Бичил уурхайчид: “БҮРТГЭЛГҮЙ НӨХӨРЛӨЛ” байгуулж ажиллах нь Монголчуудад ашигтай
2018 оны 11 сарын 20

Монголчууд эрт дээр үеэс мал аж ахуй, газар тариалангаа иргэд сайн дураараа нэгдэж, хамтран хөгжүүлж ирсэн түүхтэй.

Энэхүү уламжлалыг сэргээж  Дархан-Уул аймгийн Шивээ говь сумын бичил уурхайчид “ Эвсэг ардууд” нөхөрлөл байгуулж хэрхэн ажиллаж байгаа болон  Швейцарын Хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа талаар  Эдийн засгийн “ӨӨРЧЛӨГЧ” клубын сэтгүүлчид газар дээр нь танилцлаа.

-ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ҮНЭТ МЕТАЛЛЫН СОРЬЦЫН ЛАБОРАТОРИД САРЫН ХУГАЦААНД 99 КГ АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭН СОРЬЦИЛЖ МОНГОЛ БАНКНЫ ЭРДЭНЭСИЙН САНД ТУШААЖЭЭ-

Алт олборлогч нь аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкинд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг.

Швейцарын Хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд 300 сая ам.долларын дэмжлэг үзүүлснээр Дархан-Уул аймагт алтны сорьцын лаборатори байгуулснаар өнгөрсөн хугацаанд тус лабораторид сарын хугацаанд 99 кг алт цэвэршүүлэн сорьцилж Монголбанкны эрдэнэсийн санд тушаажээ.

Бичил уурхайчид, нөхөрлөлийнхөн энд ямар нэг дундын зуучлагчгүйгээр олборлосон алтаа Төв банкны тухайн өдрийн ханшаар шууд тушаадаг болсон нь бичил уурхай эрхлэгчдэд маш олон боломжийг нээж өгсөн байна.

Уул уурхайн олборлолт явуулж буй орон нутагт ийм лаборатори нээснээр алт олборлосон иргэд, аж ахуйн нэгжүүд алтаа дэлхийн зах зээлийн ханшаар худалдах, тээврийн зардал болон цаг хугацаа хэмнэдэг төдийгүй, аюулгүй байдлын баталгааг  бий болгож, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчид заавал нийслэл хот орохгүйгээр газар дээр нь алтаа шууд сорьцлуулан тушаах боломжтой болсон нь иргэдийн талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил болж чадсан байна.

Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасч, алтны худалдааны бүртгэлийг сайжруулж, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох нөхцөл боломжийг бүрдүүлжээ.

“ШАРЫН ГОЛ” СУМЫН ИРГЭДИЙГ ХҮНСНИЙ НОГООГООР ХАНГАНА

Улсын хэмжээнд хуулийн хүрээнд зохион байгуулалтанд орж албажсан 6500 гаруй бичил уурхайчин байдаг гэсэн судалгаа бий.

Шарын голын  бичил уурхайд өнөөдрийн байдлаар 1100 гаруй уурхайчин ажиллаж байгаа аж. Тэд 5,6  га газарт ашигт малтмал олборлох газрын гэрчилгээ авч 2018 оны 5 сарын 3-нээс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар 2,6 га талбайг хөндөж 10 кг алт олборложээ. Зуны улиралд 40-50 цооног байсныг  нөхөн сэргээлт хийж, одоогоор  20 гаруй цооногт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Тэд алт олборлосон талбайгаа тухай бүрт нь нөхөн сэргээлтийг хийж, нөхөн сэргээлт хийсэн талбай дээрээ хүнсний ногоо, жимс жимсгэний мод бут тарьж ургуулахаас гадна гахай, тахиа үржүүлж  Шарын гол сумын иргэдийн хүнсний ногоог хангах бэлтгэл ажил хийгдсэн байна.

О.ЦЭЦЭГМАА: “БҮРТГЭЛТЭЙ НӨХӨРЛӨЛ”-ИЙН ГЭРЧИЛГЭЭ ХЯТАДУУДАД ЗАРАГДДАГ

Бүртгэлтэй нөхөрлөлөөс гэрчилгээ худалдаж авсан хятадууд дуртай газраа шанага тавьчихаад гарц нь муу байна гээд дараагийн газраа ухаж манай дараагийн газраа ухаж манай улсын байгаль, газар шороог сүйтгэж байдаг талаар “Буянтын-Хөндий” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа ярьж байна. 

