Д.Билгүүн: Оюутолгой бол уурхайгаас гадна даяарчлалын шинжүүдийг агуулсан боловсролын хүрээ
2018 оны 11 сарын 6

Дэлхийн хэмжээний уул уурхайн компани болох Оюутолгой компанид Өмнөговь аймгийн олон залуус ажиллаж байгаа. Тэднийг нэг Даянгийн Билгүүнийг энэ удаагийн ярилцлагын буландаа урьлаа. Гадаад төрхөөрөө аавтайгаа дэндүү адилхан түүнтэй ярилцлага хийж суухадэгээ л түүний аавтай хөөрөлдөж байгаа мэт сэтгэгдэл төрснийг нуух юун. Говь нутагт Ардчиллын үйл хэргийг түүчээлж,хариуцлагатай уул уурхайн төлөө, нутагт орныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулж явсан Дүндэвийн Даян хэмээх үнэнч шударга, ажилч хичээнгүй, алиа хошин зантай эгэл жирийн хирнээ эгэлгүй гавьяатай үйлстэн түүнийг нутгийнхан маань андахгүй бизээ…..

Дэрвэж, шуугидаг оюутан насанд нь хайртай аав нь бурханы оронд одож,ижийдээ түшиг болох, аавын амин эрдэнэ болсон дүүгээ хүний дайтай авч явах гээд хүндхэн ачааг үүрч аавынхаа орон зайг дүүргэж яваа, сайн аавын үргэжлэл болсон нутгийн дүү Д.Билгүүнтэй нутагт амьтай түүний аав, амьд бурхан ижийгийнх нь тухай, амьдралынүнэн, ажил амьдралын гараа,хүсэл мөрөөдлийнхь тухай ярилцсанаа уншигч та бүхэндээ толилуулж байна.

Урилгыг маань хүлээн авч ирсэнд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилуулна уу?

Ярилцлагандаа урьсан танд баярлалаа. Намайг Даянгийн Билгүүн гэдэг. 1987 ондӨмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн. Аав маань говь нутагт Ардчиллын үйл хэргийг эхлүүлж,уул усны төлөө нутгийн иргэдийн дуу хоолой болж явсан Дүндэвийн Даян гэж хүн байсан. Хүний удам, угсаа гэдэг чухал зүйл учраас товчхон дурьдая. Аавын талын дээдсүүд Ханбогд сумын уугуул хүмүүс байсан ба “Их гэрийнхэн” гэдэг анчин, жинчин удмын хүмүүс юм. Надаас дээшээ 5 дахь үед маань Балган тайж гэж хүн байсан гэж аав ярьдаг байсан. Гэхдээ дээдсийнхээ нэрийг сэвтээчихвий гэдэг үүднээс хүмүүст нэг их энэ талаараа ярьдаггүй байсан. Ээжийг маань Пандийн Оюун гэдэг. Ээж маань аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт оёдолчингоор ажиллаж байсан, одоо ач зээгээ хараад бидэнтэйгээхамт сайхан амьдарч байгаа. Ээжийн маань талын дээдсүүд дундаас Бичигтийн хийдийн номтой лам нар байсан гэдэг. Одоо бол ихэнх нь хууль, хүчний болон боловсролын салбарт ажилладаг хүмүүс байдаг. Миний хувьд ах дүү гурвуулаа. Хүмүүс гайхаж магадгүй. Даянгийнх хүү, охинтой хоёртой доо яагаад гурав болчихов гэж. Надад нэг сайхан ах бий. Би ахынхаа тухай илэн далангүй ярьдаг. Ахтай гэж, бас ахаараа бахархаж явдаг . Аав маань залуу цэл залуу явахдаа нэгэн бүсгүйтэй удаан үерхэж амжилгүй цэргийн албанд явсан, жирэмсэн үлдсэнг нь аав маань мэдээгүй байж байгаадбүүр сүүлдахыг 5, 6 настай байхад аав маань хүүтэй гэдгээ мэдсэн, бусдаар бол хүүгээ хаяад явсан тийм зүйл байхгүй гэж аав маань дүү бид хоёрт учирлаж байсан санагдаж байна. Ах маань 18 настайдаа манайд ирж амьдарч арван жилийн сургуулиа дүүргэсэн. Ээж бид хоёр ахыг сайхан хүлээж авсан. Дүүд маань тодорхой хугацаа шаардагдсан (инээв). Ахыг маань Майхүү гэдэг.Цогтцэций суманд амьдарч байгаа. Нэг охин дүүтэй, дүү маань айл гэр болоод тусдаа гарсан. Бидний тухай гэвэл товчхондоо нэг ийм.

