Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наядыг давлаа
2019 оны 1 сарын 14

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөнгөж саяхан хэвлэлийнхэнтэй уулзаж   төсвийн тэнцвэржүүлсэн орлого давсан талаар мэдээллээ. Хэрэв Та санаж байгаа бол 2018 оны улсын төсвийн орлогыг 9 их наяд гаруй төгрөгөөр төлөвлөж байсан билээ.

Сайд  “Түүхэндээ анх удаа 10 их наядыг давлаа. Батлагдсан төсвийн санхүүжилт 2018 онд 92 хувьтай байсан. Тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаа ашигтай гарлаа. Энэ жил яагаад ашигтай гарсан бэ гэхээр, төсвийн орлого 2 их наядаар нэмэгдсэн. Үүнээс уул уурхайгаас давж орж ирсэн орлого 670 гаруй тэрбум төгрөг. Бусад салбараас 1.3 их төгрөг нэмэгдсэн. Төсөв ашигтай гарахад бас нэг нөлөөлсөн зүйл нь зээлжих зэрэглэл нэмэгдсэн явдал юм. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд зөв байна гэж үзсэн учраас зээлжих зэрэглэл нэмэгдсэн.

Дараагийн нэг зүйл нь төсвийн сахилга бат байв. Сүүлийн 10 орчим жил төсөвт байнга тодотгол хийдэг байсан. Төсөв тодотгох юм чинь тэр зардлыг гаргая гээд өмнө нь сахилга батгүй явдаг байсан. Энэ нь зардлуудыг нэмнэ гэсэн үг. 2018 онд төсөвт тодотгол хийгээгүй. Төсөв тодотгохгүйгээр явж болдог гэдгийг харуулж, цаашид төсвийн орлогыг зөв тооцож эхэлсэн. Дээр нь гарах зардлаа маш зөв тавьж орж ирдэг болсон. Энэ нь эдийн засгийн алдаатай бодлогыг болиулсан гэсэн үг. Эдийн засгийн идэвхжил голлож явагдсан” гэлээ.

Сангийн сайдын тодотгосноор 2018 онд НӨАТ-ын буцаан олголтод  600 гаруй мянган хүн хамрагдаж 78 тэрбум төгрөг авчээ. Энэ жил 808 мянган хүн 120 тэрбум төгрөр авахаар Сангийн яамнаас тооцоод байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийнхээс 30 хувиар нэмэгдсэн аж. Энэ нь эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлсэн гэжүзэж байна.  Өөрөөр хэлбэл иргэдийн худалдан авалт нэмэгдсэн гэсэн үг.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2018 онд Засгийн газар өндөр хүүтэй дотоод, гадаадын бонд аваагүй. Үнэт цаас гаргаагүй учраас бид зээлийн төлбөрөөс 100 гаруй тэрбум төгрөг хэмнэж чадсан. Өндөр хүүтэй, богино хугацаатай зээл аваагүй.

2019, 2020 онд өрийн томоохон төлөлт байхгүй. Хүүгийн төлбөрийг төсөвт ачаалал үүсгэхгүй байдлаар төлөхөөр тусгасан. Манай улсын нийт өрийн хэмжээ 21 их наяд төгрөг, ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 60.9 хувь байгаа гэв.

Сангийн сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав. 

-Сангийн яам валютын ханшийг бууруулахын тулд ямар ажил хийж байна вэ?

-Хэчнээн доллар орж ирж байна, ямар аж ахуйн нэгж хаашаа хэдэн доллар шилжүүлж байгааг Монголбанк хянадаг. Өрийн зохист харьцааг барьж чадвал валютын ханш аажимдаа буурна. Ашигт малтмал гаргаж байгаа бүх боомтыг энэ онд камержуулна. Энэ хяналтыг хийвэл ашигт малтмалаас олох орлогоосоо валютын ханшийг тодорхой хэмжээгээр зохицуулна. Манай улс 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.долларыг төлнө.

-2019 онд Төсвийн алдагдлыг 1.9 их наяд төгрөгөөр тооцсон. Ашигтай ажиллаж байгаа юм бол заавал алдагдалтай төсөв батлах хэрэг байсан уу?

-Төсөв боловсруулахдаа хэт өөдрөгөөр харах бус дундаж байдлаар орлогыг бодож хийсэн. Санхүүгийн сахилга батыг нэлээд сайн барихыг хичээсэн. Төсвийг алдагдалгүй батална гэдэг хамгийн оновчтой зүйл.

Үүнийг үе үеийн Засгийн газар дэмжих нь ойлгомжтой. Гэхдээ 2019, 2020, 2021, 2022 оныг авч үзвэл алдагдалтай батлахаас өөр аргагүй байгаа юм.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.