Х.Тэмүүжин: УИХ-ын гишүүдийн дийлэнх хуулийн байгууллагуудын атганд байдаг
2019 оны 2 сарын 15

Х.Тэмүүжингийн лекцинд хэлсэнд онцлох ишлэлүүдээс нь хүргэе.

* Профессор, доктор гэх мэт том хэргэм цолтой хүмүүс “Би хуулийг ингэж харж байна” гэсэн хувийнхаа бодлыг нийгэм рүү тулгадаг. Судалгаа тооцоотой юм бараг дуугардаггүй.
* Хуулийн салбарт ийм өөрчлөлт хийж, тийм бодлого хэрэгжүүлнэ гэхэд хамгийн түрүүнд эрдэмтэд эсэргүүцдэг. Академич, профессор, их сургуулиудад байгаа хуучинсаг эрдэмтэд нь хамгийн түрүүнд эсэргүүцсэн. Өөрсдийнх нь гуч, дөчин жил бүтээсэн зүйл зах зээлээс шахагдахыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй.
* Хуулийн салбарт шинэчлэл хийхэд хамгийн хялбар байсан зүйл бол парламент дахь кноп дардаг улстөрчдийн талыг эргүүлэх байсан. Тэд үндсэндээ юу ч ойлгохгүй байсан л даа. “Зөв биз дээ дарах уу” гэдэг л үгтэй.
* Эрүүгийн, Цагдаагийн албаны хууль өөрчлөгдөхөөс аргагүй болж гэх мэтчилэнгээр кнопоо дарж эхэлж байтал зохион байгуулалт, бүтэцтэй холбоотой зүйл гараад ирэнгүүт байдал бишэдсэн л дээ. Дарга цэрэг нь хэн байх, албан тушаал яаж өөрчлөгдөх, бодит эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөө хэрхэн хумигдах вэ гэх мэт асуудал гараад ирэнгүүт улстөрчдийн гар татагдаж эхэлсэн.
* 2016 оны хавар процессийн хуулиудыг батлахаар алх тогших гэж байхад АТГ, Цагдаа, Тагнуулын гурван дарга сонинуудаар эсэргүүцэл зарлаж, Ерөнхий сайд дээр орж “Энэ хуулиудаа татахгүй бол” гэсэн заналхийллийг бий болгосон.
* Хэн нэгнийг дураараа чагнадаг, мөрддөг, араас нь хувийн мэдээллийг нь цуглуулах байдлаар явдгийг зогсоох гэж байлаа. Эрүүгийн хэргийг хянан шийтгэх хуульд хүнтэй холбоотой ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа, далд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан бол нэг бол шүүх рүү явах ёстой. Тэгэхгүйгээр хэн нэгэн даргын сейфэнд хадгалагдаад шантаажны хэрэгсэл хэлбэрээр ашиглагдаж болохгүй.
* Эсэргүүцэлтэй тулсан өөр нэг өөрчлөлт бол гүйцэтгэх ажилтай холбоотой. Гүйцэтгэх ажилтай холбоотой зөвшөөрлийн систем шүүхэд хянагдана, шүүхэд хянагдах системтэйгээр та нарын ажиллагаа дараа нь нотлох баримт болох уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ гэчихсэн юм. Хуучин ногоон малгайтнууд гэдэг шиг НАХ яамны арга барилаар ажилладаг байсан бүх байгууллагын гол зүрх рүү нь хатгасан өөрчлөлт л дөө. Тийм учраас бүгд эсэргүүцсэн.
* Энэ бүх хуулиудын эцсийн хэлэлцүүлэг болох өглөөнийх нь есөн цагт төслүүдийг татах бичгийг Засгийн газраас УИХ-д өгчихсөн. Ч.Сайханбилигийн өрөөнд орж “Үүнтэй холбоотой асуудал үүсвэл танай Засгийн газартай ярина” гэсэн тулгалт хийж байж татлаа гэдэг бичгийг нь болиулсан л даа. Ийм түүхтэйгээр тэр хуулиудыг арай гэж батлуулсан. Гэсэн ч 2016 оны сонгуулийн дараа МАН гарч ирэнгүүтээ хамгийн түрүүнд тэр хуулиудыг ёсчлоогүй учраас гэсэн шалтгаанаар хүчингүй болгож буцаасан. Өөрөөр хэлбэл өнөөдөр мөрдөгдөж буй бүх хууль 2000 онд Ц.Нямдоржийн үед ямар байсан, яг тэр чигээрээ үйлчилж байна.
* Хуулийн байгууллагуудын амбицыг давж хүний эрхийн болон эрүүл саруул оюун ухаанаар тооцсон хэм хэмжээг батална гэдэг Монголын хувьд зовлонтой. Тэрийг даах дийлэх хэмжээний улстөрийн эр зориг, улстөрийн нэгдэл үүсгэнэ гэдэг хэцүү гэдгийг яс махандаа тултал ойлгосон.
* УИХ гишүүдийн дийлэнх ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагуудын атганд байдаг. Тэр байгууллагуудын атгаж байгаа ид шид нь гүйцэтгэх ажиллагаа нэрээр цуглуулж авсан мэдээллүүд. Цуглуулсан мэдээллээ шүүх рүү хэзээ ч аваачиж өгдөггүй. Өнөө мэдээлэл нь албан ёсоор шүүхийн хэлэлцүүлэгт орж, гэмт хэрэг мөн эсэх, ял шийтгэл авах уу, үгүй юу гэдэг хэлэлцүүлэгт ордоггүй.