Ажил, мэргэжил, бага насныхаа хүсэл мөрөөдлийн тухай бидэнтэй хуваалцана уу?

Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл өөр, өөр, хүнбүхний ажил амьдралын гараа өөрийн гэсэн өнгөтэй, хөгжилтэй, адал явдалтай, дурсамжтай эхлэсэн, өрнөсөнбайдаг байх. Миний хувьд бүүр жоохоноосоо тогооч болно гэж мөрөөддөг байсан. Хоол зөвхөн идэх дуртайдаа биш л дээ (инээв). Гэртээ бол жинхэнэ тогооч байсан л даа. Анх бэлтгэл ангид байхдаа аав, ээж хоёртоо хар шөлхийжөгөөд, аав, ээж магтаад “ёстой сайхан шөл байна, хөлс гарлаа, миний хүү мундаг байна” гэж их урам өгсөн.Тэр үг одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Амтнь сайхан байгаагүй байх лдаа. Аав, ээж хоёр минь балчир хүүхдийн урмыг хугалгахгүй гэж тэгтэл нь магтсан байх. Тэр магтаал, урмын үг нь чадахгүй байсан ч чадахын төлөө ажил хийх хичээл, зүтгэх ёстой гэдэг зан, чанарыг надад суулгаж өгсөн гэж боддог.Нөгөө талаар бага ангид байхаасаа “гэрийн даамал”-аар үлддэг байсан. Тэр үед манай аймгийнхан тэр чигээрээ хил явцгаадаг, ёстой хөлтэй нь хөлөөрөө хөлгүй мөлхөөд гэдэг шигбүгд л хил явж амьжиргаагаа залгуулдаг байсан. Аав, ээж хоёр маань мөн адил хил рүү явна, явахдаа дүү бид хоёрт 20 хоногт идэх гурил, будаа, мах, борц бэлдэж өгөөд явна. Одооных шиг янз бүрийн хүнсний бараа байгаагүй л дээ. Өөрөө хичээлдээ явна, дүүдээ хоол, ундыг хийж өгч хичээлд явуулна, оройн хоолоо хийнэ, дүүгийнхээ хичээлийг хийлгэнэ гээд аав, ээжийгээ орлож бүхий л ажлуудаа хийдэг байсан. Хирэндээ өдөр болгон өөр хоол хийчих санаатай үздэг байсан. Их сургуулийн хуваарь авах хүртэлээ тогооч болох хүсэл, мөрөөдөлөө орхиогүй.

Дунд сургуульд байхдаа англи хэлний хичээлдээ гайгүй сайн, аймгаасаа шалгаран улсын олимпиадад ордог байлаа. Сургууль төгсөх дөхөөд мэргэжил сонголтын тухай яриа үе, үе гэрт өрнөнө. Аав бол олон улсын харилцаа, эдийн засаг чиглэлийн мэргэжлийг сонгох нь зөв гэж зөвлөнө, би болохоор химийн хичээлээр өгч нийтийн хоолны технологич мэргэжил сонгочих санаатай. Аав Монгол улс тэр дундаа Өмнөговь аймагт уул уурхайн түлхүү хөгжих нь ойлгомжтой, уул уурхайн хамааралтай нутгийн хөгжилд чи ямар оролцоотой байх вэ гэдгээ бодох хэрэгтэй,үсрэнгүй хөгжлийн үе ирнэ тэр үед аливаа зүйлд мэргэжлийн түвшинд, өөр өнцгөөс харж ажиллах нь хэрэгтэй болно тэрэнд олон улсын харилцааны мэргэжил хэрэгтэй гэж зөвлөж байсан ч миний хүсэл сонирхолыг дараагүй. Хими, англи хэл хоёроор шалгалт өгөөд өндөр оноо авсан. Тэгээд аав, ээжтэйгээ ярилцаад ТИС-ийн нийтийн хоолны технологичийн анги авна гээд орсон чиньУлаанбаатар дахь ТИС-ийн нийтийн хоолны анги байхгүй зөвхөн Өвөрхангайн ТИС ийн нийтийн хоолны ангийн хуваарь ирсэн байсан нь харамсалтай. Улаанбаатарт биш болохоор хуваарь авахгүй гарч ирээд англи хэлний шалгалтынхаа оноогоор нэгд жагссан байсан болохоор аавын санаа эцэстээ бүтэж МУИС-ийн олон улсын эдийн засгийн харилцааны ангийг сонгосон доо. Аав, ээж хоёр маань хүүгийн хүсэл мөрөөдлийг дэмжсэн ч тэр боломж нь хараахан бүрдээгүй дараагийн сонголтыг хийсэн. Буруу байгаагүйээ. Энэ мэргэжил маань олон сайхан мэдлэг, соёлыг надад өгсөн гэж боддог.


