Т.Ганболдын хэлсэн онцлох 10 ишлэл
2019 оны 1 сарын 8

Д.Дорлигжав бол Монголын маш олон компанийн захирлуудыг нийлүүлээд ч барахааргүй баян хүн. Төрд ажиллаж, улс төр хийж байсан хүмүүс яаж ийм их мөнгөтэй болдог юм. Ойлгомжтой, “ХУЛГАЙ”. Хулгай гээд намайг хэлчихээр нэр төрөө сэргээнэ гээд байгаа юм

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн захирал Т.Ганболд өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт уригдан Монголын улс төр, бизнесийн орчинд нүүрлэсэн үнэн төрхийг илчилсэн билээ. Түүний ярианаас онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

1. Анх “Алтан Дорнод Монгол” компанийг авахад нөхцөл байдал тооцсоноос ч хүнд байсан. Тухайн үед лац ломбыг нь тайлуулж үйл ажиллагааг нь тайлуулахын тулд тодорхой хэмжээний өр ширийг дарсан.

Энэ компани миний хувьд амжилт, эрсдэл хоёрыг аль алийг нь дагуулсан, арай ч ийм хүнд нөхцөлийг тооцоогүй. Тооны машины тооцоолллыг харсан, харин улс төр, төр засгийн эрх мэдлийг гартаа атгасан хүмүүсийн хандлагыг тооцож чадаагүй. Надад ямар нэгэн улс төрийн харьяалал байхгүй учраас хамгаалалт байгаагүй. Үүний үр дүнд бодит эрсдэл үүссэн, биеэрээ амссан. Тэр дунд сохор азаар амьд үлдсэн.

2. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ, үйлийн үр ч гэж бий. Үүнийг хүмүүс абсурд, толгой холбосон өгүүлбэр гэж л ойлгодог байх. Би үүнд одоо ч бат итгэдэг, тийм ч хүмүүжилтэй, ийм ч өвөөгийн гар дээр өссөн. Өнөөдөр ч дээрэмдүүлж байна.

3. Би  2008 оноос хойш Паушоктой харьцаж ирсэн. “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг худалдан авахдаа хууль ёсоор 18 сая доллараар худалдаж авсан. Энэ гэрээнд Д.Дорлигжавын төрсөн дүүгийн компанид хэдэн сая төгрөг төлөх талаар ямар ч зүйл заалт байхгүй. /Гэрээгээ үзүүлэв/ Харин энэ компанийг авах гэж байхад дундаас нь “Их замын дээрэмчид” гарч ирсэн хэрэг л дээ.

Д.Дорлигжав тухайн үед Монгол улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан хэрнээ авах гэж байсан компанийг намайг авчихлаа гэж төлөөллийн хүмүүсээрээ татвар, ёндоо нэхэж дарамталсан. Өөрийнхөө төрсөн дүү Ч.Бямбаа, төрсөн дүүгээрээ дамжуулаад. Энэ 4 сая доллар бол зѳвхѳн олонд ил болсон нэг хэсэг нь шүү дээ.Цаана нь бас байгаа

Энэ нөхөр чинь /Д.Дорлигжав/ хүмүүсээс нийт 130 сая доллар авсан байна гэж МАН-ын хариуцлагатай албан тушаалтай хүн надад хэлж байсан. 

4. Д.Дорлигжав 800 мянган долларын хэргийг дарж чадсан хүн. Тухайн үед УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарчихсан, олон нийтийн мэдээллээр хэрэгслээр цацагдчихсан байхад л замхруулж чадсан хүн.

Тэр мөнгө нь Англиар дамжаад Кипр рүү гарсан бүх баримтыг нь хууль, хяналтын байгууллага тогтоочихсон байхад л хэргээс мултарсан юм шүү. Одоо хавтаст хэрэг нь олдохгүй байлгүй. Бүгд үүнийг мэднэ. Одоо арай намайг гүтгэсэн, нэр төрөө сэргээлгэнэ гэж хэлж чадахгүй байлгүй.

5. Д.Дорлигжав бол Монголын маш олон компанийн захирлуудыг нийлүүлээд ч барахааргүй баян хүн. Эртний машины цуглуулгатай, амьдралын хэв маяг бол тансаглалдаа умбачихсан. Талийгаач болсон охиных нь барьдаг тансаг зэрэглэлийн цүнх гэхэд номын сан шиг болчихсон, охиных нь дансаас хэдэн сая доллар гарч байсныг олон түмэн мэднэ. Гэтэл иймэрхүү баримтууд нь илчлэгдээд явж байхад ичихгүй худал тайлбар яриад суудаг юм. 28 жил ингэж аргалж ирсээр дасал болчихсон учраас тэр. Үр хүүхдээрээ хүртэл туг тахьчихаад ойлгоогүй. 