* Гэхдээ тэр мэдээллүүд ямар нэгэн байдлаар тодорхой эрх мэдэлтнүүдийн гарт ордог. Монгол Улсын хуулийн салбарт таван удаа сайдаар ажилласан хүн хэзээ ч шүүх рүү аваачдаггүй баримтуудыг “би мэднэ” гэж яриад өрсөлдөгчөө, нөгөө талын хүмүүсээ намнахад ашиглаж суугааг та бүхэн саяхан харсан. Хэн ч түүнээс гэмт хэрэг хийгээд суугаа юм биш үү, юу нуун далдлаад яваа юм гэж асуухгүй байгаа биз. “Би мэднэ, тэгсэн шүү та нар, тэрнээс ч илүү юмыг би мэднэ” гэдэг том заналхийлэлтэй хүн.
* Гэмт хэрэгтэй холбоотой тэр дундаа албан тушаалтантай холбоотой мэдээллийг олохын тулд хуулийн байгууллагын эд эсүүд үргэлж ажилладаг. Харамсалтай нь тэдний олж буй зүйл зөвхөн дарга нарт зориулагддаг. Тэр мэдээлэл хэн нэгнийг албан тушаалаа ахиулж, албан тушаалд тогтвортой байх хэрэгсэл болоод хувирчихсан. Хууль сахиулагч гэж нэрлэгддэг мөрдөгч, тагнуул, АТГ, цагдаа, прокурор гэх мэт байгууллагуудад нөлөө бүхий, тогтвортой оршин тогтнож байдаг бүлгүүдийн хэрэгсэл болж хувирсан нь нууц биш.
* Бид Захиргааны ерөнхий хуулийг боловсруулж Засгийн газарт зургаан удаа оруулсан ч дэмжээгүй. Засгийн газар болон захиргааны бүх байгууллагын дураараа хөдөлдөг үйл явцыг хязгаарлачихаар хуулиас гадуурх, хууль тойрч хөдөлдөг бүх үйл ажиллагаа дэг журамд орчих гээд байсан хэрэг. Зургаан удаа татгалзсан хариу авсаны эцэст тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржид хандсан. Өргөн бариад өгөөч гэж. Ерөнхийлөгч зөвшөөрсөн. Захиргааны ерөнхий хууль ийм түүхтэйгээр батлагдсан юм. Одоо захиргааны ерөнхий хуулиас Засгийн газартай холбоотой хэсгийг авч хаях гэж байгаа. Ц.Нямдорж өргөн бариад, бөөн хэрүүл маргаан болж байгааг та бүхэн мэднэ.
* Онигоо шиг зүйл ярихад ерөнхий прокурорын санаачлагаар ҮХЦ гурван маргаан үүсгээд шийдвэр гаргаж байсан. Захиалагч нь маш тодорхой. “Яахаараа ерөнхий прокурор ҮХЦ-д захиалга өгөөд энэ хуулийн энэ зохицуулалтыг унагаж байдаг юм бэ” гэсэн асуудал тавихад ерөнхий прокурор Цэцийн хуралдаанд орохын өмнө “Уучлаарай наад хууль чинь надад таалагдахгүй байна. Та нар надаас зөвшөөрөл аваагүй” гэх жишээний. “Таны ардчиллын алтан хараацай байх эсэх сонин биш. Танд энэ хууль таалагдах таалагдахгүй хэнд хамаатай юм” гэж хэлэхэд “Би мэдэж байна” л гэж байгаа юм. Зөвхөн нэг хүний ийм явцуу хандлагыг хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн цэцтэй гээд бод доо. Эдийн засгийн худалдаа гэрээтэй холбоотой шүүүхийг эрүүлжүүлэх гэж оролдсон процесс ингээд нурж байгаа юм.
* Системээр нь харж шийдэх гэж оролдсон шинэчлэл хуучин урхаг улстөрчид, хуулийн байгууллагуудын амбиц, бизнес улстөр хуулийн байгууллагуудын хэлхэлдсэн эдийн засгийн ашиг сонирхолтой бүтэц, мэдэхгүй, мэдлэггүй байдлаас шалтгаалж нурсан.
* 2012-2016 оны хооронд хийсэн шинэчлэлээс хэрэгжээд явж байгааг нь хувилбал 30 гэсэн тоо гарч ирнэ. Тухайн үед хийх ёстой ажлынхаа 60 хувийг л хийж чадсан. 60 хувийг 100 хувь гэж бодвол 30 хувь нь үлдсэн гэсэн үг. 70 хувь нь буцаад нурсан. Товчхондоо Монгол улс дахь хуулийн философи огт өөрчлөгдөөгүй.
* Хамгийн эцсийн цэг нь иргэнд зориулсан хууль байх уу, эсвэл эрх мэдэлтнүүдийн хэрэгсэлд зориулсан хуулийн тогтолцоо байх уу гэдэг л товчхон асуултад бид хариу хайсан. Хариултаа шийдэх гэж оролдсон. Маш том өөрчлөлт эхлүүлсэн. Гэхдээ өөрчлөлт болгон амжилттай болоогүй. Нийгмийн оюун санаа, мэргэжилтнүүдийн дадал зуршил, академик түвшний хүрсэн байдал гэх мэт маш олон зүйл шинэлчлэлтийн эсрэг зогсч байсан. Тэр дотроо улстөрийн эр зориг буюу манлайлал буцаад нурчихсан учраас харамсалтай үр дагавар руу очсон.

Хариулт үлдээх

Your email address will not be published.