Ж.Мөнхбат: Засгийн газар УИХ-ыг бойкотлож байна
2018 оны 12 сарын 6

2018-12-06-Улс төр

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдын томилгоог хэлэлцэх гэж байна. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг чуулганы хуралдаанд орж ирэхийг гишүүдийн зүгээс хүсч, УИХ-ын дарга М.Энхболдод уламжиллаа.

Харин Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Чуулганы хуралдаанд 39 гишүүн оролцож байна.

ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг нэр дэвшүүлээд байгаа билээ.

Ингээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Чуулганы нөхцөл байдал ийм байгаад харамсч байна. УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьж болно. Гэхдээ хууль батлах, хэлэлцэх, чуулганы хуралдааныг ийм байдалд оруулмааргүй байна. Та бүхэн энийгээ нам дээрээ хэлэлцэж болохгүй юу. Ажилд битгий саад бол. Ч.Улаан гишүүнээс ичиж байна. Өөрийг нь сайдаар томилохоор хэлэлцэх гэхээр ороод ирдэг. Бусад үед гадаа гараад суучих юм. Тиймээс дараагийн асуудлыг хэлэлцэж эхлэе” гэдэг горимын санал гаргалаа.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Монголын төр эмгэнэлт драм, хошин шогийн байдал руу орлоо. Өвөлжилт, тариаланчдын асуудал маш хүнд байна. Салбар нь сайдгүй байна. МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлөөр ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилно гээд 100 хувь дэмжчихээд одоо Ерөнхий сайд нь, сайд нар нь орж ирэхгүй байна.  УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Г.Занданшатар нар орж ирсэн хэрнээ картаа хийхгүй гараад явлаа. Сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан нар орж ирсэн хэрнээ картаа хийгээгүй л байна. Сайд Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа нар л картаа хийгээд байна. Засгийн газрын сайд нар УИХ-аа бойкотлож байна.  Монголын төр тоглоом юм уу. Сайд нарыг нь томилоод өгье гэхээр Засгийн газрын тэргүүн нь орж ирэхгүй, сайд нар нь орж ирэхгүй. Засгийн газар ямар ичдэггүй юм бэ. Хэрвээ үнэхээр шударга ёсыг тогтоох гээд байгаа бол миний баланкан дээр гарын үсгээ зураад УИХ-аа тараа л даа. Ард түмнээрээ дүнгээ тавиул л даа. Өчүүхэн эрх ашгаа улс эх орны өмнө тавьдгаа боль” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.