Миний мэдэж байгаагаар та Оюутолгой компанид ажиллаад нилээн удаж байгаа байх. Одоо Оюутолгой компанид ямар албыг хашиж байна. Энэ том компанид орсон үе түүх, дурсамжийг тань сонсмоор байна.

Оюутолгой компанитай холбогдоод 12 жил болжээ. Би 4 жил Оюутолгой компаний “Говийн ирээдүй” тэтгэлэгээр сурч их сургуулиа төгссөн. Тэр үед уул уурхай дөнгөж эхлэж, аав маань хэсэг журмын нөхөдтэй нийлээд уул, усаа хамгаалах “Уугуул хөдөлгөөн” ТББ байгуулаад уул уурхайг хариуцлагатай ажилуулахыг шаардаж иргэдийн дуу хоолой болж эхлэж байсан үе. Хүмүүсийн дунд янз бүрээр яриа байсан. Даян Оюутолгойн эсрэг тэмцэж байгаад хүүхдийн сургалтын төлбөрийг төлүүлсэн энэ тэр гээд буруу зөрүү ойлголт их байсан. Яг үнэндээ тийм биш юм. Дунд сургууль төгсөөд зуны амралт дуусаад сургуульдаа явах дөхөөд сургалтын төлбөр яанаа ийнээ гэдэг бүгд санаа зовнино. Ээжийн санаа нь зовоод яах уу ийх үү гээд , аав за яаж ийж байгаад болгоноо гэнэ. Аз болоход тэр үед Айванхоу майнз компаний тэтгэлэг зарлагдсан. Оюутолгой компаний анхны тэтгэлэг гэсэн үг. Ээж, бид хоёр материал бүрдүүлж эхэлсэн. Аав шууд дургүйцээд амны билэгээс ашдын билэг гэдэг өөрсдийгөө ядуу зүдүү боломжгүй гэж өргөдөл бичиг бичлээ та хоёр. Манайх арай тэгтлээ ядуурчихаагүй байна, нөгөө талаар би тэр компанид шаардлага тавьж өргөх бичиг энэ тэр өгөөд явж байдаг та хоёр сургалтын төлбөр өгөөчээ гээд гуйж байдаг ийм байж болохгүй гээд тас хориглосон. Ээж бид хоёр ааваас нууж байгаад материалаа өгчихсөн. Ээж аавыг аргалсан л даа, ээж хүнд бүх арга, чарга байдаг гэдэг ш дээ.(инээв) Удахгүй ярилцлаганд дуудсан. Ажилд орох ярилцлага шиг нүсэр, сүрдмээр ярилцлага авсан. Айванхоу майнз компаний гадаад мэргэжилтэнүүд, аймгийн ЗДТГ-ын төлөөлөл гээд 11 хүн оролцож шалгалт, ярилцлага авч байсан. Ямартай ч шалгаруулалтанд тэнцээд Айванхоу майнз компаний анхны тэтгэлэгээр сурах оюутнуудын нэг болж их сургуулиа төгссөн. 4 жил сургалтын төлбөрт санаа зовохгүй сурч төгссөн болохоор ромбо, дипломоо авчихаад талархал илэрхийлэх нь зүйтэй гэж бодоод ээжийнхээ өгсөн хэдэн төгрөгөөр идээний дээж, чихэр, набор аваад Оюутолгой компаний орон нутгийн харилцааны хэлтэс дээр очиж сургуулиа төгсчихлөө , та нартаа маш их баярлалаа гээд очсон. Өмнө нь тэтгэлгээр сурч төгссөн хүүхдүүдээс тэгж очиж байгаагүй гээд тэд нар маань их баярлаж хүлээж авсан. Бүгд л Билгүүн минь мэргэжлээрээ ажиллаж эх орондоо ихийг бүтээгээрэй гэж ерөөж, нэг хэсэг нь ромбо, дипломыг нь мялааж байна гээд мөнгө өгөөд ёстой “бурзайгаад” харьж байсан.(инээв) Миний нэг баримталдаг зарчим байдаг л даа. Хүнд баярласан сэтгэлээ заавал чин сэтгэлээсээ илэрхийлж байх, нөгөө нэг нь буруу үйлдэл хийсэн, буруу бодсон, буруу ойлгосон бол уучлаарай гэдэг үгийг зөв цагт хэлж байхыг эрмэлздэг. Сайхан үгийг хэн нэгэнд чин сэтгэлээсээ хэлэх нь өрөөлд ч тэр өөрт ч тэрүнэхээр гоё мэдрэмжийг өгдөг, буруугаа ойлгож уучлаарай гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлснээр өөрийгөө ч тэр, өрөөлийг ч тэр амирлуулдаг. Дүү нар, хүүхэд багачуудыг ийм байгаасай гэж хүсдэг.Мөн аав ээжийнхээ надад өгсөн хүмүүжлийг тэднийхээ хэлдэг байсан хоёр зүйр үгээр хэлэхэд хангалттай байх. Аав маань “Эвгүйхэн орлогоноос Эвтэйхэн зарлага дээр” гэж сургадаг байсан. Ээж маань болохоор “Үхэр даах тэнхээтэй явснаасҮг даах тэнхээтэй яв” гэж захидаг даа. Энэ хоёр үгээр өөрийгөө цэнэж явдаг даа.

