Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс байгуулна
2019 оны 2 сарын 2
Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс байгуулна

Европын холбоо болон дэлхийн гурав дахь том эдийн засагтай Япон улс ихэнх бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татвараа харилцан чөлөөллөө.

Европын холбоо болон Японы байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр өнөөдөр /2019.02.01/-өөс эхлэн хүчин төгөлдөр болж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны энэхүү хэлэлцээр нь дэлхийн нийт худалдааны эргэлтийн 40 хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь буюу дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг хамарч байгаа юм.

“ЕХ-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний байгууллагуудыг татвараас чөлөөлж байна.

ХЭЛЭЛЦЭЭРИЙН ОНЦЛОХ ДАВУУ ТАЛУУД:

  • Европын холбооноос Японд нийлүүлж буй импортын барааны 97 хувийг татвараас чөлөөлнө
  • Японы эдийн засаг нээлттэй болсноос ЕХ-ны компаниуд жилдээ нэг тэрбум еврогийн татвараас чөлөөлөгдөнө
  • Японоос ЕХ-руу нийлүүлж буй импортын барааны 99 хувийг татвараас чөлөөлнө
  • Автомашины салбарт ЕХ нь Японы бараа бүтээгдэхүүнийг долоон жилийн хугацаанд татвараас бүрэн чөлөөлнө
  • Хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг харилцан бүрэн чөлөөлнө
  • Санхүү, даатгал, онлайн худалдаа, гүйлгээ, харилцаа холбоо, тээвэр зэрэг үйлчилгээний зах зээлүүд нь нээлттэй болно

“Чөлөөт худалдааны хэлэлцээрийн ачаар хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээ өргөн сонголттойгоор, хямд үнээр худалдан авах боломжтой боллоо. Энэхүү хэлэлцээр гүүр барих нь хана барихаас илүү үр дүнтэй гэдгийг харуулж байна. Дэлхийн улс орнууд протекционист бодлогыг дэмжих болсон энэ үед ЕХ болон Япон гаалийн татвараа харилцан чөлөөлж, зах зээлийн дүрэм журмаа харилцан хүндэтгэн, үр ашигтай ажиллах боломжтойн үлгэр жишээ байх болно” хэмээн Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер хэлжээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Токиод болсон Япон, ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Европын зөвлөлийн тэргүүн Доналд Туск, Еврокомиссын тэргүүн Жан-Клод Юнкер нар уулзаж, чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Эх сурвалж: DW

Хариулт үлдээх

Your email address will not be published.