Х.Баделхан: Орон сууцны хөнгөлөлттэй зээлийг анх удаа орон сууц авч байгаа хүмүүст олгоно
2018 оны 12 сарын 6

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Ипотекийн зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар орон сууцын хөнгөлөлттэй зээлийг баталсан. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт  Ипотекийн зээлийг хөнгөвчлөх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээн тусгасан. Энэ хүрээнд өнөөдрийн журмыг баталсан. Тус журмыг батлахаас өмнө Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанкнаас хамтарсан ажлын хэсэг гарч зээлийн их үүсвэрийг нэмэгдүүлэх ямар боломж бололцоо, хүртээмжийг сайжруулах аргыг судалж үр дүнг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж дэмжлэг авсан. Энд хэд хэдэн зүйлийг шийдвэрлэсэн. Нэгдүгээрт орон сууцны хөнгөлөлттэй зээлийг анх удаа орон сууц авч байгаа хүмүүст олгоно. Хоёрдугаарт тухайн нийслэл, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд хөнгөлөлттэй зээлийг олгоно. Мөн гэр хороололд орон сууц барихад олгоно хэмээн шийдсэн.

Тодруулбал гэр хорооллын орон сууцад тухайн нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөнд орсон, эрчим хүчний хэмнэлттэй, инженерийн дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууцад олгоно. Үүнээс гадна шийдсэн томоохон ажил нь зээлийн их үүсвэрийг нэмэгдүүлсэн.

Өмнө нь улсын төсөв болон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс олгосон мөнгийг дөрвөн хувиар тооцож банкуудад олгож банк зээлийн хэмжээг нэмэгдүүлж олгодог байсан. Бид үүний эх үүсвэрийг улсын төсөв болон Монголбанкны эргэн төлөлтийн эх үүсвэрийг нэг хувь болгож бууруулсан. Ингэснээр зээлийн хүртээмж бүрдэх боломж бүрдэж байгаа юм. Зээлийн урьдчилгаа хэвээрээ байгаа. Манай улс ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хүрээний хөтөлбөртэй хамтарч ажиллаж байгаа учраас зээлийн хүүгийн хэмжээний урьдчилгаа хүүг бууруулах боломжгүй байна. Мөн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэж байна гэж үзэж болно” гэсэн юм.

Б.ЗУЛАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.