Дүү нар, хүүхэд багачууддаа сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа. Та түрүүнд хэлсэн аав уул уурхайг хариуцлагатай ажиллуулахыг шаардаж, уул усаа хамгаалж тэмцэж явсан гээд. Энэ талаар дэлгэрүүлж ярих боломж байна уу?

Аав маань 2005 онд нутгийнхантайгаа нийлж, нутгаа усаа хамгаалахаар “Уугуул хөдөлгөөн байгуулж байсан. Би оюутан байсан болохоор нарийн сайн мэдэхгүй дээр нь аавын ажилд дур мэдэн хошуу нэмэж оролцодгүй байлаа. Миний мэдэхээр Тавантолгой уурхайн Сэддорж ах, Гурвантэс сумын Дэжид эгч, аймгийн ИТХ ын төлөөлөгч Нацагдорж ах, нутгийн зөвлөлийн Б.Буджаргал гээд олон хүмүүс байсан.Уул уурхай дөнгөж эхэлж байсан үед уул уурхайн компаниуд хариуцлагатай ажиллах, нутгийн иргэдэд өгөөжтэй байх гэдэг асуудлыг хөндөж шаардлага хүргүүлж бурууг нь зөв болгохын төлөө тэмцэж байгаа гэдгээ хэлдэг байсан.

Намайг 2 дугаар курсэд байхад аав, ээж хоёр маань хот руу шилжиж ирсэн.Тэр үед охин дүү маань дунд сургуулиа төгсөөд оюутан болоод. Аав маань охин дүүд маань амь байсан болохоор охиндоо хань болно гээд хот руу ирсэн нь тэр. Нөгөө талаар тэр үед хаа сайгүй уул уурхай эхэлж өөр аймгуудад, сумдад нутаг усаа хамгаалах хөдөлгөөнүүд ид гарч ирсэн үе байсан. Аав Уугуул хөдөлгөөнийхээ ажлыг арай өөр түвшинд хийх зорилго тавьж, бусад аймгуудын хөдөлгөөнүүдтэй хүчээ нэгтгэж, Азийн сан болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлж, уул уурхайг хариуцлагатай ажиллуулахад хууль эрх зүй нь чухал гэж нэг ёсондоо том хүрээгээр, том хүчээр, зөв бодлогоор ажиллах шаардлага гарч хот руу ирсэн гэж ярьдаг байсан. Манайхыг хот руу шилжихэд бас лминий сургалтын төлбөрийн ойлголт шигээ өнөө Даян чинь Оюутолгойгоос 4 өрөө байр аваад хотод очоод суучихсан, хүү нь жип унаад давхидаг гэнээ гээд их яриа байдаг байсан юм билээ. Би тэгэж ярьсан нутгийн хүмүүстээ гомдодгүй байсан. Муу явна гэж яриагүй орон байртай сайхан л явна гэж ярьж байгаам байна. Амны билгээс ашдын билэг гээд өнгөрдөг байсан. Аав маань их зарчимч хүн байсан, ааваас маань хэзээ ч тийм увайгүй, амиа бодсон шийдвэр гарахгүй гэдгийг бид болон ойр дотныхон, нутгийнхан маань мэднэ гэж би хувьдаа итгэж явдаг. Аав, ээж хоёр маань хотод шилжиж ирээд чимээгүй хот буву хотын оршуулгын газруудын нэг болох Алтан өлгий гэж байдаг тэрний баруун салаанд хамаатны айлын хашаанд, ээжийн нагац буурайгийн гэрийг бариад бид амьдардаг байсан. Аав маань “Уугуул” хөдөлгөөний ажлыг хийхийн зэрэгцээ олон аймгуудын хөдөлгөөний нэгдсэн зөвлөлийн байгуулалцаж насан эцэслэхийнхээ өмнө түүнийхээ гүйцэтгэх захирлаар ажиллаж хүндлэл хүлээсэн байдаг. Тэр үед аавын бие өвдөж эхлэж, элгэнд нь өөрчлөлт өгөөд эхэлчихсэн байсан юм билээ. 2007 оны 3-р сарын 27 нд аав маань бурхан болсон. Хүмүүс янз бүрээр ярьдаг байсан, хорлогдсон, гадны нөлөөтэй энэ тэр гээд. Би бол арай өөрөөр дүгнэдэг л дээ. Аав маань олон жил хөргөгч засч, хүйтэн гагнуур хийдэг, тэр пиорон гээд бодис халаад ирэхээр нь хүний биед хортой бодис ялгардаг намайг гагнуур хийх үед хол бай гэдэг байсан. Аавын маань элэг өвчлөх шалтгаан нь энэ байсан болов уу гэж боддог. Ааваараа их бахархаж явдаг. Уул уурхай дөнгөж эхлэж байсан тэр үед орон нутгийн удирдлага ч тэр иргэд ч аль аль нь орчин үеийн уул уурхайн талаар ойлголт тааруухан, хариуцлагатай уул уурхайн тухай ойлголт бүдэг байсан үед аав маань нөхөдтэйгээ нийлээд уул уурхай хариуцлагагүй байвал бидний хойч ирээдүй тэр хохирлыг амсана, тийм учраас хууль дүрэм зөв байх ёстой гэж уул усныхаа төлөө хоёргүй сэтгэлээр байсан тэмцэж ааваараа бахархахгүй байхын аргагүй. Дэлгүүрээс бал, цаас зээлээр авч байгаад ч болов цуглаанаа хийдэг байсан. Марал дэлгүүрт лав 40 мянган төгрөгний өр тавин барин байж үзэг, цаас авч байсныг тод санаж байна. Аавын маань тэр тэмцэл, зүтгэлийг нутгийнхан маань сайн мэдэхгүй, мэдэж байгаа нь мартсан ч байж болох юм. Магадгүй аав маань тэр үед хүн бүрт хүрч ажиллаж чадаагүй байх, тийм ч боломж байгаагүй байх. Саяхан даа хоёр жилийн өмнө ээж, бид хоёр аавын бичиг баримт, архивыг цэгцэлсэн. Зөндөө олон бичиг баримт, зураг, бичлэг энэ тэр байдаг юм билээ.Тэр бүгдээр нь нэг сайхан дурсамж нэвтрүүлэг хийх юмсан гэж ярилцаж байгаа


