Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 30-ны өдөр явуулна
2019 оны 1 сарын 30

Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны үдээс хойших хуралдаанаар “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зарлуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр холбогдох тогтоолын төслийг зардлын тооцооны хамт тус Байнгын хороонд ирүүлжээ.

Улмаар Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Иймээс Сонгуулийн төв байгуулагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлах тухай асуудлыг Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтааж хэлэлцүүлж шийдвэрлүүлэх сантай байгааг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулсан.

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тусгажээ.

Харин “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх тогтоолын төслүүдийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, тогтоолын төслүүдийг батлуулахаар тогтлоо.

Хариулт үлдээх

Your email address will not be published.