Цагдаад итгэх үү, цахим орчинд итгэх үү?!
2019 оны 1 сарын 28

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн “Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг. Цагдаа Монгол Улсын амар амгалангийн дархлаа юм” хэмээсэн байдаг. Гэтэл сүүлийн үед цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн болон олон нийтийн зүгээс хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эргэлзэж, улмаар итгэл алдрах байдал цөөнгүй ажиглагдах боллоо. Өмнө нь ч ийм асуудал үүсч, нийгэмд бухимдал төрүүлж байсан. “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “KH апартмент” хотхоны хойд талд байрлах, барилгын хоосон хашаанаас нас барсан байдалтайгаар олдсон хэргийг цагдаагийн байгууллагаас гурван сарын хугацаанд мөрдөн шалгаж, шалгалтын ажиллагаа дууссан. Энэ тухай хохирогчийн талд мэдэгдэж, хавтаст хэргийн материалуудыг танилцуулах ажиллагаа эхэлсэн. Гэвч цахим орчин дахь “Шерлок Холмс”-уудын таамаг, дүгнэлт цагдаагийн байгууллагынхаас зөрүүтэй гарсан.

Энд эрдэнэс мэт гялалзах үзэсгэлэнт охиноо бага залууд нь цаг бусаар алдсан эхийн сэтгэл, амьдралд дөнгөж хөл тавьж буй насандаа ахиж уулзахгүйгээр одсон дүүдээ харуусах ахын хайрыг буруутгах аргагүй.

Гэвч хохирогчийн ар гэрийнхэнд хүнд байгаа цаг үед дурын нэгэн хий таамаглал, хардлагаа цахим орчинд нээлттэй тараах нь зохистой үйлдэл үү. Аливаа гэмт хэрэгтэй холбоотой нотолгоо мэдээллийг цагдаагийн байгууллага нээлттэй авдаг. Тэр бүү хэл журмаараа тухайн мэдээлэл гэмт хэргийг илрүүлэх, буруутай этгээдийг олж тогтооход чухал үүрэгтэй гүйцэтгэсэн бол мөнгөн шагнал ч олгодог. Харин муугаар бодоход шалгаж буй хэрэгтэй холбоотой нотолгоог хавтаст хэргээс, “нууц”-аас задруулснаар гэмт этгээд ул мөрөө баллах, оргон зайлах эрсдэлтэй.

Цаашлаад олны анхаарлыг татсан аливаа гэмт хэргийн тухай жирийн иргэний цахим орчинд нийтэлсэн “хөөс”-тэй байр суурь хэрэг гарсан цусны үнэр, толботой жихүүдэс төрөм орчинд тодорхой хугацаагаар байж, хурууны хээнээс эхлүүлээд гутлын мөр, ширхэг үсийг ч цуглуулж, бүх гэрч хийгээд хохирогчийн ар гэртэй уулзаж, хэрэг гарах шалтгаан нөхцөлийн “жим”-ээр орсон мөрдөн шалгах багийнхны дүгнэлтээс илүү үнэн байх бололцоо хэр зэрэг вэ. Гэмт хэрэг мөрдөх, илрүүлэх авьяас шаардсан ажил байж таарах уу. Хэн нэгэн энгийн иргэн компьютер, утасны цаанаас тэрхүү гоц авьяасаа гэнэт нээгээд сэжиг таамгаараа аливаа хэргийн цаад зангилааг тайлж, буруутай этгээдийг олж онож чадах уу. Иргэд аливаа этгээдийн халдлагад өртвөл хамгийн түрүүнд цагдаад дуудлага өгөхөөс цахим орчинд хандахгүй л болов уу. Энэ нь цахим орчинд буй “хамгаалагчид” бус цагдаагийн байгууллагад, алба хаагчид найдсан итгэл үнэмшил.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал өчигдөр талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн талаар мэдээлэл өгөх үеэрээ “Цахим орчинд яригдаад байгаа шиг хөрөнгө чинээтэй албан тушаалтан, энэ хэрэгт нөлөөлсөн зүйл байхгүй. Хэрэв нөлөөнд автсан бол мөрдөгч энэ талаар мэдэгдэж, цагдаагийн байгууллага давхар шалгах үүрэгтэй. Ийм нөлөөлөл гараагүй. Бид хэн нэгний нөлөөнд автаж нотлох баримтыг нууж, гэмтнийг хаацайлах явдал гаргавал эрүүгийн хариуцлага хүлээх албан тушаалтнууд” гэж хэлсэн. Хошууч генерал Б.Пүрэв нэгэнтээ“Цагдаагийн байгууллагын ажил нийгмийн дандаа сүүдэртэй талд нь явдаг хүнд ажил” хэмээсэн. Цагдаагийн алба цаг наргүй зүтгэдэг. Тэд өргөсөн тангаргаа биелүүлэхийн төлөө шаардлагатай үед өөрийн амиа эрсдэлд оруулдаг. Цагдаа бүх л хүнийг хамгаалдаг атал цагдаагийн аюулгүй байдлыг зөвхөн албаных нь нөхөр хамгаалдаг. Хэрвээ гэмт хэрэгтэнтэй ганцаар таарвал цагдаа өөртөө л найдахаас аргагүй. Цаад тал олуулаа байна гээд зугтаах боломжгүй тийм л тангарагтай алба. Ингэлээ гээд илүү эрх эдлэхгүй. “Гай” дайрсан цагдаагийн алба хаагчийг сүүлийн мөчид нь ар гэрийнхэн болоод мэргэжил нэгт нөхөд нь л уйлж, шаналсаар эцсийн замд нь үддэг.

Тиймээс хэдий их хөрөнгө чинээтэй хүн ч Монголын цагдаагийн бүх албан хаагчийг өргөсөн тангарагтай нь худалдаад авч хүрэх бэл бэнчинтэй байж таарах уу. Хэдий том эрх мэдэл атгасан ч Монгол төрийн хуулийг, цагдаагийн байгууллагатай нь хамтаар хазайлгаж дийлнэ гэж үү. Тэгэхээр цагдаад итгэх үү, цахим орчинд итгэх үү гэдгийг дор бүрнээ тунгаая.

Хариулт үлдээх

Your email address will not be published.