Бичил уурхайгаар гэрээ хийсэн тохиолдолд зарж үрж болохгүй, түрээслэж болохгүй, хэн нэгэнд наймаалахыг хориглосон байдаг ч тэр наймаа энд явагддаг талаар нэмж хэлсэн юм. 

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Бүргэлгүй нөхөрлөл” -ийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа “Буянтын-Хөндий” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаатай ярилцлаа.

 -Бичил уурхайчид  зохион байгуулалт орж ажилласны сайн тал нь юу байна?

– Би 10 жилийн өмнө “Буянт” гэдэг талбай дээр 4000 хүнийг ажлын байраар хангаж байсан. Миний туйлын зорилго бол ажилгүй иргэдийг орлоготой, амьдралын баталгаатай болгоход байдаг. Одоо энд ажиллаж байгаа хүмүүс сэтгэлээрээ нэгдэж  2018 оны 5 сарын 3-наас  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шарын голынхоо ажилгүй байгаа  иргэдийг түлхүү оролцуулах зорилготой.

Бидэнд ЖДҮХС, Сум хөгжүүлэх сангаас нэг ч төгрөг олддоггүй. Бид бүгдээрээ нэгдэж, хамтарч ажиллаж байна.

Одоогоор нийт хэдэн кг алт олборлож байна. Олборлосон алтаа Дарханы Сорьцын албан дээр тушааж байгаа нь та бүгдэд эдийн засаг, цаг хугацаа хэмнэсэн ажил болж чадсан байх?

– Бид өнөөдрийн байдлаар 10 кг алт олборлоод Монголбанкны эрдэнэсийн санд тушаасан. Бид олборлосон алтаа Улаанбаатарт тушааж цаг хугацаа их алддаг байсан. Харин одоо бид Дарханы Сорьцны  албан дээр тушаагдаг болсон нь бидний ажлыг хөнгөвчилсөн сайхан ажил болсонд бид баяртай байдаг.

Манай ажиллагсад сардаа сая төгрөгийн цалин авдаг. Зардалаа хасаад, үлдсэнийг нь  тэгш хуваарилалтын зарчмаар явагддаг. “Бүртгэлгүй нөхөрлөл”-ийн давуу тал энэ юм.

-Танай нөхөрлөл улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг уу?

– Би “Бүртгэлтэй нөхөрлөл”-ийн холбоог дэмждэггүй. Яагаад гэвэл, Бичил уурхайгаар далимдуулаад хууль бус зүйл хийх гарц нь нээгдэж байдаг. Ийм хууль бус үйлдэлтэй тэмцэж, энэ салбарыг зөв ажиллуулахын тулд “Бүртгэлгүй нөхөрлөл”-ийн хэлбэрээр “Буянтын – Хөндий” ТББ байгуулаад байнгын үйл ажиллагаа явуулж байна.

-Та Бүргэлтэй нөхөрлөлийг дэмжихгүй гэлээ. Тэгэхээр “Бүртгэлтэй нөхөрлөл”-ийн хор хөнөөл, “Бүртгэлгүй нөхөрлөл”-ийн ач холбогдлын талаар тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

– Бичил уурхайгаар “БҮРТГЭЛТЭЙ НӨХӨРЛӨЛ” байгуулахын тулд 9 ба түүнээс дээш гишүүнтэй байх ёстой гэж заасан байдаг. Тэд Улсын бүртгэлийн гэрчилгээ  авахдаа  тоног төхөөрөмж нийлүүлэх, төмс хүнсний ногоо, мод бут тариалах, худалдаа… гэх мэт уул уурхайтай холбоотой нэг ч үг үсэг ороогүй ондоо төрлөөр гэрчилгээгээ авчихаад, авсан газраа Хятадуудад зарчихдаг.

Улсын бүртгэлийн газраас ямар ч судалгаа хийлгүйгээр  9 гишүүнтэй болсон нь бол хамаагүй гэрчилгээ олгож байна.

