Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор ашиглалтад орлоо
2014 оны 10 сарын 16

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй эмнэлгүүдийн нэг болох Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор байрны нээлтийн арга хэмжээ 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил 2013 оноос эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтад нийтдээ 7 тэрбум 726 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Шинэ төвийг ашиглалтад хүлээн авах нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Одонтуяа, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа болон холбогдох албаны хүмүүс, эмч ажилчид, ард иргэд оролцлоо. Мөн барилгын ажлыг амжилттай гүйцэтгэж, хугацаанд нь ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн Гангар инвест компаний удирдлага хамт олон хүрэлцэн ирсэн байв.

 Эрүүл мэндийн салбарын хувьд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болж буйг нээлтэд оролцогчид онцолж байлаа. Эрүүл мэндийн салбарт 2014 онд 100 гаруй тэрбум төгрөгийн төсөвт арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж буй бөгөөд эрүүл мэндийн барилга байгууламж, бүтээн байгуулалтууд эхнээсээ ашиглалтад орж буй нь энэ юм.

 Эрүүл мэндийн төв нь шинэ байртай болсноор олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, эмч эмнэлгийн ажилчдын ажиллах, иргэдийн үйлчлүүлэх таатай орчинг бүрдүүлжээ. Түүнчлэн иргэдэд үйлчлэх тусламж үйлчилгээний хүртээмж даруй 2-3 дахин дээшилж, хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай ажиллах боломжтой болж байна.

 Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь нутаг дэвсгэрийнхээ 200 орчим мянган иргэнд үйлчилдэг. Тэд төвийнхөө шинэ цогцолборыг хүлээн авч, цаашид үйл ажиллагаагаа улам чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэнэ гэдгээ хэлж байлаа. Юуны түрүүн эмч, ажилчдын харилцаа хандлагыг сайжруулахын тулд угтах үйлчилгээнээс эхлээд олон олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Мөн хүлээгдэл, чирэгдлийг бууруулахын тулд цахим үйлчилгээг нэвтрүүлж, иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаандаа анхаарна, мөн иргэдээ аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөөг нэмэгдүүлэн ажиллана гэдгээ хэлсэн.

Б.МӨНХЖАРГАЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.