оны 11 сарын 7

2018-11-07-Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан “Батжаргалын Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа хоёр удаагийн тушаалаар ЖДҮ-ийг дэмжих сангаас 99.5 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргаж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

Иймд Улсын ерөнхий прокуророос 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гаргасан” хэмээн УИХ-д танилцуулаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг хүссэн юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдлээ. Иргэдийнхээ гомдол цөхрөлийг яаж сонсдог юм болоо. УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы танхимаас байнга ард түмнийг буруу зүйлд турхирсан зүйл ярьж байх юм. Үнэхээр харамсалтай байна. Хөгжлийн банктай холбоотой хэрэг хаана явна вэ”

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгаад шүүхэд шилжүүлээд мөрдөн байцаалтад буцаагаад дахиад шүүхэд шилжүүлчихсэн байгаа”

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хэрэг шалгахдаа хэдэн жил шалгаж уддаг хэрнээ нэг, хоёр сайдын огцруулах болохоор ямар хурдан оруулж ирдэг юм бэ. Сошиалаар шуурсан хэрэгт үнэн худал нь мэдэгдэхгүй шалгалт явуулж, баривчилгаа хийгээд байдаг хэрнээ олон жил бугшсан тэр хэргүүдээ хэзээ шалгаж дуусах юм бэ. Цаад талын үндэс суурийг нь хэзээ өөрчлөх юм бэ”

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Цаад талын үндэс суурийг нь өөрчлөх эсэх нь миний асуудал бишээ. Тэр бол миний биш та нарын асуудал. Бүх хэрэг дээр хэрэг нээгээд шалгаад явдаг. Монгол Улсын хуулийг та нар баталж байгаа. Тэгчихээд эцэст нь хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс рүү дайраад байж болохгүй. Та нар асуудлаа ялгаж салгаж ойлго. Юм л бол Хууль зүйн сайдаас асууя. Тэр хэрэг яав ийв гэх юм. Тэр асуудлыг Хууль зүйн сайд мэдэхгүй. Хууль зүйн сайд оролцох эрхгүй. Аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Та хэд хаацайлаад л үлдэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм. Энгийн иргэн, бүрэн эрхтэй гишүүн хоёрыг шалгах өөр шүү. Шударга ёс чинь энэ юм уу. Би шударга ёс тогтоох гэж оруулж ирсэн” хэмээн гишүүдийг загнаад авлаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт : Cүүлийн 20 гаруй жилд ард түмэнд итгэх итгэл суларсан. Монголын төрийн өнлөр албан тушаалтнуудын алдаатай бодлого шийдвэрээс болж энэ асуудал үүссэн.  Оюутолгой, Чингис, Самурай бондын асуудлыг одоо хүртэл энийг шийдээгүй байгаа. Өртэй бол өөдлөхгүй , өттэй мал таргалдаггүй гэдэг.

Энэ удаа сайд  нь ард түмнээсээ уучлалт хүсэж, сайдынхаа ажлаас огцорсон Ер нь УИХ гишүүд, яам тамгын сайд нар алдаатай шийдвэр гаргасан бол би хариуцлагаа хүлээх чадвартай байх хэрэгтэй.  Б.Батзориг сайдын энэ шийдвэрийг шударга ёсны хариуцлагатай байх  хариуцлагын эхлэл тавигдаж байна гэж харж байна.

Монгол Улс сүүлийн 20 гаруй жил төрийн бодлого алдагдсан. Ард түмний хүсэн хүлээж байгаа асуудалд шийдвэрийг хурдан гаргаж байх хэрэгтэй гэв.

Байнгын хорооноос УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Байнгын хорооны саналыг дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулахад гишүүдийн 86.8 хувийн саналаар байнгын хорооны саналыг дэмжлээ.

Ингэснээр УИХ Б.Батзоригийг гишүүнээр нь авч үлдлээ.

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.