ТОЙМ: УИХ-ын даргыг гишүүүдийн олонхийн саналаар чөлөөлдөг байх хууль хэрэгжиж эхэллээ
2019 оны 2 сарын 1

2019-01-25-Улс төр

 

Парламент дахь гишүүдийн дийлэнх олонхын саналаар УИХ-ын даргыг чөлөөлдөг болох хууль эрхзүйн орчин бүрдсэн нь өнгөрөгч долоо хоногийн улс төрийн хүрээний онцлох үйл явдал байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан уг хуулийн өөрчлөлт албан ёсоор 2019.01.25-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Хуулийн хэрэгжилт эхэлсэнтэй холбогдуулан,Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд “Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолын төслийг баасан гаригт өргөн мэдүүлсэн юм. Тогтоолын төсөлд “Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлж байна” гэж дурдсан байв.

Тогтоолын төслийг өргөн мэдүүлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийхдээ “Энэ долоо хоногт шууд хэлэлцвэл Дэгийн хууль зөрчинө. Тиймээс хуулийн дагуу уг асуудлыг энэ сарын 29-ны өдөр хэлэлцэх саналтай байна. Би ажил, албан тушаалтай зууралдаагүй. Гагцхүү хуулийн дагуу хуульд заасан үндэслэлээр албан тушаалаа хүлээлгэн өгөх саналтай байсан. Цагаан сарын өмнө шинэ УИХ-ын дарга томилогдож төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв. Тиймээс ирэх долоо хоногийн пүрэв гаригийн хуралдааныг хоёр хоногоор наашуулж мягмар гаригт хуралдуулах захирамж гаргана гэж бодож байна” гэсэн юм.

Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Нийгмийн шаардлага байгаа учраас өнөөдөр яаралтай дэгээр хэлэлцэж эхлэх ёстой” гэж мэдэгдсэн юм. Гэвч тухайн долоо хоногийн УИХ-аар хэлэлцэх асуудалд уг тогтоолын төсөл ороогүй учир хэлэлцэх боломжгүй байдал үүсэв. Ингэснээр намрын чуулганы сүүлийн өдрүүдэд УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, улмаар шинэ УИх-ын даргыг томилох чигтэй байна.

УИХ-ын байнгын үйл ажиллагаа тасалдах учиргүй. Тиймээс нөхөн томилгоог шууд хийхээр яригдаж байгаа аж. УИХ-ын даргад У.Хүрэлсүхийн талаас Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нарын нэр яригдаж байсан. Харин М.Энхболдын талаас Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол нарын гишүүдийг УИХ-ын даргад санал болгосон байдаг. Эдгээр яригдаж буй гишүүдээс УИХ-ын дарга болох хамгийн өндөр магадлалтай эрхмүүдээр Ц.Нямдорж нэрлэгдэж буй.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөх хүрээнд нэр дэвшигчид дээр ихээхэн нухцатай хандаж буй гэх мэдээлэл байгаа юм.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.