ЖДҮчдэд зориулсан хууль санаачлаад өг, Ерөнхийлөгч өө
2019 оны 1 сарын 30

Нэг хүнд зориулан хууль санаачилж, батлаад суудлаас нь буулгаж болдгийг монголчууд харлаа. Тэгвэл одоо нэлээн хэдэн хүнд зориулсан хууль санаачилж, хариуцлага нэхье.

 

МАНАН бүлэглэлийн толгойлогч, 60 тэрбумын эцэг гэхчлэн цол гуншин өгч М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь буулгаж чадлаа. Бүр Ерөнхийлөгч хууль санаачилж, УИХ түүнийг нь батлав. Хуульгүй юм бол хуулийг бий болгож байгаад сандлаас нь салгая гэж чичирсээр санасандаа хүрлээ. Монголд хууль үйлчилдэггүй биш үйлчилдэг аж. Хуулийг шуурхай баталж, элдэв дүрэм журамгүйгээр баталсан цаг мөчөөсөө эхлэн мөрдөж болдгийг өчигдөрхөн харлаа, олон түмэн.

 

Тэгвэл одоо ЖДҮ-чдэд зориулсан хууль санаачлаад өг, Ерөнхийлөгч өө. Зөвхөн нэг хүнийг суудлаас нь буулгахын тулд хууль бичиж болдог юм чинь нэлээн хэдэн хүнд зориулан хууль санаачлахад болохгүй зүйлгүй. Угаас нь эрх мэдлээ хэтрүүлж, хууль бус зүйл хийсэн нь тодорхой учраас хуулийн хариуцлага нэхэхэд буруудах зүйлгүй.

 

УИХ-ын 10 гаруй гишүүн ЖДҮХС-аас зээл авсан гэмтэй. Эрх мэдлээ, албан тушаалтын байдлаа ашиглан хэдэн арван сая, тэрбумаар нь зээл авчихаад парламентын танхимд ичихгүй суугаа. Бүр прокурорын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хууль бус үйлдлийг нь шалгах шаардлага үүсээд буйг нь хэлээд байхад хэнэггүй суудалдаа шигдсээр байгаа юм. Ерөнхий прокурор Б.Энх-Амгалан ЖДҮХС-гийн хэргээр Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн. Харин УИХ-ынхан түүнийг хамгаалж, ичих нүүрэндээ элгээ наасан. Аргаа барсан Ерөнхий прокурор парламентын танхимаас шударга ёсыг хайж, уурсаж байв. Үүний дараа тэрбээр  Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нарыг мөн л ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар шалгах шаардлагатай учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг парламентаас хүссэн. Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ахалсан Ёсзүйн дэд хорооноос эхлээд хуулийг уландаа гишгэж, мөн л тэднийг УИХ авч үлдсэн. Харин энэ удаа ерөнхий прокурор Б.Энх-Амгалан парламентын танхимаас шударга ёсыг хайгаад хэрэггүйг бүрэн ухаарсан байх. Одоо АТГ-аас таван гишүүнийг яллагдагчаар татаж, шалгах болсноо мэдээлсэн. Прокурорын байгууллага шударга ёсыг хайгаад хана мөргөөд зогссон. Харин одоо АТГ ямар хана мөргөөд, хаана зогсохыг таахад ч бэрх.

 

Хуулийг сахиулах хуулийн байгууллага хууль тогтоогчдын өмнө ийн хүчин мөхөсдөж байна. Тиймээс одоо төрийн тэргүүн Та хуулийг гууль болгогчдод зориулсан хууль санаачлаад өг. Зөвхөн ЖДҮчдэд зориулсан заалттай, тэдний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах, хуулийн өмнө аваачих боломжийг нээсэн хууль санаачлаад, парламентад оруулаад өг. Баталсан хуулин дээрээ гишгэж, хуулийн байгууллагыг үл тоогчид өөрсдөд нь зориулсан хуулинд хэрхэн хандахыг сонгогч олон түмэн хармаар байна. Шударга ёс ярьж, ганцхан хүнд зориулан хууль баталдаг гишүүд өөрсдөд нь зориулсан хуулийн өмнө ямар нүүр гаргахыг харах цаг болсон. УИХ-ын гишүүдийн үнэн төрхийг бид хангалттай харсан. Харин одоо баталгаажуулж авмаар байна. Сонгууль ч ойртож байна. Хар дансанд оруулж, төрийн босгоор дахин гишгүүлэхгүй байх хүмүүсийн дүр төрхийг илүү тод тодорхой болгож авъя.

 

Шударга ёсны энэ нэхэл Ерөнхийлөгч Х.Баттулгад ч хамаатай. Шударга бус байна хэмээн М.Энхболдод зориулан хууль санаачилсан Та одоо хууль бусчуудад яаж хандах чинь мөн л олон нийтийн сонирхлыг татах асуудал. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй сүлбэлдэж, УИХ-ын дарга М.Энхболдыг зайлуулсан хуйвалдагч бус Монгол төрийн эв нэгдлийг илэрхийлэгч, хууль ёсыг нэхэгч, шударга ёсны сахигч гэдгээ одоо л харуулах цаг. Аавын хүүхдүүдийг алагчилж үл болно.

М.Болд

Хариулт үлдээх

Your email address will not be published.