Ц.Нямдорж сайдаа, ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийг уучлахгүй гэсэн амлалтаа биелүүлээрэй
2019 оны 1 сарын 11

МАН-ынхан шившгийн хөндийн түүхээ бүтээсээр байна. Тэдний түүх хууль зөрчсөн гишүүдээ эргүүлэн татаж чадах эсэх асуудалтай холбогдон үргэлжлэх нь.  Энэ бол  ЖДҮХ сангаас хамаарал бүхий этгээдээрээ дамжуулж зээл авахдаа албан тушаал, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй гишүүдтэй хамаарал бүхий ээлжит шившигт түүх. Долоо хоногийн лхагва гарагт Прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргах хуультай. Нэг үгээр гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг шийдэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Уг нь өчигдөр уг асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч Г.Солтан гишүүн хүрэлцэн ирээгүйгээс хойшлуулсан. Жижиг, дундчуудад зориулсан сангаас эрх мэдлээ далайлган зээл авч, хуулийг гууль болгосон эрхэм гишүүдийн асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо ямар шийдвэр гаргах нь олон нийтийн анхаарлыг татсан асуудал хэвээр байна.

Уг нь Халдашгүй байдлын дэд хороог ахалдаг УИХ-ын гишүүн, ХЗДХ сайд Ц.Нямдоржийн ЖДҮХ сангийн асуудал сөхөгдөхөд “Бүтэн хоёр жил буюу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хойш энэ асуудлыг л ярьсан. ЖДҮХ сангийн асуудал далим боллоо. ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийг ёс зүйн хувьд уучлахгүй. Хуулийн асуудал эцэслэгдээд УИХ-д ороод ирэх юм бол яг хуулийн дагуу хандана, өмөөрөхгүй. Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ыг тараана гээд улс төрийн тогтворгүй байдлыг үүсгээд байгаа шүү дээ” хэмээн мэдэгдсэн. Иймээс Хууль зүйн сайд хуулиа хэрхэн дээдэлж дээрх амлалтаа хэрхэн биелүүлэхийг л харах үлдэж байна.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.