Л.Оюун-Эрдэнэ: Би ЖДҮ-гийн асуудалд Ерөнхий сайдтай адил байр суурьтай байгаа
2019 оны 2 сарын 2

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.02.02) үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

Одоо гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал,

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 

-ЖДҮХС-гаас зээл авах нь байх ёстой, авах ёстой юмаа авсан гэдэг зүйл яриад байх боллоо. Энэ хууль зөрчсөн үйлдэл мөн үү, биш үү. Та ЖДҮ-ийн асуудлыг юу гэж бодож байгаа вэ? Үлдэж байгаа хугацаанд 2016 оны сонгуульд дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой юу? Нийгмийн бухимдлыг яаж арилгах вэ?

         УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-2016 онд тэг болсон байсан эдийн засаг 6.4 хувьтай болоод өсч байна. Макро түвшинд тодорхой үр дүн гарч байгааг та ч гэсэн мэдэж байгаа байх. Бид аль нэг нам, эрх баригч, сөрөг хүчин гэлгүйгээр туршлагатай улс төрчид хамтран ажиллахыг хүсч байна.

ЖДҮ бол өнгөрсөн 27 жилийн завхрал. Тэгэхээр энэ алдааг засах ёстой. Ерөнхий сайдтай адил байр суурьтай байгаа. Ёс зүйн хариуцлага хүлээгээд, зээлээ төлөх ёстой. Энэ зээлийг яаж жинхэнэ эздэд нь хүргэх вэ гэдэг дээр томоохон зохицуулалт хийгээд явна гэж бодож байгаа. Олон улсын дэвшилтэт арга хэлбэрийг сонгож нээлттэйгээр ажиллана. Хаврын ээлжит чуулганд тодорхой шийдлүүдийг танилцуулна. Тэр бондууд, Эрдэнэт, Стандарт банктай холбоотой асуудлууд яг хаанаа гацаад байгаа вэ гэдгийг одоо олж харж ажиллах боломжтой болж байна гэж бодож байна. Энэ бүгд дээр гишүүдтэйгээ хамтран ажиллах болно.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Эдийн засгийн үзүүлэлтийг дандаа худлаа мэдээлсэн. Ийм нөхцөлд бодит дүгнэлт хийхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Бэрс кино урлагийн сургууль төгссөн хүүхэд байна. Маш сайхан дүрдээ ордог, сайхан ярьдаг. Ярих яахав. Таны намтар дээрээс харахад хуулийн сургуулиар ороод гарсан юм байна. ЖДҮ гэхээр зээл яриад байх юм. Би хулгай яриад байна. Албан тушаалын гэмт хэрэг хийсэн хүмүүстээ хэзээ хариуцлага тооцох юм бэ? АТГ-ыг хэзээ авчирч асуух вэ? гэж Ерөнхий сайдаас асуумаар байна. Ямар ч байсан ярих яахав үр жимсийг чинь харъя.

            УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Шүүхийг хамгийн их шүүмжилж байсан хүн бол та. Сүүлдээ шүүх хамгийн шударга юм гээд байгаа. Би нэг зарчмын дор хоёр нүүртэй байхгүй гэдгээ хэлье. Эрдэнэтийн асуудал дээр ажлын хэсэг гарахад та огт байдаггүй. Та Эрдэнэтийн 49 хувийн луйврыг хийдэг МАНАН бүлэглэлийг төлөөлдөг. Энийг хэлчихье. Бэрх гэдэг жижигхэн газраас ажлын гараагаа эхэлсэн минь, Бэрс гэдэг жижигхэн сургуульд боловсрол эзэмшсэн минь үнэн. Гэхдээ тантай ч цаашдаа хамтарч ажиллана. Таны ард түмнээс олгосон мандатыг чинь хүндэтгэж харьцана.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэмэлт нэг минутаа авах гэсэн боловч УИХ-ын дарга боломж олгоогүй нь түүнийг нэлээд бухимдуулав. Ингээд түүнд нэмэлт хугацааг олгоход тэрээр “65 дарангуйллаа эхэлж байгаа бол үгүй шүү. Би гишүүний эрхээ эдэлнэ. Тодруулмаар байна. ЭМЯ дээр газар, хэлтсийн дарга байхдаа халагдсан 77 хүнийг хэзээ буцааж ажилд нь оруулах вэ?” гэдгийг лавлалаа. Түүний асуултад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Шүүхийн шийдвэр гарсан ямар албан тушаалтнуудын асуудал байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад, хэрэв би ЗГХЭГ-ын даргаар томилогдвол эргээд дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Маш олон хууль, маш олон бодлогын бичиг баримт баталдаг. Тэр нь амьдрал дээр хэрэгждэг, хэрэгждэггүй. Эдгээрийн зарим нь хугацаа нь өнгөрчихсөн, зарим нь хоорондоо зөрчилддөг, зарим нь биелчихсэн байдалтай байгаа. Засгийн газрын урт, дунд, хугацааны бодлогын талаар таны байр суурийг сонсъё.

            УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Тантай санал нэг байна. Дөрвөн жилд хоёр том сонгууль болдог дэлхийн гурав дөрөвхөн улсын нэг. Дундаж хугацаа нь 1.5 жил. Үндсэндээ өнгөрсөн хугацааны нийгэм, эдийн засгийн хурдыг өнгөрсөн 27 жилийн араг яс маань даахаа больчихоод байгаа юм. Тэгэхээр дараагийн 25 жилийн төсөөллийг гаргахын төлөө ажиллах болно. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан бүх хүмүүстэй уулзалт хийнэ гэж бодож байгаа. Би олон улсын байгууллагад ажиллаж байгаад Төрийн ордонд орж ирээд нэг зүйлийг ажигласан. Самбартай өрөө тун цөөхөн байдаг. Ихэнх хурал ширээний ард албан байдлаар явдаг. Уг нь самбар тавиад бүтээлч хэлэлцүүлгүүдийг Засгийн газрын гишүүдийн, эрдэмтэн судлаачдын, боловсролын судалгааны хүрээлэнгүүдийн, иргэний нийгмийн байгууллагуудын дунд хийгээд явбал эндээс дараагийн хамтын үнэт зүйл гарч ирнэ. Их хурал босоо цаас үйлдвэрлэдэг байгууллага. Засгийн газар тэр цаасыг хэвтээгээр ашиглаж, өөрөөр хэлбэл, урт, дунд хугацаанд ямар байх вэ гэдэг стратегийг уялдуулж үр дүнд хүрэх зайлшгүй шаардлагатай. Энэ соёлыг өөрчлөхийн төлөө хичээх болно.

Хариулт үлдээх

Your email address will not be published.