5. Өөрсдөө одоо Монголын толгой олигархууд болчихсон. Төрд ажиллаж, улс төр хийж байсан хүмүүс яаж ийм их мөнгөтэй болдог юм. Ойлгомжтой, “ХУЛГАЙ”. Хулгай гээд намайг хэлчихээр нэр төрөө сэргээнэ гээд байгаа юм. Тэр андуурч данс руу орсон гээд байгаа мөнгөний тухайд Д.Дорлигжав прокурор алчих гээд байна гэж Голомт банкаас яриад байсан учраас данс андуурагдсан гэсэн бичиг хийж өгсөн нь үнэн. Түүнээс биш андуурагдсан гээд буцаад хийсэн юм байхгүй.

6. Хөгжиж байгаа улс орнуудын гаалийн байцаагч гар дээрээ ганц хоёр юм авдаг гэдгийг мэднэ л дээ. Авлига бол аливаа нэг ажлыг бүтээх, ашиг хонжоо хийхийн тулд өгдөг зүйл.  Харин намайг бол дээрэмдсэн. Монгол улсын ерөнхий прокурор хүн ийм зүйл хийж болохгүй. Энэ бол сүйрэл. Үнэндээ би энэ мөнгийг хандивласан ч чадна. Гол нь үүнийг дэлгэж дараа дараагийн хүмүүст алба нь ээлжтэй, хугацаатай гэдгийг мэдэж аваг, төрд зүтгэж байгаагаа бодож амьдраг гэж бодсон. 

Д.Дорлигжав яаж тэр их их дээд сургуулийг хувьчилж авсан, тансаг зэрэглэлийн машинтай болсон нь тодорхой.

7. Энэ улс төрд гарсан олигархууд дураараа дургиж 27-28 жилийг өнгөрүүлсэн. Одоо тэд ингэж чадахгүй. Олон нийтийн сүлжээгээр мэдээлэл нь тараад тэднийг рентген MRI аппарат шиг хардаг болчихсон. Ийм учраас цаашид худлаа ярьж, хулхидаж, ард түмнийг хуурч ингэж амьдардаг арга барил нь эцэс болно.

8. Би өөрийн тэсвэр тэвчээрээрээ өдийг хүртэл бизнест хүч сорьж ирсэн. Үр дүнд нь олон тооны хүнийг ажлын байраар хангаж Монгол улсын валютын сангийн нөөцийг зузаатгахад хувь нэмэр болж ирсэн бизнесийг удирдаж ирсэн. Би хэзээ ч ЖДҮХС, Хөгжлийн банк, концесс, тендерээс нэг ч мөнгө авч байгаагүй. Үүнийг шалгахад гараад ирнэ. Над дээр 2 ч удаа хэрэг үүсгэгдсэн, мэдээж хэрэг хийгээгүй юм чинь юу гэж ял авах вэ дээ, “Рекет Монголиа”-ийн төсөл хэрэгжиж байгаа юм чинь.

Намайг Ганц худагийн хорих ангиас Төв аймаг руу махны зоорь шиг хүйтэн хорих анги руу шилжүүлсэн. Намайг айна гэж бодсон байх л даа. Ингээд ярьж байгаа би азтай. Харин ярьж чадаагүй, “махны машинд” орсон хүн мөн ч олон байгаа.

9. Бид эрх тэгш нийгмийг бүтээхийн төлөө хэн хүнгүй дуугардаг байх ёстой. Би энэ улс төрийн бүлэглэлийн мангасуудаас айдаг насаа өнгөрөөчихсөн. Гэхдээ ард түмний амар амгалан, аз жаргалтайгаар төгсдөг үлгэрт би одоо болтол итгэдэг хэвээрээ.

90 онд хувьсгал хийж байсан туранхай хар залуучуудыг Э.Бат-Үүл, Ц.Элбэгдоржийг өнөөдрийн цаг үе руу шууд тавьчихвал пиндийтлээ таргалж, олигархжсан өөрийнхөө хувилбарынхаа тархийг хага цохих байлгүй.

Хөрөнгө мөнгийг нь шатаах биз. Гэтэл тэд мутацид ороод шал өөр үзэл бодолтой болчихсон хэрэг. Одоо шинэ цаг үе ирчихлээ.

10. ЖДҮХС-ийн зээлийг “Пүү паа” гээд байгаа хүмүүс 500 тэрбум төгрөгийг, төрийн өмчийн хууль дүрмийн гадуур авчихсан, орд газрыг тэвэрчихсэн улс шүү дээ. Тэгэнгүүт нөгөөдүүл нь ганц тэрбум төгрөг юм бэ  гээд явж байна.

Энэ хүмүүс аймаар зүйл хийсээр байгаад үүнийгээ юман чинээ тоохоо больчихсон. Дээр байгаа мангасуудтай харьцуулахад, нээрээ юу ч биш л дээ. Гэхдээ энэ бол гэмт хэрэг.  Үүнийгээ хүлээн зөвшөөрөөд буруугаа хүлээх ёстой.

Үнэндээ ЖДҮ-чид бол торгуулийн сумангийнхан. Эхлээд  том мангасуудыг дарах хэрэгтэй. Дараа нь ЖДҮ-чидтэй хариуцлага тооцож болно. Тэднээр тэр том мангасуудыг л даруулмаар байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.