Ц.Нямдорж сайд ТӨБЗГ-ын даргаар Х.Балсандоржийг томилуулахаар зүтгүүлжээ
2018 оны 12 сарын 4

-Х.БАЛСАНДОРЖИЙН МАТЕРИАЛ АТГ-Д ХЯНАГДАЖ БАЙНА-

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/ буюу хуучнаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Ням-Осор ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн компанид 500 сая төгрөгийн зээл авсан асуудлаас үүдэж, ёсзүйн хариуцлага хүлээн албан ажлаа хүлээлгэн өгөөд буй. Засгийн газраас ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорын  ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авсан хэдий ч нөхөн томилгоог явуулаагүй байгаа юм.

Уг томилгооны асуудал Засгийн газрыг огцруулах үндэслэлийг байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхтэй зэрэгцсэн. Тиймээс ч хөшигний ард тодорхой тохироо хийгдэх зорилгоор нэлээд яриа өрнөсөн гэх мэдээлэл байгаа юм. Тухайлбал, нэр бүхий УИХ-ын гишүүн өөрийн төрсөн ахаа ТӨБЗГ-ын даргаар томилуулж, Засгийн газрыг огцруулахын эсрэг кноп дарахаар ярилцсан гэх мэдээлэл ч гарсан юм.

Ямартай ч Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Увс аймгийн гаралтай Х.Балсандоржийг ТӨБЗГ-ын даргад зүтгүүлж, АТГ-т материалыг нь хянуулахаар илгээлгэж амжжээ. Х.Балсандорж нь 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нэгэн юм. Тэрээр өнгөрсөн жилүүдэд “Багануур”, “Шивээ овоо” төрийн өмчит хувьцаат компаниудын гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.