Өнөөдөр Монгол Бахархлын өдөр
2018 оны 11 сарын 8

Монгол бахархлын өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Монгол бахархалын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.

Өмнөх онуудад энэ шагналыг хүртэж байсан эрхмүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ /2005/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгчийн гаргасан зарилгаар гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хүртсэн онцгой тохиолдол бөгөөд П.Очирбат “Чингис хаан” одонг хүртсэн анхны хүн юм.

БЯМБАСҮРЭНГИЙН ШАРАВ /2006/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны долоодугаар сарын 06-ны өдрийн зарлигаар мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бүтээснийг үнэлж энэхүү одонгоор шагнажээ.

Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав нь “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1,2-р симфони, “Замбуутивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг олон киноны хөгжим бичсэн.

ДАШИЙН БЯМБАСҮРЭН /2009/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны долоодугаар сарын 10-ны өдрийн зарлигаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Д.Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнажээ.

РАДНААСҮМБЭРЭЛИЙН ГОНЧИГДОРЖ /2010/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан эрх зүйт нийгмийг цогцлог хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

ШУА-ийи гишүүн, академич. шинжлэх ухааны доктор \Ph.D\. БНСУ-ын Инчоний Их Сургуулийн хүндэт доктор, Удирдлагын академийн хүндэт профессор, математикч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж иь Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг юм. 

НАЦАГИЙН БАГАБАНДИ /2011/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди нь өөрөө энэ шагналыг санаачлагч юм.

ДАМДИНЫ ДЭМБЭРЭЛ /2012/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар зарлигааар Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Д.Дэмбэрэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга, аймгийн МАХН-ын хороонд кабинетын эрхлэгч, аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, МХЗЭ-ийн Төв хорооны Эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, хэсгийн ахлагч, Завхан аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн дарга. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга. Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Улсын Их Хурлын даргын албыг хашиж байсан. 1990 оноос Улсын Бага хурлын гишүүн. 1992 оноос тасралтгүй 6 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүн юм.

ДУМААГИЙН СОДНОМ /2013/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн зарлигаар Тулгар төрийн 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орныхоо нийгэм эдийн засаг, гадаад харилцааны салбарыг өргөтгөн хөгжүүлэхийн төлөө нэгэн жарны турш зүтгэсэн нөр их хөдөлмөр, онцгой гавьяаг нь өндрөөр үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Д.Содном нь Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албах тушаал хашиж байсан.

ХАВТГАЙН НАМСРАЙ /2014/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зарлигаар Тулгар төрийн 2223 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 852 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Эгэл бөөм квант орны онолын чиглэлээр эрдэм, шинжилгээ судалгааны гарамгай бүтээл туурвин, “Намсрайн онол, аргачлал” нэр томъёог физикийн шинжлэх ухаанд оруулж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсныг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Академич Х.Намсрай физик, математикийн салбарт 46 жил ажиллаж байгаа. Тэрбээр физикийн салбарт “Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол”-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргажээ.

Мөн математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулжээ. 

ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁО /2015/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зарлигаар Тулгар төрийн 2225 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 853 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан дэлхийн утга зохиолын сан хөмрөгийг Монгол уран сэтгэмжээр баяжуулан үндэсний өв соёлоо уламжлах, сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсныг үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нь Монголын Соёл Яруу найргийн академийн тэргүүн бөгөөд яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол, бясалгал нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлжээ.

Түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгали, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг юм.

ГАНБААТАРЫН АРИУНБААТАР /2016/

Г.Ариунбаатар нь сүүлийн жилүүдэд сонгодог урлагийг хөгжүүлэхэд өөрийн бүхий л хүч бололцоог дайчлан тодорхой зорилго, зорилт тавин ажилласнаар ОХУ-ын Буриад улсын төв театрт Ж.Пуччини “Тоска” дуурийн гол дүрд ОХУ-ын Ардын жүжигчин Л.Даримын удирдлагаар амжилттай тоглож хилийн чанадад өндөр үнэлэгдсэн юм.  Үеийн үед хүн төрөлхтний оюуны үнэт өв болсон дэлхийн сонгодог бүтээлийн гол дүрд амжилттай тоглохын зэрэгцээ өнгөрсөн онд Москва хотноо зохиогдсон Оросын алдарт дуучин М. Могамаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын  IV уралдааны шилдэг 15 дуучны нэгээр шалгарч уг уралдааны тэргүүн байрыг, энэ онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын  “Байкал” уралдааны тэргүүн байрыг тус тус эзэлсэн.

Энэ 2016 оны VI сарын 20-ноос VII сарын 2-ныг хүртэл Санкт Петрбург-Москва хотноо зохиогдсон Оросын суут хөгжмийн  зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XV уралдааны нэгдүгээр байрыг эзлэж гран при шагналыг хүртсэн нь дэлхийн шилдэг дуучин болохыг батлан харуулсан бахархам амжилт байв. Нөгөө талаар олон улсад онцгой нэр хүндтэй дээрх уралдааны гран при шагналыг Монгол дуучин анх удаа хүртсэн нь Монгол Улсад сонгодог урлаг өндөр түвшинд  хөгжсөнийг дэлхий нийтэд толилуулсан томоохон сурталчилгаа болсон юм.

НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР 2017 ОН

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар жүдоч Н.Түвшинбаяр. Н.Түвшинбаяр нь уг эрхэм шагналыг хүртсэн 11 дахь эрхмээр тодорч буй бөгөөд спортын салбараас “Чингис хаан” одон хүртэж буй анхны эрхэм юм.

Хар багаасаа үндэсний үндэсний бөхөд дуртай байсан Н.Түвшинбаяр 2002 онд өсвөрийн бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэрчүүдийн үндэсний бөхийн УАШТ-ээс хүрэл медаль, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болсон түүхтэй.

Аймагтаа Эрдэнэ-Очир багшийн удирдлага доор барилдаж байсан бол нийслэлд ирж “Аварга” дээд сургуулийн босго давж Халиуны Болдбаатарын шавь болсон нь хожимоо Монгол түмнийхээ бахархал болох эхлэлийг тавьжээ.

Монгол зон олны 44 жил хүлээсэн алтан медалийн анхлан эх орондоо авчирч, 2008 оныг Монгол түмний баяр, бахархлын он болгосон билээ. Удалгүй олимпийн аварга маань Лондонгийн олимпод дахин финалдаж дэлхийн шилдгээ батлан хошой медальтан болсон билээ.

Харин энэ жил ЧИНГИС ХААН одонг олгохгүй алгасахаар болсон билээ.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.