Хятадыг шинжлэх ухаанчид удирдаж байна
2018 оны 12 сарын 4

Хятад улс гэхээр таны санаанд юу орж ирж байна? Ихэнх хүмүүсийн санаанд Цагаан хэрэм, фэнг шүй, хачирхалтай хоолнууд, панда, хямд бүтээгдэхүүн, коммунизм, тулааны урлаг гэх мэт зүйлс орох байх. Энэ жагсаалтад Хятадын талаар заавал мэдэх ёстой нэгэн ойлголтыг нэмэх нь зүйтэй. Энэ нь Хятадын удирдагчдын дийлэнх нь эрдэмтэд, инженерүүд байдаг тухай юм. Та Монголын төрийн өндөр албан тушаалтнуудаас эрдэмтэд, инженерүүдийгийг нэрлэнэ үү. Гүүглэ битгий ашиглаарай. Өөрийн санаж байгаагаараа л хариул. Дандаа бөхчүүд, наймаачид л санаанд орох нь лавтай.

Хятадууд шинжлэх ухааны мэргэжилтэй удирдагчдаа төрийн хэрэг, улс орны томоохон  асуудлуудыг шийдэх чадвартай, төрийн албан тушаалд өндөр хариуцлагатай ханддаг гэж үзэн маш ихээр үнэлдэг.  Өмнөх Засгийн газарт томоохон 9 албан тушаалын 8 дээр нь шинжлэх ухааны, инженерийн мэргэжилтэй хүмүүс ажиллаж байв. Ийм төрийн түшээдтэй байх нь  Хятадыг инновацид төвлөрүүлж, шинжлэх ухаан технологид түшиглэсэн үйлдвэрлэл нэмэгдэгдүүлхэд хүргэсэн. Гэхдээ дараа нь Засгийн газар эдийн засагчид, шинжлэх ухаанчид, сэтгүүлчдээс  бүрддэг болоход энэ хандлага бага зэрэг буурсан байна.

Гэсэн хэдий ч эрдэмтэн, инженерүүд одоо хүртэл Хятадын хамгийн өндөр төрийн албан тушаалтнуудын тоонд ордог. Эдний дунд Ши Жиньпин, Ю Жингшен нар ч багтаж байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч, Коммунист намын тэргүүн Ши Жиньпин нь БНХАУ-ын Бээжингийн Цинхуа Их Сургуульд химийн инженер мэргэжлээр суралцсан. Энэ сургуульд мөн Хятадын экс ерөнхийлөгч Ху Жиньтао усан цахилгаан станцын инженерийн мэргэжлээр суралцаж байжээ. Ши Жиньпин мөн хууль зүйн ухаанаар Цинхуа Хүмүүнлэгийн дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан. Мөн БНХАУ-ын Ардын улс төрийн зөвлөлдөх үндэсний бага хурлын Үндэсний хорооны дарга Ю Жингшен нь инженер мэргэжилтэй. Тэрээр Харбины Цэргийн Инженерийн Хүрээлэнгийн Пуужингийн Инженерийн Хэлтэс дээр баллистик пуужин автоматжуулалтын ангийг төгссөн. Ю Жингшен 1980-аад онд Электроникийн яаманд элсэн орохоосоо өмнө бараг хорин жилийн турш электроникийн салбарт ажилласан байна.

Хятадын инженерүүд улс төрийн дээд албан тушаалтнуудад давамгайлдаг төдийгүй засгийн газрын бүх түвшинд ажиллаж байна. Ард түмэн нь ч тэднийг төрд гарахыг дэмждэг. Энэ талаар Ли Ченг, Линн Вай нар “Эх газрын Хятад, Тайвань дахь элит хувирал, орчин үеийн өөрчлөлт” хэмээх нэртэй  судалгаа хийн яагаад Хятадын улс төрийн элитүүдийн эрдэмтэд, инженерүүд давамгайлж байгааг тайлбарлажээ. Тухайн үед судлаачид хотуудын намын сая гаруй нарийн бичгийн дарга, мужийн захирагч, мужийн намын нарийн бичгийн дарга, бие даасан бүс нутаг, мужийн захиргааны гишүүд, төв хорооны гишүүдийг хамруулан судалгаа хийсэн бөгөөд. Тэдний 80 хувь нь шинжлэх ухаан, технологийн хүмүүс гэсэн үр дүн гарав. Энэ нь төрийн албан тушаалд байгаа хүмүүсийн 10 хүн тутмын  8 нь шинжлэх ухааны, инженерийн чиглэлийн хүмүүс байна гэсэн үг. Хятадын улс төрд технократ ёс нэвт шингэсэн байдаг. Алдарт Мэнзийн нэгэн цагт хэлж байсан “Толгойгоороо хөдөлмөрлөдөг хүмүүс гараараа хөдөлмөрлөдөг хүмүүсийг захирах ёстой” гэх үгийг санацгаая!

Эх сурвалж: GineersNow

Хариулт үлдээх

Your email address will not be published.