Бахархалтай, сайхан түүх дурсамж ярьсанд гялайлаа. Хоёулаа эргээд ажлынхаа яриа руу орьё. Би таныг Оюутолгой компанид боломжийн алба хашиж байгаа Өмнөговийн цөөхөн хүний нэг гэж сонсож байсан л даа. 8 жил богино хугацаа биш ямар, ямар албыг хашиж байв?

Намайг их сургуулиа төгсөхөд ааваас хойших гэдэг айл мөнгө муутай байсан тул их сургууль руугаа ойртох зорилгоор боломжиндаа тааруулан 100 айлын нэг байрны подвалийн жижиг өрөө түрээслэж амьдардаг байсан. Жижигхээн цонхтой цонхоороо харахад гадаа явж байгаа хүмүүсийн гутал л харагддаг тийм байранд байсан.Аав маань бурхан болчихсон, ээж, дүү хоёрыгоо харахаар өрөвдмөөр…. Ямар ч хамаагүй ажил олж хийж ээжийгээ, дүүгээ хүний дайтай авч явахсан гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байсан. Санаа зоргоор ажил олдохгүй, хирэндээ энд тэнд орчуулга хийж өгч таван гурван төгрөг олж ээждээ нэмэр болно.Нэг өдөр Ховд аймгийн гаралтай таньдаг ах маань Ховдын Манхан суманд алт гаргаад хүмүүс их явж байна, тийшээ хамт явья, аз байвал бурзайна гээд баахан ярив. Явах уу? байх уу? гэдэг шийдвэр гаргах гэж их шаналсан. Аавын маань хийж байсан ажил байгаль дэлхийгээ хамгаалах, харин алт ухах,уул уурхайн эсрэг байсан. Гэтэл би алт ухах гээд явах гээд байдаг, амьдралаа бодохоор явчихмаар байдаг. Ямар ч байсан яваад азаа үзээд өвлийн тэсгэм хүйтэнд Ховдын Манханд сумыг зорьсон. Ээждээ нарийн ширийн юм хэлэлгүйгээр явсан л даа. Очтол ямар юмынхан ч алт байхав “дэлбээлээд”, “дэлбэрээд” гэгчээр хүмүүс бужигнаж байгаад тарчихсан байсан. 2009 оны тэр айхтар зуднаар гэсэн үг. Нэг муухан 69 машинаар өвлийн тэсгэм хүйтэнд алт байсан газраас Манхан сум руу буцлаа нүүр нүдгүй цасан шуурга шуурганд машины гол хугараад, ямар ч машин тааралдахгүй,утасны сүлжээ барихгүй газар таг суусан. Нилээн олон цаг болсон сүүлдээ даарч бээрээд ингээд хээр үхэхийн болов уу гэсэн бодол орж ирнэ, ээжийгээ, дүүгээ бодох тусам аймшигтай санагдаж байсан. Сүүлдээ муу юм бодохоор муу л юм болно , сайн юм болбол сайн сайхан зүйл учирна гээд өөрийгөө тайвшруулж, нөгөө ах эгч хоёрыгоо тайвшируулаад л……тэгж, тэгж машинаа оролдсоор байж асааж төв рүү дөхөөд сүлжээ ортол ээж залгаад хаана явнаа хүү минь Оюутолгой ажилтан авна гээд зарласан байна гэнэ хурдан ир гээд.