Ч.Сарантуяа: Хүйтний эрч улам чангарна
2018 оны 12 сарын 4

Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан болон шороон шуурга шуурсан. Тиймээс энэ сард болон энэ өвөл цаг агаарын нөхцөл байдал ямар байх талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Ерөнхий технологич Ч.Сарантуяагаас тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ. Сүүлийн хоёр өдөр хүйтний эрч эрс чангарлаа?

-Намрын сүүлийн саруудад харьцангуй дулаан байсан. Арав болон арваннэгдүгээр сард бүх нутгаар  харьцангуй дулаахан хур тунадас бага орлоо. Арваннэгдүгээр сарын сүүлийн 10 хоногт зарим газраараа огцом дулаарч баруун аймгууд болон төвийн бүсийн нутгаар  өдөртөө 7-12 градус хүрч дулаахан байсан. Арванхоёрдугаар сар гараад 1, 2-нд нутгийн баруун болон төвийн бүсийн зарим нутгаар цас орлоо. Гэхдээ энэ цас тийм ч их биш байлаа. Ховд, Говь-Алтай аймгийн Алтай сум болон Булганы ганц хоёр сумд тухайлбал, Дашинчилэн, Энхтолгойд 5-9 миллиметр, бүс нутгаараа 0,1-3 миллиметр цас орсон. Арваннэгдүгээр сарын сүүл гэхэд цас маш бага орж нутгийн 30 хувь орчим л цастай байлаа. Увсын хойд тал Малчин, Завханы хойд тал, Хөвсгөлийн Хатгал талруугаа Улаан-Уул орчимд 10-15 сантиметрт хүрсэн. Энэ нь зам тээврийн салбарынханд нэлээн хүндрэлтэй туслаа. Энэ сарын нэгэн болон 2-ныг харьцуулахад хоног хоорондын температурын зөрүү 10-22 градус байна. Өнөөдөр болон маргааш говийн бүс нутаг, зарим газраар бага зэргийн зөөлөн цас орно. Ихэнх нутгаар 7-12, Говийн бүс нутгуудаар 12-14 метр секунд хүрч явган шуурга шуурах төлөвтэй байна.

Цаашид цаг агаар ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ нөхцөл байдал хэзээг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна?

-Энэ сарын 5-наас эхлээд хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Энэ чангаралт энэ сарын найман хүртэл үргэлжилнэ. 4, 5-нд Говийн бүс нутгийн зарим газраар бага зэргийн зөөлөн цас орно. Харин энэ сарын 10-наас эхлээд сарын дунд хүртэл хүйтний эрч сулрах төлөвтэй байна.

-Өнгөрсөн баасан гарагт цаг агаарын нөхцөл байдал хүндрэх талаар танайхаас мэдээлэл хийж байсан. Харин санасныг бодвол дажгүй өнгөрөх шиг боллоо. Тухайн аймгуудын нөхцөл байдал  одоо ямар байна?

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлээд цаг агаарын онц хүйтрэлт болох талаар манайхаас мэдээлж, сэрэмжлүүлэг мэдээллийг тараасан. Өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 1-нд шилжих шөнөөс эхлээд баруун аймгуудын нутгаар, энэ сарын 1-2-нд шилжих шөнө Төвийн бүс нутаг, 2-нд Зүүн бүсийн нутгуудаар хүйтэрч эхэлсэн. Зарим аймгуудаар 24-28 метр секунд хүрсэн. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурлаа. Ялангуяа төвийн бүсийн Булган, Сэлэнгийн нийт нутгаар шуурч, цаг агаар нэлээн муудсан. Одоо бол нөхцөл байдал харьцангуй тайван байгаа.

– “Энэ өвөл их хүйтэн жил болно” хэмээн хүмүүс ярьж байна. Энэ мэдээлэл танай газраас гаргасан албан ёсны мэдээлэл мөн үү?

-Ер нь жил болгон л ийм яриа гардаг шүү дээ. Манай байгууллагаас гаргасан төлөвөөр 12, 1, 2 дугаар сарын мэдээлэл л гарсан байна. Арванхоёрдугаар сар ерөнхийдөө бол Монголын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дундаж орчим гэхдээ зарим газраар хүйтэн байна. Ялангуяа цас тогтож байгаа баруун аймгуудын нутаг, нутгийнхаа баруун хэсэг болон хойд, өмнө хэсгээрээ, төвийн бүсийн хойд хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгүүдээр дунджаасаа хүйтэн байх төлөвтэй байна. Тунадасны хувьд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын хойд болон зүүн хэсгээр дунджаасаа ахиу , нийт нутгаараа дунджийнхаа түвшинд байна. Нэгдүгээр сарын хувьд Баян-Өлгий, Увсын нутаг, Архангай  аймгийн өмнөд хэсэг, Дундговь, Төв аймгийн урд тал,  Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатар, Дорнодынхоо нутгаар уур амьсгалын дунджаасаа ахиу цас орох төлөвтэй байгаа бол алтайн өвөр нутаг болон Хөвсгөл, Булганы орчмоор дунджаасаа бага хэмжээний цас орох төлөвтэй байна. Температурын хувьд хойд болон зүүн хэсгээр хүйтэн, өмнөд болон говийн бүсийн нутгаар харьцангуй дулаан байх шинжтэй байна.

-Ер нь бол  энэ жил баруун аймгуудын нутгаар нилээн хүйтрэх шинжтэй гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө цас харьцангуй бага байна. Цаашдаа орох цасны хэмжээнээс л хамаарна. Энэ сарын эхний 10 хоног уур амьсгалын дунджаасаа нэлээн хүйтэн байна. Харин дунд 10 хоног болон сүүлийн 10 хоногт эхний 10 хоногийн хүйтрэлд хүрэхгүй.

-Энэ өвөл цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

-Ямар өвөл болох  вэ  гэдэг нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Дэлхийн уур амьсгал, зуншлага ямар болсноос үүдэн өвлийн уур амьсгалын дүр зураг гарна. Ерөнхийдөө температур бол нутгийнхаа зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага зэрэг дээгүүр говийнхоо бүс нутгаар харьцангуй дулаан байх шинж төлөвтэй. Хоёрдугаар сардаа нийт нутгаар хэвийн уур амьсгалын дундаж түвшиндээ байх шинжтэй байна. Цас баруун болон төв, зүүн аймгуудын салхины нутгаар  цастай байх төлөвтэй байна. Зудын эрсдлийн зэргийг мэдээллээс харахад нутгийн 20 хувь орчим зудтай байх төлөвтэй байна. Ялангуяа Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг нутаг Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай төв газраараа зудын эрсдэл өндөр. Тэр дундаа Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумдаар зуд болох нэн эрсдэлтэй байгаа . Саяны энэ салхи шуурга, огцом хүйтрэлийн явцад цасны хэмжээ нэмэгдээд байна. Өвөлжилтийн нөхцөл байдлын тухайд 12 дугаар сарын сүүлээр болон нэгдүгээр сард яг хаагуур цас орох нь чухал. Энэ байдлаас шалтгаалан өвөлжилтийн байдал хаагуур хүнд болох вэ гэдгийг харж чадна. Манайхны төлөвөөр Баруун бүсийн аймгуудын цаг агаарын байдал ерөнхийдөө тааруу байх ч энэ нь Төв болон зүүн бүсүүд рүү орвол хаврын саруудад нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.