Бүртгэлтэй нөхөрлөлөөс гэрчилгээ худалдаж авсан хятадууд дуртай газраа шанага тавьчихаад гарц нь муу байна гээд дараагийн газраа ухаж манай улсын байгаль, газар шороог сүйтгэж байна. Энэ бүртгэлтэй нөхөрлөлийн гай. Бүртгэлтэй нөхөрлөлийг бүрмөсөн зогсоох хэрэгтэй. Энэ асуудалд төр засаг анхаарлаа хандуулах цаг нь болсон. Бичил уурхайн нэр хүндийг унагаасан энэ асуудлыг зогсоох хэрэгтэй.

Бичил уурхайгаар гэрээ хийсэн тохиолдолд зарж үрж болохгүй, түрээслэж болохгүй, хэн нэгэнд наймаалахыг хориглосон байдаг ч тэр наймаа энд явагдаж байна.

-Танайд ажилд орохыг хүссэн иргэд ямар шалгуур хангасан байх вэ?

-Бид дараахь шаардлагыг хангасан иргэдийн ажлын байраар хангадаг.

  1. МУ-ын иргэн байх ёстой.
  2. 18 нас хүрсэн байх
  3. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ХАОТ заавал хамрагдсан байх
  4. Ажилгүй
  5. Багийн засаг даргын тодорхойлолт

Бид ажиллагсадаа  ХАОТ, ЭМД, НД-ын сайн дурын даатгалд бүрэн хамруулдаг.

-Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ажиллагсадынхаа эрүүл, аюулгүй орчинг хангаж ажилладаг.  Манай шороон ордонд химийн хорт бодис гэж байдаггүй. Тэгэхээр бид нөхөн сэргээлт хийсэн талбай дээрээ төмс хүнсний ногоо тариалах, гахай тахиа үржүүлэх гээд олон талын ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд хандив өгсөн. Мөн өдөр өнжүүлэх төв, эмнэлэгтэй болсон. Эмнэлэгт  2 сая 500 мянган төгрөг хандивлаж эргэлтийн сан байгуулсан гэх мэт нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг хийж байна. Цаашид ч хийхээр төлөвлөсөн ажлууд бий.

Р.АЛТАНГЭРЭЛ : МАНАЙ УУРХАЙ  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БҮРЭН ХАНГАЖ АЖИЛЛАДАГ

Бичил уурхайп ажиллаж байгаа хүмүүсийн хамгийн чухал асуудал аюулгүй орчинд ажиллах байдаг.  Буянтын Хөндий ТББ бичил уурхайчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилладаг гэдгийг талбайн инженер Р.Алтангэрэл хэлсэн юм.

-Манай бичил уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдсан. Ажилчид өглөө 09.00 цагт ирээд үнэмлэхээ шалгуулна. Архи үнэртүүлсэн тохиолдолд уурхайд нэвтрүүлдэггүй. Өглөө болгон олс, малгай гэх мэт зүйлийг нь шалгаж үзээд ажилчдадаа талбай руугаа оруулдаг. Ямар нэгэн осол аваар гарч байгаагүй

-Бид нэгдэж хоршиж ажилласнаар бидний амьдралд маш их өөрчлөлт орсон. Цалин хангамжийн хувьд боломжийн сайн. Ар гэрээ тэжээхэд хангалттай хүрэлцдэг. Дээр нь урамшуулал өгнө.Орон байргүй хүмүүс байртай болсон. Машинтай байсан нь машинаа сайжруулсан, машингүй хүмүүс нь машинтай болж, энд ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал дээшилж байна гэв.

Тэд алт олборлосон талбайгаа тухай бүрт нь нөхөн сэргээлтийг хийж, нөхөн сэргээлт хийсэн талбай дээрээ хүнсний ногоо, жимс жимсгэний мод бут тарьж ургуулахаас гадна гахай, тахиа үржүүлж  Шарын гол сумын хүнсний ногоог хангах бэлтгэл ажил хийгдсэн байна.

Энд 24 цагийн харуул хамгаалалт ажилладгаас гадна уурхайн төв хэсгийг бүрэн камержуулсан гэх мэт олон давуу тал ажиглагдлаа.

Бэлтгэсэн: Х.ИНДРА

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.