Оюу толгойд ажилладаг эгч маань ээж рүү утасдаж манайх орон нутгийн харилцааны ажилтан авна гээд зарласан байгаа, Билгүүнийг анкетаа өг гэж хэлээч хэл устай юм чинь тэнцэж магад гээд ээжид хэлсэн юм билээ.Би ч тэр өдрөө замын унаанд суугаад замдаа хоёр хоноод ирж анкет бичиг баримтаа бүрдүүлж өгөөд шалгалт, ярилцлага өгөөд. Ярилцлаганд ороход олон асуулт асууж байсан. Хамгийн хэцүү асуулт гэвэл чиний сул тал юу вэ? нөгөөх нь хүсч байгаа цалингийн хэмжээ гэсэн асуултанд хариулахад хэцүү байсан. Аймаар шуналтай хүн шиг том тоо хэлэлтэй биш, бага хэлчих юм болов уу ч гэж бодоод. Тэр үед би хүмүүсээс Оюутолгойд ажилладаг хүмүүс 300 долларын цалин авдаг юм гэсэн сураг сонссон болохоор 300 доллар гээд хэлчихэж байсан. Яг үнэндээ надад цалин хэд байх нь сонин байгаагүй ажилтай болох нь чухал байсан. Ажилд авах эсэх хариугаа олон хоног хүлээсээн ээж бид хоёр. Утас дуугарахаар ээж бид хоёр утас руу бараг уралдана, ээж хаанаас залгаж байна гээд л ……. нэг өдөр суурин утасны дугаараас дуудлага Оюутолгой компаниас ярьж байна та тэнцсэн, хэзээ ажилдаа орох боломжтой бэ, эмчийн үзлэгт орох хэрэгтэй, компани дээр ирээрэй гээд ярьсан. Дүү хичээлдээ явчихсан, ээж бид хоёр энэ сайхан мэдээг сонсоод баярлаж тэвэрлэлдээд нулимс урсгаад сүйд болж байлаа. Ингэж л анх ажилд орж байсан. Тухайн үед Оюу Толгой компанийг шахаж шаардаж байсан бурхан болсон хүний хүүхэд гэдгийг мэдсээр байж компанидаа авсан Санждорж ах болон Сугар дарга, Лейтон Крофт захирал нарт талархаж явдаг. Өдгөө би орон нутгийн харилцааны хэлтэс, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, техникийн хэлтэст тасралтгүй 8 жил гаруй ажиллаж байна. Одоо бол техникийн ажлын туршилгаа нэмэгдүүлэх зорилгоор Өргөлт, угсралт, хүнд тээврийн хэлтсийн төлөвлөлт хариуцан ажиллаж байна даа.

Найман жил гэдэг багагүй хугацаа. Дэлхийн хэмжээний том уурхайд 8 жил ажиллахад ихийг сурч, мэдэж, дадлагажихаас гадна цалин хангамж сайн байсан нь амьдралд том өөрчлөлтийг авчирсан байх гэж би харж байна л даа. Энэ талаараа бидэнд сонирхуулна уу?

