Гурилын үнэ тогтвортой байгаа нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүн
2018 оны 12 сарын 4

Инфляц эдийн засгийн “дайсан” болж, төсөв, мөнгөний бодлогын гол сорилт болж байсан 2013 онд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг Засгийн газар, Монголбанк хэрэгжүүлэхээр болсон юм. Ийм хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага ч энэ үед үүсээд байлаа.

Дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах хэмжээний “бяр”-тай бус хямралд хиар цохиулахаар эмзэг байсан цаг. Тухайн нөхцөлд инфляцын хэлбэлзэл өндөр, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өөд, уруугүй хэлбэлзэж, энэ хэрээр өрхийн худалдан авах чадвар муудаж байсан. Тиймээс инфляцыг бууруулах, иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах үүднээс дээрх хөтөлбөрийг эхлүүлж, богино хугацаанд үр дүн нь эдийн засагт мэдрэгдэж эхэлсэн юм. Тэр нь инфляцыг нам түвшинд авчирч, нийлүүлэлтийн гаралтай инфляцын өсөлт гэгч арилсан. Ингэснээр бага, дунд орлоготой иргэдийнхээ амьжиргааг доройтохоос сэргийлэх арга хэмжээг энэ хөтөлбөрөөр авсан билээ.

Хэрэглээний үнийн индекс буюу инфляцын гуравны нэгийг 2013 онд нийлүүлэлтийн гаралтай инфляц, түүний дотор хүнс, махны үнийн өсөлт дангаар бүрдүүлж байв. Энэ үед төсвийн зардал, халамж, хувийн хэрэглээ огцом тэлсэн, нийт эрэлт ч нийлүүлэлтээ давчихаад байсан юм. Ийм ээдрээтэй цаг үед инфляцыг бууруулж, нам, тогтвортой түвшинд байлгах зайлшгүй шаардлага гарсан нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэх шалтгаан болсон. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан иргэдийн өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, нөгөө талдаа хувийн хэвшлээ дэмжих замаар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжсэн. Үр дүнд нь үнийн өсөлт иргэдийн нурууг холголгүй намжиж, инфляц эдийн засгийн бодит өсөлтийг дэмжсэн. Ажлын байр хадгалагдсан.

Хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэлтийн гаралтай инфляц 3 жилийн дотор тэг болж, хэрэглээний индексээр хэмжигдэх жилийн инфляц 14 хувиас буурч, 1.9 хувь хүртэл буурсан.

Өнөөдрийн нам, тогтвортой инфляцын хөрс, суурь анх ингэж бүрдсэн. Байнга л инфляц ярьж, инфляцын өсөлтөөс үүдэн мөнгөний бодлогоо чангалж, энэ нь зээлийн хүү буурахгүй байхад хүргэдэг байсан Монголбанк одоо инфляцын тухай ярих нь эрс багассан.

Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, бодлогын хүүгээ нэг хувиар нэмлээ. Гэхдээ шалтгаан нь өнөө инфляц байсангүй. Сонгууль угтсан жилийн өмнөх хэт задгай, өөдрөг төсөөлөлд умбасан төсөв зохиосон Засгийн газар үүний буруутан нь болж байна. Яах аргагүй эдийн засгийн бодит боломжоос хэтэрчихсэн, өндөр алдагдалтай төсөв баталсан нь бизнест ирэх мөнгөний нийлүүлэлтийг хумьж, бодлогын хүүгээ Монголбанк дээшээ ахиулахад хүргэлээ.

Өрхийн “хэтэвч”-ийг үнийн өсөлтөөс хамгаалсан энэхүү хөтөлбөрийг одоо улстөржүүлэх, сонгуулийн “зэвсэг”, аль эсвэл нэгнээ муухай харагдуулах гэсэн “технологи” болгож байгаа нь харамсалтай. Шатахууны үнийн удаа дараагийн нэмэгдэл, ам.долларын ханшийн огцом өсөлт эдийн засагт бий болоод удаж байхад таны идэж байгаа талх, махны үнэ тэнгэрт тултал, өрхийн бодит боломжоос даваад явчихсангүй, хэлбэлзсэн хэдий ч тодорхой түвшинд хэвээр байна. Хавар махны үнийн нөлөө инфляцыг хөөрхөн шоглож орхидог. Хэдий тийм боловч эргээд хуучин үнийнхээ түвшинд ойртдог. Өрхийн амьжиргааны зардалд томоохон хувь, хэмжээ эзэлдэг энэ мэт бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үргэлжилж буй үр дүн гэхэд дэгдсэхгүй байх аа.

