Чуулган: ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хойшлууллаа
2018 оны 12 сарын 6

2018-12-06-Улс төр

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох эсэх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч тогтоолын төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д танилцуулаагүй гэдэг үндэслэлээр хойшлууллаа.

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол чуулганы хуралдаандаа суухгүй гэж бойкот зарласан. Бойкот үргэлжилж өнөөдөр зарим гишүүд чуулганы танхимын гадна суулт зарлаад байна. Мөн Засгийн газрын гишүүд хуралдаа суухгүй байгаа нь Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох асуудлыг ийнхүү хойшлуулахад хүргэлээ. Харин УИХ-ын дарга М.Энхболд “Г.Занданшатар сайдыг сайд нараа хуралдаа суулгахыг шаардаж байна” хэмээн анхааруулсаар байна.

Засгийн газрын гишүүд болон нэр бүхий гишүүдийн бойкоттой холбогдуулан УИХ-ын гишүүд горимын санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би Ч.Улаан сайдаас ичээд байна. Өөрийгөө томилох асуудлыг оруулж ирэхээр чуулганы хуралдаанд орж ирээд суунгуутаа, өөрийг нь дэмжихгүй ирцийг хараад картаа сугалчих юм. Би аль ч талд нь ормооргүй байна. Би яагаад болих ёстой юм. Би хулгай хийгээгүй, ЖДҮ-дээгүй. Маргааш танай намын таван гишүүний асуудал маргааш орж ирэх юм билээ. Өөрсдөө нэрсээ татах биз гэв.

Засгийн газраас асуудлаа танилцуулж хэлэлцүүлэхгүй байгаа учир хүлээхгүйгээр дараагийн хэлэлцэх асуудал руугаа орох саналыг гишүүд  гаргасны дагуу Байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.