Тэгэлгүй яахав. Амьдрал маань олон олон эерэг өөрчлөлтүүд гарсан. Би анх 300 доллар байхад болно гэж ярилцлаганд орохдоо хэлж байсан хүн чинь тэрнээсээ илүү цалин авахаар саятан болсон юм шиг л дотроо их баярлаж билээ. Тэр үед аавынхаа орон зайг дүүргэж, аавынхаа үүргийг гүйцэтгэж ээждээ, дүүдээ өмөг түшиг нь болж явах чин хүсэл зорилго байсан. Боломжийн цалинтай болсон хүн чинь амьдарч байгаа өрөөгөө томсгож подваль дотроо арай том өрөө, нар гайгүй тусдаг өрөөг түрээслээд нэгсэг амьдарсан. Нэг дэвшил юм л даа.Тэр подвальд ихэнх нь ядруу, зүдрүүхэн хүмүүс амьдардагбайсан. Хөршүүд маань намайг Оюутолгойд ажилладагийг мэдсэнээс хойш том хүн гэж хүндэлнээ хөөрхөн. Би ажилд орсон жилийнхээ шинэ жилийн баяраар подвалийнхаа хөршүүдэд оргилуун дарс авч өгөөд тэд нартаахүн хэзээ ч өөрийгөө голж болохгүй ямар ч хүнд боломж, сайхан бүхэн нээлттэй өөрөө сайн хичээх хэрэгтэй, ийм газар амьдарч байгаад гутрах хэрэггүй гэж урам өгч оргилуун дарсаа хамтдаа буудуулан хундаг тулгаж байсан үе саяхан мэт санагдаж байна. Ажилтай, орлоготой болсон болохоор нээх удаагүй лизингээр байр авч подвалиасаа нүүсэн дээ. Саяхан байрныхаа лизинг төлж дууссан даа.

Гэр бүлээ танилцуулаач?

Би гэр бүл гэдгийг өргөн утгаар нь ойлгож эрхэмлэж явдаг.Миний гэр бүл миний хань, үр хүүхдүүд, ээж, ах, дүү, дүүгийн маань гэр бүл. Бид ээжийгээ тойроод бужигнаж байх сайхан байдаг.Миний ээжхүний дээд, сайн ээж, ажил үйлсээр ч хамт олноо манлайлж ирсэн мундаг бүсгүй шүү дээ. Аав Өмнөговь аймагт ардчиллын үйл хэргийг эхлүүлж байхад ээж маань дэмжиж 1988 онд шинэ дэвшилтэт холбооны анхны тугийг оёж өгч байсан гэдэг, нам, улс төр, нутаг усаа хамгаалах гээд цалингүй ажил бүхнийг дэмжиж, ар гэрээ авч явахад дэм болж, ханийнхаа зорьсон зүтгэсэн үйл бүхнийг нь дэмжиж, ажилд туслаж хамтдаа зүтгэж ирсэн гайхамшигт сайн хань байжээ гэж ээжээрээ бахархдаг

Миний ханийг Энх-Уянга гэдэг. Ховд аймгийн Дарви сумын гаралтай бүсгүй бий. Бид одоо хүү, охин хоёртой.

Дүү маань Говь-Алтай аймгийн бэр болсон. Дүү маань Оюутолгой компанид ажилладаг байсан. Тэндээсээ гэр бүлтэй болсон доо. Биднийг оюутан болоод явахад аав маань удам холдвол ухаан нэмнэ гэдэг, монголчууд эрт дээр үеэс хошуу алгасч бэр буулгадаг байсан, холын хүнтэй ханилахад буруудахгүй гээд зөвлөдөг байсан. Шахаж шаардаж байгаагүй л дээ. Аавын маань захиас ерөөл болж дүү бид хоёр хоёулаа л холын хүмүүстэй ханилсан. Ах маань бурхан номын мөр хөөгөөд явдаг хүн болохоор гэр бүлтэй болох тухай ярьдаггүй. Ах маань өөрийн гэсэн гэр оронгүй, ээжийнхээ хамаатан айлд амьдардаг. Ах минь эдийн шуналгүй сэтгэлээрээ болгоож явдаг хүн бий. Би ахыгаа хот руу ирүүлэх гээд дийлдэггүй ш дээ. Та хот суурин газар ир, дүү нь мөнгө төгрөг цуглуулж байгаад таныг Энэтхэг явуулья та номоо илүү сайн сураад ирэх үү гэхээр үгүй би нутгаасаа явахгүй л гэнэ. Нутаг амьтай, нутаг орныхоо төлөө дуу хоолой болж дарга цэрэг, уурхайнуудын өмнөөсүгээ хэлчихнэ,нутгийнхандаа бурханы номоор тус дэм болоод бурхан номынхоо үйлд, нутаг орондоо дэндүү их хайртай хүн дээ.

Залуу хүний хувьд хүсч мөрөөдөж байгаа зүйл их байгаа байх. Нутаг орны хөгжлийн талаар өөрийн санал бодлоо хуваалцана уу?

