ТОЙМ: У.Хүрэлсүхийн хамгийн ойрын хамтрагч Г.Занданшатар УИХ-ын дарга болов
2019 оны 2 сарын 12

УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг хуулийн төсөл албан ёсоор хэрэгжиж эхэлсний дагуу М.Энхболдыг УИХ-ын даргаас нь чөлөөлж түүний оронд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг томилсон нь энэ долоо хоногийн улс төрд өрнөсөн онцлох үйл явдал байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан уг хуулийн төсөл албан ёсоор 2019.01.25-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Дэгийн хуулийн дагуу М.Энхболдыг 2019.01.29-ны өдөр УИХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нарын өргөн мэдүүлсэн М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролсон гишүүдийн 66.2 хувь нь дэмжсэн. Тодруулбал, хуралдаанд оролцсон 65 гишүүний 43 нь чөлөөлөхийг дэмжсэн бол 22 нь дэмжээгүй юм.

М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдсөнөөр У.Хүрэлсүх гэх далд зохион байгуулагчтай Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын ил “тоглогчтой”, МАНАН-ийн ШУДАРГА БУСЫН ХОНГИЛЫГ НУРААХ уриатай хоёр сарын жагсаал, тэмцлийн үр дүн гарсан юм.

М.Энхболд чөлөөлөгдсөнийхөө дараа УИХ-ын гишүүдэд хандан үг хэлэхдээ “Сонгуулийн дүнгээр, хуулийн дагуу төрийн хууль тогтоох байгууллагыг удирдах Их хурлын даргын албан тушаалд томилогдож байсан. Хэдийгээр өнөөдөр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хүнд зориулсан, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулсан гэж олон нийт шүүмжлэлтэй талаас нь хандаж байгаа ч гэсэн УИХ бүрэн эрхийнхээ дагуу энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, энэ хуулийн дагуу би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарал өдөр болж байна гэж би үзэж байна. Дахин энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгэн Их хурлын удирдлагыг буулгах зүйл битгий болоосой гэж хүсч байна. Би ямар нэгэн арга саам хэрэглэж албан тушаалтай зууралдаагүй, үүнээс өмнө ч төрийн, намын өндөр албан тушаалуудыг хашаж, өгч явсан. Гагцхүү энэ удаа хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг барьсан. Өргөдлөө өөрөө өгөхөд ч ямар нэгэн хүндэтгэх шалтгаан байх ёстой, надад шалтгаан байгаагүй учраас өөрөө өргөдлөө өгөөгүй. 20 жилд болсон бүх муу муухайг нэг хүнд нааж, харлуулж болдгийг та бүхэн харууллаа. Хэн нэгнийг алдаршуулж ард түмний хайртай хүү болгох хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа бүх асуудлыг шийдвэрлэж байна гэж харуулахад намайг харлуулах хэрэгтэй байсан юм болов уу. 13 жилийн өмнө МАНАН-гүй Засгийн газарт миний оруулж байсан хүмүүс энэ сарын 25-нд намайг огцруулахаар гарын үсэг зурсанд харамсч байна. Намайг УИХ-ын даргад, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад хэн ч намайг МАНАН-гийн толгойлогч гэж хэлж байгаагүй. Хүмүүс ийм хурдан өөрчлөгдөж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд шударга ёс тогтоох үйл ажиллагааг шүүх, хуулийн байгууллагад үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн нь дараагийн удаа АТГ болон шүүх, прокурорын дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх ажлыг эхлүүлэх гэх хардлагыг төрүүлээд амжлаа.

У.ХҮРЭЛСҮХИЙН ХАМГИЙН ОЙРЫН ХҮН ГЭГДЭХ Г.ЗАНДАНШАТАР
УИХ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДОВ

М.Энхболдын дараах УИХ-ын дарга хэн бэ гэх таамаглал удаан хугацаанд хөвөрсөн. УИХ-ын дараагийн даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин залуу үеэс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын нэр яригдаж байв. Эднээс Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг УИХ дарга болох магадлал хамгийн өндөртэй гэх мэдээлэл Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх өдөр хүртэл яригдаж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 30-ны өдөр УИХ-ын даргад горилогчдыг хүлээн авч уулзах үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар уг албан тушаалд нэрээ дэвшүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэдэг.

Гэтэл Ерөнхий сайд тэдний хэнийх нь ч хүсэлтийг хүлээж авалгүй өөрийн найз, хамгийн ойр дотны хүн гэгдэх ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад гэнэт нэр дэвшүүлсэн нь таамаглаагүй үйл явдал болсон юм.

Г.Занданшатарын нэр УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан хүртэл горилогчдын дунд яригдахгүй байсан. Ингээд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг 100 хувийн саналаар дэмжсэн юм. Үүний дараа МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаан шуурхай хуралдаж Г.Занданшатарыг УИХ-ын даргаар өчигдөр томиллоо. Түүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувийн саналаар УИХ-ын даргаар томилсон. Тэрбээр намын гишүүдийн хагарал, хуваагдал, парламентын нэр хүнд унасаны дараа УИХ-ын даргаар томилогдож буй учир гишүүдийн эв нэгдлийг хангах, парламентын ирцийг бүрдүүлж ажиллах, нэр хүндийг нь сэргээх үүргийг хүлээж байна.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗГХЭГ-ЫН ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ

М.Энхболдыг УИХ-ын даргаас нь чөлөөлөх эсэргүүцэл, тэмцлийн гол ажлыг гардан зохион байгуулж ажилласан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатарын оронд Засгийн газрын хэрэг, эрхлэх газрыг удирдахаар болж байна. Түүнийг МАН-ын Удирдах зөвлөлөөр ЗГХЭГ-ын даргад гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн. Өнөөдөр МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаанаар түүнийг ЗГХЭГ-ын даргаар томилно. Ингэснээр тэрбээр сул гишүүн бус сайд гишүүн болж байна.

БСШУС-ЫН САЙДАД Ё.БААТАРБИЛЭГ, ЗАМ ТЭЭВРИЙН САЙДАД
Б.ЭНХ-АМГАЛАН ДЭМЖИГДЛЭЭ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас огцруулж, Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаас чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан тус яамдын дараагийн сайд нарыг томилох шаардлага үүсээд буй. Чуулганы хуралдааны дараа МАН-ын бүлэг хуралдаж БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг дэмжсэн юм. БСШУС-ын яам нь МАН-ын 27-ийн бүлэгт ногддог квот. Тийм ч учраас М.Энхболдын талынхан Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдад нэр дэвшүүлсэн нь Удирдах зөвлөлийн хурлаар дэмжигдсэн юм. Харин Б.Энх-Амгалангийн хувьд У.Хүрэлсүхийн ойрын хүн билээ.

Тэднийг томилох асуудлыг мөн өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэнэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарын томилгоог Цагаан сараас өмнө амжиж дуусгана. Баярын дараагаас хүлээгдсэн ажлууд руу гаа шуурхай орно, хүн ярихгүй гэж мэдэгдсэн. Тийм ч учраас энэ долоо хоногтоо багтан бүхий л томилгоогоо хийхээр шахаж буй аж.

Хариулт үлдээх

Your email address will not be published.