ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр хариуцлага хүлээж, ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018 оны 12 сарын 6

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ-/ийн ажилтнууд тус эмнэлэгт амаржихаар ирсэн эмэгтэйд тусламж үзүүлээгүйгээс болж эх эмнэлгийн гадаа буюу машинд амаржсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар дөнгөж сая тус төвийн захирал Ш.Энхтөр Эрүүл мэндийн яаманд мэдээлэл хийх үеэрээ тайлбар хийж, хариуцлага хүлээж, ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсч байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд бид байнгын дотоод хяналт тавьж байдаг. ЭМЯ болон хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй өнөөдөр уулзаж, ярилцсан. Эхийн хувьд өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. Тухайн ээж 26 настай, хоёр дахь жирэмслэлт, анхны төрөлт байсан. Эмэгтэйн төрөх үйл ажиллагаа өдрөөс эхэлсэн байсан. ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах байх гэж бодон, такси хөлсөлж манай төвд ирсэн юм билээ.

Манай эмнэлэг төрөх эхчүүд болон хүүхдийг яаралтай хүлээн авч үйлчлэх хоёр тасагтай. Амаржсан ээж таксины жолоочтой хамт эхлээд Хүүхдийн хүлээн авах тасагт руу орж Төрөхийн хүлээн авах тасаг хаана байдгийг асуусан юм билээ. Эмч, сувилагч нарын хэлж буйгаар жолооч орж ирж, төрөхийн хүлээн авахыг асуусан байгаа юм. Магадгүй, эмнэлгийн ажилтнуудад өвдсөн эх харагдаагүй байх. Түүнээс биш өвдсөн эх, ус нь гарсан тохиолдолд ямар ч эмч түүнийг буцаах үндэслэл байхгүй. Ингээд залгаж аван, гарч явах замд нь төрөлт явагдсан. Эмч нар мэдсэн даруйдаа ойрхон байсан Хүүхдийн хүлээн авахад оруулж, яаралтай тусламж үзүүлсэн.

Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй байна. Эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа.

ЭХЭМҮТ тусламж, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахыг байнга зорин ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсч байна. Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгнөгэлээ.

Эрүүл мэндийн яамны холбогдох албанаас эмнэлэгийн ажилтнууд тухайн эхэд ажлын хариуцлага алдаж, ёс зүйгүй хандсан уу гэдгийг нарийн тодруулахаар ажиллаж байгаа аж. Хэрвээ буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх ажээ.

Э.ЭНЭРЭЛ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.