“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг үгүйлэхийн учир
2018 оны 11 сарын 29

 

-Ажилгүйдэл нэмэгдэж, амьжиргаа улам муудах байсныг энэ хөтөлбөрөөр зогсоосон-

 

ЖДҮ-ийн “хулгай” дэгдэх цагаар олон нийтийг анхаарлыг өөр тийш нь сарниулах гэж “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хүчээр шахам улстөржүүлж, энэ хөтөлбөрөөс зээл авсан дотоодын аж ахуйн нэгжийг үгүйсгэж, харлуулах гэсэн увайгүй зан гаарч байна. Хувийн хэвшил рүүгээ хуудуутай төр засаг нь ийнхүү дайрч, давшилж эхэлсэн нь олон хүний эгдүүцэл, эсэргүүцэлтэй тулгарлаа. “Айсан хүн адуу үргээнэ” гэгчээр өөрсдийгөө хамгаалах гэсэн оролдлого нь ийн бүтэлгүйтэж, нүүрээ хийх газаргүй болцгоож байна. Ард түмэнд хайртай, дуртайдаа ч бус өөрсдийн хууль зөрчсөн гэмт үйлдлээ далдлах гэж “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг “бамбай” болгоод авсан байх юм.

 

Магадгүй энэ хөтөлбөрийг улстөржүүлэх нь хэн нэгэнд эсвэл хэсэг бүлэг хүнд ашигтай байж болох юм. Гэхдээ олон мянган хүнийг ажлын байраар хангаж, ДНБ-ий өсөлт, татварын орлогыг бүрдүүлж байгаа үндэсний хэдэн үйлдвэрлэгчдээ харлуулах нь монголчуудад хэр ашигтай вэ. Нэр нүүр олох гэсэн нэгэнд бол энэ ашигтай байж мэдэх юм. Уг хөтөлбөрийн талаар янз бүрийн л яриа хэл гардаг. Сайны хажуугаар саар ч бас дагадаг. Хэдий тийм боловч хувийн хэвшил рүү халдан довтлох нь эргээд Монгол Улсад хожоотой бус хохиролтой гэдгийг юуны өмнө бодож үзмээр санагдана. ЖДҮ нийгмийн дуулиан шуугианы төвд байна. Энэ сэдэв намжих болоогүй, харин ч асаж байна. Үүнийг байдаг л үзэгдэл мэтээр хүлээж аваад өнгөрч боломгүй.

 

“Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээс өмнө инфляц хоёр оронтой тоонд байсан. Хөтөлбөр хэрэгжих явцад аажмаар буурч, нэг оронтой тоо руу орсон. Инфляц болон төлбөрийн тэнцлийн дарамтаас улс маань бүрэн гарч, гадаад худалдаа алдагдалтай бус ашигтай болсноор төсвийн урсгал тэнцэл сайжирсан. Хэрэв ийм хөтөлбөр тэр үед хэрэгжүүлээгүй бол эдийн засаг илүү агшиж, иргэдийн худалдан авах чадвар ч муудах байсныг зарим тооцоо, судалгаа бэлхэн харуулна. Юун ипотекийн зээл, үндэсний үйлдвэрлэл хөгжих.

 

Компаниуд өндөр хүүтэй банкны зээл авч чадахгүй, зээлтэй нь хүүгийн дарамтаас гарч дийлэхгүй,  ажилчдаа халж, бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ зогсоох, улмаар татварын орлого тасрах хүндхэн нөхцөл байдал үүсээд байсныг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр сөрөөд гарсан байдаг юм. Ажилгүйдэл нэмэгдэж, амьжиргаа улам муудах байсныг энэ хөтөлбөрөөр зогсоосон. Тэрчлэн инфляц халаас “цоолох” байсныг хөндлөнгийн байгууллагын хийсэн судалгаанд ч дурдсан удаатай. Мөнгөний бодлогоор дамжуулан төсвийн шинжтэй мөнгөний нийлүүлэлт хийгдсэн ч эдийн засагт энэ нь ажлын байр болж, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлээ тэлэх, бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлэх боломж олгож, хүмүүсийг хөдөлмөрийн бүтээмжийг найман хувийн зээлээр дамжуулан сайжруулахад хүргэсэн юм.

