“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь зарагдсан уу
2019 оны 2 сарын 2

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригаас эхэлж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид худалдсан тухай мэдэгдсэн бол “Монголын зэс” корпораци үгүйсгэсэн. Энэ талаар хоёр талын байр суурийг хүргэж байна.

Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын гишүүн

“Монголын зэс” корпорацийн ТУЗ хуралдаж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан талаарх баримт бидэнд ирlээ. Баримтын дугтуйн дээр илгээгч нэрээ бичээгүй байна. Хэнээс ирсэн нь тодорхойгүй байгаа.

Цагаан сарын өмнө энэ асуудлыг шийдэх гэж байгаа нь хардлага төрүүлж байна. Стратегийн энэ ордыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр ОХУ-аас худалдаж авсан байдаг. Гэтэл дахин гаднын компаниад өгөх гэж байна.

Мөн бүртгэлийн газар, холбогдох байгууллагууд, Чингэлтэй дүүргийн нотариат дээр хувьцаа худалдах, шилжүүлэх гэрээг баталгаажуулсан байгааг олж мэдсэн. Цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн. 400 сая ам.доллараар авсан гэх “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 40 сая ам.доллараар Номуундарь гэдэг бүсгүйд шилжүүлсэн байгаа юм.  Сингапурт бүргэлтэй компанитай юм байна. Үүнээс ямар үр дагавар үүсэх вэ гэхээр, Монгол Улсын хуулиас гараад явчихлаа гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоол хэрэгжих ямар ч боломжгүй гэсэн үг. Арбитрын шүүхээр асуудлыг шийдэх болно. Гэтэл Засгийн газар өөрөө Арбитрын шүүхэд ялагдах чиглэл өгч байсан, Ч.Сайханбилэг тийм үүрэг өгсөн талаар Зориг гэдэг залуу мэдээлэл өгөөд байгаа шүү дээ. Энэ бол туйлын ноцтой баримт. Та бүхэн энэ бүхний хойноос эрэн сурвалжлаарай.

Хэрвээ “Эрдэнэт”-ийн 49 Сингапурын компанийн мэдэлд очвол УИХ-аар хууль гаргаж батлаад ч мөрдөгдөх боломжгүй болно. Монгол Улсын бүх шатны шүүхийн шийдвэр ч хүчин төгөлдөр үйлчлэх боломж байхгүй болох юм. Дараа нь 40 сая ам.доллараар хэн нэгэнд худалдаж болохоор болно. Энэ Номуундарь гэдэг эмэгтэй 1995 онд төрсөн байгаа юм. Батсайхан овогтой Номуундарь гэдэг охинд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь Пүрэвтүвшин гэдэг залуугаас шилжиж байгаа юм.  Бүхэл бүтэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь яагаад энэ хоёр залуугийн гарт ороод, шилжээд яваад байдаг юм бэ.

 

Ц.Пүрэвтүвшин

“Монголын зэс” корпораци компанийн гүйцэтгэх захирал

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хүсэлт өгсөн.  Үүнд, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 болоод 51 хувь 100 хувь Монголын талд бүртгэлтэй байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн долоон гишүүн болон ерөнхий захирал нь төрөөс томилогдсон хүмүүс байгаа. Ийм тохиолдолд бид ямар нэгэн худалдаа хийх, гадаадын компанид зарах хэлцэл хийгээгүй. Манай компанийн зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг анх худалдаж авахдаа гадаадын ямар нэг компанид худалдах ямар ч сонирхол, зорилго байгаагүй. Цаашид ч тийм зүйл болохгүй, Монголын ард түмэн үр шимийг нь хүртэнэ гэж боддог. Сингапурын компани руу шилжүүлэх гэж байгаа асуудал огт биш. Тухайн бичигт миний нэр дээр байгаа компани, өөрийнхөө компани руу шилжүүлэх процесс байсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүд таслан зогсоолоо. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой “Стандарт” банкны асуудал 2016 онд шийдэгдсэн бөгөөд тухай үед  нийт өр төлбөр 95 сая ам.доллар байсан бол өнөөдөр 125 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөг болсон. “Стандарт” банктай холбоотой 300 гаруй тэрбум төгрөгийн төлбөр төлөх Английн Арбитрын шийдвэр гарсан байгаа. Удахгүй энэ шийдвэрийг албадан гүйцэтгэнэ. Энэ нөхцөлд “Эрдэнэт” үйлдвэрийн аль нэг хувьцаа эзэмшигч нь гадаадын хөрөнгө оруулалттай буюу Сингапурын хөрөнгө оруулалттай компани байсан бол тухайн үед шинэ нөхцөл байдал илрэх буюу Арбитрын шүүхийн шийдвэрийг дахин авч үзэх нөхцөл үүсэх байсан. Сингапурт олон улсын томоохон Арбитрын шүүх байдаг бөгөөд Английн Арбитрын шүүхийн шийдвэрийг дахин авч үзэх боломжтой цорын ганц улс нь Сингапур  байсан. Сингапурын хөрөнгө оруулалттай компани байвал дансыг нь хаах, Арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэхгүй байх боломж байсан. Энэ зорилгоор 300 тэрбум төгрөгийг бууруулахын тулд хийх гэж байсан. Харамсалтай нь энэ ажиллагаа УИХ-ын нэр бүхий гишүүдээс болж хойшилж байх шиг байна. “Стандарт” банктай  холбоотой шийдвэр нааштай гарах боломж бүрдэх бүрд улстөрчид энэ асуудлыг зориуд гацаадаг. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ манай компанийн ажилтан н.Номиндарь  гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн гэсэн мэдээллийг өгсөн. Тухайн бичигт байгаа тэр хүн нь манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан. Энэ хүн Улсын бүртгэлийн газарт бичиг хүргүүлэх үүрэгтэй хүн. Төрийн түшээ хүн ийм худлаа мэдээлэл тарааж байгаад харамсч байна.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.