М.Энх-Амгалан: Хэн нэгний хүсэлтээр бусдыг хэлмэгдүүлэхгүй
2019 оны 1 сарын 17
М.Энх-Амгалан: Хэн нэгний хүсэлтээр бусдыг хэлмэгдүүлэхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.01.16/ прокурорын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Өнөөдрийн прокурорын удирдах ажилтны зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, үүрэг тавина” гэснээр зөвлөгөөнийг нээсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

-Эрхэм прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд хоёр дахь удаагаа оролцож байна. Албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж гэмт хэрэгт холбогдож, хуулийн хариуцлага хүлээхгүй байна гэдэг шүүмжлэлийг иргэд маш их хэлж байна. Оффшор данстай төрийн албан хаагчдын дансыг  шалгаж, төрийн албыг наймаалцаж байгаа хэргийг хянан шийдвэрлэхийг би жилийн өмнө хэлж байсан. Энэ талаар бүтэн нэг жилийн хугацаанд тодорхой шийдвэр гарсангүй. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маш тодорхой мэдээллүүд нийгэмд цацагдаад удаж байна, мөн л ямар нэг шийдвэр гарсангүй. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар иргэдийн хүлээлтийг бодит, зөв болгох талаар тодорхой ажил хийгдсэнгүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэлсэн, ярьсан ажил  хийгдсэнгүй гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Прокурорын байгууллага эрх мэдэл дутаагүй.  Би Ерөнхийлөгч болсноос хойш Ерөнхий прокурортой хамтарч ажиллахыг маш их хичээж байгаа. Ерөнхий прокурорын зүгээс ЖДҮХС-тай холбоотой гишүүдийн асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ шударга ёсыг та бүхэн энэ танхимаас эхлүүлэх ёстой, үүрэгтэй гэж хэлсэн.

ЖДҮХС, 60 тэрбум, утааг бууруулах талаар маш олон тэрбумын хэргийг хуулийн байгууллага шалгаж тогтоохыг, нийгэмд шударга ёс тогтоохыг ард түмэн шаардаж байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: 

Бидний хуралд оролцож, бидэнд тодорхой чиглэл, үүрэг өгсөн Ерөнхийлөгчид баярлалаа. Монгол Улсын прокурорын байгууллага хуульд захирагдаж  хэн нэгнээс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулна. Хэн нэгэн гэмт хэрэг хийсэн гэж хэлэхээр түүнийг нь гэмт хэрэгт татдаг, буруутай байх ёстой  гэдгээр нь буруутайд тооцож татдаг асуудал миний үед гарахгүй. Би үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө болон Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа та бүхний өмнө хэлье. Хэн нэгний хүсэлтээр хэн нэгнийг хэлмэгдүүлж чадахгүй, хариуцлагаас мултлахгүй гэдгээ хэлэхийг хүсч байна” гэсэн юм.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.