Өдөрт 500 гаруй автомашин хил нэвтрэх боломж бүрджээ
2018 оны 12 сарын 6

Монголын нүүрс Хятадын хил давахад бэрхшээл үүссэн нь олон асуудал дагуулсан. Нүүрсний экспортын тогтвортой байдлыг шийдвэрлэхэд улс төрийн түвшинд ярилцах, хэлэлцэх шаардлага тавигдаж буйг эдийн засагчид сануулж байсан. Тэрчлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ян Чин Дун, Улстөрийн зөвлөх Ли Янь Жүн нартай уулзаж ярилцсаныхаа дараа “Нүүрс тээвэрлэлт хэвийн болно” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл Тавантолгой ордоос олборлогдож, ачигдсан нүүрсийг Ганцмод боомтоор нэвтрүүлэхэд саад багассан байна. Өнөөдрийн байдлаар өдөрт 500 гаруй автомашин хилээр нэвтрэх боломж бүрдсэн байгаа бөгөөд цаашлаад 1000 гаруй автомашин нэвтрэх боломжтой болно гэж үзэж байна.

Сануулахад, Тавантолгой, Гашуунсухайт, Ганц модны боомт чиглэлд нүүрс тээврийн тэрэгний урт дараалал үүссэн асуудалд БНХАУ-ын ЭСЯ-наас анхаарал хандуулж, нүүрс тээврийн автомашины хил нэвтрэх тоог нэмэгдүүлэхийг Монголын талаас БНХАУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ян Чинаас хүссэн. Харин Хятадын талаас манайд байр сууриа илэрхийлэхдээ “БНХАУ-ын Засгийн газраас хилийн боомтууддаа техник, технологийн нэгдсэн шинэчлэлт хийж, ухаалаг системд шилжиж байгаа нь Ганцмод боомтын үйл ажиллагааг түр удаашруулсан. Боомт дахь технологийн шинэчлэлт дуусч буй бөгөөд энэ долоо хоногоос нүүрс тээврийн автомашинуудыг хилээр нэвтрүүлэх ажил хэвийн горимд шилжинэ, энэхүү түр зуурын саатал нь Хятад Монголын худалдаа эдийн засгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Ер нь бол нүүрсний экспорт гацсантай холбоотойгоор эдийн засагт тулгарах асуудлуудыг хэрхэх вэ гэдэг асуулт гол болоод байсантай зэрэгцэн нааштай мэдээ дуулдаж эхэллээ.

2018 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар боомт хүртэлх дараалал 100 км-ээс илүү гарч, өдөрт 50 машин л хилээр нэвтэрч байсантай харьцуулахад 500 машин нэвтэрч эхлээд байгаа нь эерэг мэдээ юм.

А.АДЪЯА

Хариулт үлдээх

Your email address will not be published.