Хөтөлбөрийн хүрээнд авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, шалгуур үзүүлэлт хангаагүй аж ахуйн нэгж зээл авсан байна гэсэн дэл сул яриа хэл сүүлийн үед ЖДҮ-тэй зэрэгцээд гарч байгаа. Зөрчилтэй гэгдэх тэр хэлээд байгаа аж ахуйн нэгжүүд нь өнөөдөр үйл ажиллагаагаа өргөжүүлж, ажилтныхаа тоог нэмэгдүүлж, улс орны ачааны хүндийг үүрээд, эдийн засагт өсөлт бий болгоод явж байна. Гэтэл тоо баримтгүй, нотолгоо, дүгнэлтгүйгээр хувийн хэвшил рүүгээ үнэн, худал нь үл мэдэгдэх амнаасаа хариуцлагагүй, хийтэй унагасан үгээрээ зарим улстөрч довтолж, үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг сэвтээж, бизнест нь саад хийх гэж оролдож байгаа нь илт анзаарагдах болсон нь нууц биш. Чухамдаа хэнийг нь жинхэнэ “Эх оронч вэ” гэж эргэлзэхэд хүрч байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд мах, гурил, шатахууны жижиглэнгийн худалдааны үнийн өсөлт хамаагүй буурч, тогтворжсон. Уг хөтөлбөрийн хүрээнд эргэн сануулахад, таван дэд хөтөлбөр хэрэгжсэн. Тухайлбал, түүний нэг нь гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр байсан юм.

Гурилын үйлдвэрүүдийн улаан буудай худалдан авахад хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхээр Монголбанкнаас дотоодын банкуудаар дамжуулан зээл олгож, 2013 онд гэхэд 23 гурилын үйлдвэрт 48.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон.

Банкны шаардлага хангасан нь зээл авсан гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд энэ авсан мөнгөө төлөөд хэдийнэ дууссан бөгөөд эндээс улс хохирч үлдээгүй. Харин ч иргэддээ хямд гурил идэх боломж олгоод зогсохгүй үндэсний үйлдвэрүүд сая нэг амьсгаа авч, сэргэсэн билээ. Хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаа өдгөө хэвийн явагдаж, одоог хүртэл зах зээл дээрх гурилын үнэ харьцангуй тогтвортой байна.

Өнгөрсөн хугацаанд гурилын үнэ нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. Гэхдээ энэ нэмэгдэл өрхийн эдийн засгийг доройтуулах хэмжээнд байгаагүй. Эргэн сануулахад, 2010 оны аравдугаар сарын 22-ны өдөр дээд гурил, энэ оны арваннэгдүгээр сар 20-ны өдөр 1,2-р гурилын үнэ нэмэгдсэн. Үүний шалтгаан нь буудайн үнэ өртөг өндөр байгаа тул аргагүй эрхэнд нэмэхэд хүргэсэн гэж аж ахуйн нэгжүүд тайлбарлаж байна.

Тэгвэл “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээгүй бол яах байсан бэ. Ийм тохиолдол тэр үед гарсан бол эдийн засагчдын хийсэн зарим судалгаагаар, үйлдвэрүүдэд улаан буудай худалдан авах эргэлтийн хөрөнгийн хомдол үүсч, үйлдвэрлэл доголдох, зах зээл дээрх гурилын нийлүүлэлт багасч, үнэ өсөх эрсдэл байлаа.

Сүүлийн хэдэн намар ургац алдсан гээд гурилын үнэ хэдэнтэй нэмэгдэж болох л байсан. Гэхдээ энэ өсөлтийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр хаачихсан байсан тул эдийн засагт ч, бидний амьдралд ч ийм нөлөө бага орж ирсэн гэсэн үг. Хөтөлбөрөөр дамжуулан гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл өгч, стратегийн хүнсний үнээ тогтвортой хадгалж үлдсэн нь иргэдийн халааснаас гарах байсан асар их хэмжээний мөнгийг хэмнэж, өрхийн орлогыг хамгаалсан байна.

Б.ТЭНҮҮН

 

 

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.