Ц.Цолмон: УИХ-ын дарга М.Энхболд руу жагсагчдын төлөөлөл дайрсан
2019 оны 1 сарын 10

Жагсаалд оролцогчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсан. Тэгвэл тус уулзалтын үеэр болсон үйл явдлын талаар УИХ-ын тамгын газрын дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Түрүүн УИХ-ын гишүүд болон жагсагчдын төлөөлөгчид УИХ-ын даргатай ирж уулзсан. Энэ талаар УИХ-ын тамгын газрын зүгээс ямар нэгэн улс төрийн зорилгоор хандахгүй гэдгийг мэдэгдэж байна. 14.30 минутад УИХ-ын гишүүн Д.Аюурсайхан гишүүн над руу залгаж жагсагчдын төлөөлөгчдийн хамтаар орж УИХ-ын даргатай уулзах хүсэлттэй байна гэдгээ мэдэгдсэн. Нийтдээ 9 хүн УИХ-ын даргатай уулзахаар ирсэн. Гишүүд гарч ирээд сэтгүүлчдэд ямар мэдээлэл хийсэн бэ гэдгийг би мэдэхгүй байна. Харин би УИХ-ын даргын өрөөнд ямар үйл явдал болсон бэ гэдгийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр хүргэж байна. Төлөөллүүд УИХ-ын даргын шаардлагын хариуг хүлээж авч сонсоогүй. Энэ үеэр гишүүдтэй хамт орж ирсэн төлөөллүүдээс УИХ-ын дарга руу дайрсан. Энэ үйл ажиллагааг хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтынхан таслан зогсоосон” гэв.

Мөн тэрбээр “УИХ-ын дарга бол төрийн тусгай хамгаалалтад байдаг гурван албан тушаалтны нэг. Харьяалалын дагуу ямар байгууллага, ямар арга хэмжээ авахын би мэдэхгүй байна. Ямар ч байсан эдгээр хүмүүсийг УИХ-ын даргын өрөөнд баривчлах, саатуулах үйл ажиллагаа болоогүй. Тэр хүмүүс гараад жагсаал, цуглаандаа оролцоод явсан” гэлээ.

Х.ОЧ

One thought on “Ц.Цолмон: УИХ-ын дарга М.Энхболд руу жагсагчдын төлөөлөл дайрсан

Хариулт үлдээх

Your email address will not be published.