 

Том зургаар нь авч үзвэл, эдийн засгийн уналтыг хямрал болголгүй аваад гарсан нь одоо ад болж байгаа энэ  “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн гол үр дүн байжээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр шатахууны үнийн дарамтыг энэ амьдралаараа амсаагүй үлдсэн. Эдийн засаг хэчнээн доройтсон ч айл өрхийн амьжиргааны түвшин арай л дээр, хүмүүсийн худалдан авах чадвар тэнхээтэй байж. Нийгмийн бухимдал ч арай бага байлаа. Тэр үед инфляц 10 хувь давчихсан байсан. Манай улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг голлох экспортын түүхий эд болох нүүрс, зэсийн үнэ уначихсан гээд хүндрэл болгоныг энд тоочоод барамгүй. Өнөөдрийнх шиг төсвийн орлого савнаасаа халиагүй юм.

Улсын төсвийн алдагдал ч тэнгэрт тулсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт татарч байсан цаг. Ийм хүнд үед иргэддээ үнийн өсөлтийг үүрүүлэхийг тухайн үеийн Засгийн газар урьтал болгосонгүй. Халаасыг нь холгох бодлого ч баримталсангүй. Тэд зах зээлийн эдийн засагт нийцсэн өөр боломж, гарцыг эрэлхийлсэн нь товчоор “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” байсан юм. Эдийн засгийн хүндрэлийг иргэддээ наахгүй гэсэн шийдэл нь энэ хөтөлбөр байж. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд шатахууны үнэ хөдөлсөнгүй, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш өөдөө, уруугаа болсонгүй.

 

Стратегийн хүнсэнд тооцогддог гурилын үнэ энэ үед ч тогтвортой байж чадсан.  “Алтан тариа” компанийн гурил олон айлын сар шинийг буузыг бууз биш болгосон тэр жилийг уншигч та санах биз ээ. Ургац алдсан, буудайн чанар муудсан, импортын буудай яригдаж асан цагаар компаниуд зарим нь иргэдээ бодоод нийлүүлэлтээ хүртэл түр зогсоогоод байсан. Ийм хүнд үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжсэн байдаг. Хөтөлбөрийн хүрээнд үнэ тогтворжоод зогсохгүй үндэсний үйлдвэрлэл сэргэж, инфляцыг бууруулж чадсан юм. Ингэснээр ажилтай, орлоготой монгол хүний өрхийн орлогыг хамгаалж чадсан төдийгүй улмаар иргэдээ орон сууцжуулах үндэсний хэмжээний ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн түүхтэй.

 

Барилгын материалын үйлдвэрлэл үүнтэй зэрэгцээд хөл дээрээ босож, гадагшаа урсгадаг байсан валютын урсгал хамаагүй хумигдсан. Барилгын компаниуд ажилтай болж, хүмүүс нь цалинтайгаа залгасан. Бүтээн байгуулалт ид өрнөж, барилгын үндсэн түүхий эд цементийн үйлдвэрүүд ар араасаа ашиглалтад орж, “Импортын цемент баяртай” гэж итгэл төгс хэлэх тэнхээтэй болсон, бид. Энэ бүхэн ердөө “өчигдөрхөн” болоод өнгөрсөн явдал. Тоолбол, 3, 4 жилийн өмнө. Шатахууны үнийн одоогийн энэ огцом өсөлтийг тогтоож чадахгүй, газрын тосны үйлдвэрт найдаж суугаа салбарын сайд нь хүртэл “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг үгүйлэн санаж, хөтөлбөр зөв байсныг хожим нь хүлээн зөвшөөрч сууна.

 

Арилжааны хүүгээс хоёр дахин бага хүүтэй байрны зээлийн суурь нөхцөлийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр тавьсан. Найман хувийн зээлийн үр дүнг нь биеэр амссан хүмүүс жил ирэх тусам нэмэгдэж, өнөөдөр ипотекийн зээлд хамрагдсан хүний тоо 100 мянга руу дөхөж байна. Найман хувийн зээл гэсэн банкны эрэлт ихтэй шинэ бүтээгдэхүүн бий болж, утаанаас салах хамгийн бодитой шийдэл нь орон сууц юм байна гэдгийг бүх нийтээрээ ойлгож эхэллээ.

Залуучууд байрны урьдчилгаатай, тогтсон нэг ажилтай бол байртай болох улам хялбар болж байна. Санхүүжилт танагдсан ч жилд хамгийн багадаа 5000 өрх орон сууцны түлхүүрээ гардан авдаг боллоо. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн сайн нь саараасаа их байжээ.

 

Б.МАНДАХБАЯР

 

 

2 thoughts on ““Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг үгүйлэхийн учир

  1. Anonymous

    нээрээ л энэ үед бинзений үнэ нэмэгдэхгүй байсан одоо хэд хүрчээд байгаа билээдээ

  2. Anonymous

    Золжаргалын л гавьяа юм даа, даан ч хүмүүс мэдэхгүй юм даа, зохицуулалт сайн хийсэн дээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.