Дэлхийн хэмжээний том компанид 8 жил ажиллалаа. Их зүйл сурч,олон ч сорилтыг даваад явж байгаа. Хөдөлмөрийн сахилга, аюулгүй ажиллагаа, ажлаа зөв төлөвлөх,цаг ашиглалт, бие биенээ хүндлэх, ойлголцол гээд маш их юм сурсан. Гэхдээ би мундаг болтлоо хол байна гэж боддог, хүн суралцах тусам өөрийгөө голдог гэж үнэн бололтой. Оюутолгой бол зөвхөн алт зэсний уурхайгаас гадна Өмнөговь аймагт буй даяарчлалын ихээхэн шинжүүдийг агуулсан боловсролын хүрээлэн гэж ойлгож болно.Гадны барилгын болон уул уурхайн мэргэжилтнүүдээс цэцгийн тоос хүртэж буй ажилч зөгий мэт монгол залуус маань туршлага мэдлэгээс нь өдөр бүр хүртэж байна. Хэдэн жилийн дараа Оюу толгой шиг өөр нэг томоохон төсөл гарч ирэхэд Монголчууд маань өөрсдөө бүтээгээд аваад явчихна гэж итгэдэг.

Гэхдээ уул уурхай бол Монгол орны цорын ганц урт хугацааны хөгжлийн түүчээ бол биш, зөвхөн зөв хөгжлийн суурийг бүтээлцэх том суурь нь болоосой гэж хардаг. Учир нь газрын доорх баялаг болгоныг олборлоод байвал байгаль эх дэлхий маань тэнцвэрээ алдаж нутаглах нутаггүй, монголчуудыг олон зууны туршид өлсгөлөнгөөс аварч тэжээж явсан мал аж ахуй хүндхэн байдалд орно.

Тиймээс миний туйлын зорилго буюу хүн болж төрсний хамгийн том хүсэл,мөрөөдөл бол нутагтаа болон эх орондоо аялал жуулчлалыг дэлхийн стандартад хүргэхэд гар бие оролцох тэр дундаа оюунлаг буюу бясалгал, энергийн аялал жуулчлалыг нэвтрүүлж хөгжүүлэх чухал гэж харж байгаа. Орчин цагт дэлхийн хүмүүс тэр дундаа томоохон алдартнууд амьдральд энгийнээр хандах, бясалгах, дэлхийгээ улам их хайрлах талаар уриалж өөрийн биеэр үлгэрлэх боллоо. Одоо дэлхийн хүмүүс гоё хотоор аялах гэхээс гадна ариун дагшин газраар аялаж бясалгал хийж оюунлаг таашаалыг хүртэхийг эрмэлздэг болоод байгаа билээ.Бурханы номын гурван их орон гэдэгт Энэтхэг,Төвд,Монгол гурав орно гэж эртний зохиол, сургаалиудад бичсэн байдаг. Тэр утгаараа бидний эх орон бол зөвхөн бизнесийн сонирхол татсан газар биш юм. Монгол орон маань тэдний энэ сүнслэг, оюунлаг хэрэгцээг хангаж чадах үүх түүхтэй, шүншигтэй газар яахын аргагүй мөн. Хэрвээ дэлхийн гэгээлэг, оюунлаг хүмүүс эх орноор минь аялаж улмаар бидний үнэт зүйлс болох ёс заншил, соёл, байгаль дэлхийг минь хайрлаж эхлэнэ гэдэг бол зөвхөн тэндээс олох мөнгөн орлогоноос хавьгүй илүү ач холбогдолтой. Учир нь цөвүүн цаг тохиолоо гэхэд Монголын төлөө ганцхан бид зогсохгүй тэд ч мөн хамт зогсоно. Энэ зорилгоо биелүүлчихээд насан өөд болоход үхлийг инээдээр угтаж чадна гэж боддог доо.

Ярилцлагынхаа төгсгөлд та юу хэлэхийг хүсч байна вэ?

Аавын маань амьд ахуйдаа хийж байсан зүйлсийг дэмжиж байсан, мөн шүүмжилж хурцалж байсан нутгийнхаа ард иргэдэд аавынхаа өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Аав маань та бүхэнд талархалаа хэлж амжаагүй бурхан болсон ч аавын надад хэлдэг байсан нэгэн үг болох “Хүүтэй хүн үхдэггүй юм” гэж хэлээд ярилцлагаа төгсгөе. Сайн үйлс бүхэн бүтэж нутгийн зон олон минь амар тайван жаргах ерөөлийг мөн өргөн дэвшүүлье.

Цаг зав гаргасан ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Н.Адьяацэрэн

Хариулт үлдээх

Your email address will not be published.