Б.Лхагважав: ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон гишүүдийг Үндсэн хуулийн цэцэд өгөх ёстой
2019 оны 3 сарын 9

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

Улс төрийн нөхцөл байдал маш тогтворгүй байсаар УИХ-ын чуулган завсарлалаа. УИХ-ын эрх баригч намын гишүүдийн тэн хагас нь ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдож, ард түмний татварын мөнгийг хулгайлсан нь ил боллоо. Та татвар төлөгчдийг хамгаалах үүрэгтэй хүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бууралт, хөгжил нь улс төрийн нөхцөл байдал, улс төрчдийн гаргасан шийдвэрээс ихээхэн хамааралтай байдаг. Ардчилсан нийгмийн үнэт зүйлүүдийн нэг чөлөөт зах зээл дээр 1.3 сая иргэн, 167 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 360 мянган малчин өрх, 70 мянган тариаланч, 190 орчим мянган төрийн албаныхан ажиллаж, нийгмийг хамтдаа бүтээлцэж буй. Манай бизнес эрхлэгчид 2013-2016 онд үргэлжилсэн эдийн засгийн хямралыг 2018 онд даван туулсан. Улмаар 2018 онд татварын орлогыг 2.2 их наяд төгрөг буюу 834 сая ам.доллараар давуулан биелүүлсэн. Тодруулбал, бүх төрлийн татвар 30-33 хувиар давж биелсэн гэсэн үг. Энэ мөнгө бол төрийн албан хаагчдын найман сарын цалин, тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдийн нэг жилийн санхүүжилттэй тэнцэнэ.

Ингэж татвар төлөгчид эрвийх дэрвийхээрээ ажиллаж байхад төрийн албан тушаалтнууд нийтийн санхүүгийн захиран зарцуулалтын асуудлыг 27 жилийн хугацаанд нууж, улмаар ЖДҮ, концесс, тендер нэрээр хувьдаа завшиж байна. Угтаа ЖДҮХС бол 23 сангийн нэг буюу өнгөц хэлбэр нь. Бусад 22 сангууд яаж ажиллаж байна, менежмент, хяналт зэргийг мөн ил болгох хэрэгтэй. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нийтийн санхүүгийн бүлэг, хяналтын систем, байхгүйг далимдуулж, эдгээр сангуудаас хулгай хийж байна. Энэ бол том гэмт хэрэг.

Нөгөөтэйгүүр, ОУВС-гийнхан манай улсын орлого зарлагын макро түвшинд ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагаанд шууд байдлаар оролцдог. Гэтэл ЖДҮХС-гаас эрх мэдэлтнүүд 100 орчим тэрбум төгрөгийн зээл гаргачхаад байхад ОУВС яагаад хянаагүй вэ гэсэн асуулт байна. Ийм байтлаа манай цалин, тэтгэврийн нэмэгдэлд оролцож байдаг. Зориуд хэлэхэд, 2.2 их наяд төгрөгийн татварын орлого бол ОУВС-гийн хийсэн ажил биш. НӨАТ-ын систем ажиллаж, ил тодын хууль хэрэгжиж, байгалийн баялгийн түүхий эдийн нэмэлт систем ажилуулсны үр дүнд гарсан үр өгөөж. Тэд ЖДҮХС-гийн 100 тэрбумыг хянаж чадахгүй байж яаж нэг их наяд төгрөгийг хянах вэ. Тиймээс нийтийн санхүүгийн дахин зарцуулалтад шинжлэх ухааны үндэслэлтэй буюу оновчтой хуулийн дагуу хяналт тавьж явахгүй аваас баялаг бүтээгчид хэчнээн ажиллаж, татвар төлөөд ямар ч нэмэргүй. Иймд МҮХАҮТ-аас татварын орлогыг хэдхэн эрх мэдэлтнүүдэд ЖДҮ, тендер, концесс нэрээр тараавал бизнес эрхлэгчид татвар төлөхгүй гэсэн мэдэгдэл хийсэн. УИХ-ын зарим нөхөд 60 тэрбумтай холбоотой нөхдийг буулгаж авсан. Харин одоо ЖДҮХС-гийн асуудлаа шийдэх хэрэгтэй.

-ЖДҮХС-гийн зээлтэй Засгийн газрын тэргүүн нь өөрөө нэр холбогдсон. Энэ нөхцөлд хуулийн хүрээнд зээл авсан нөхдөд хэн, ямар хариуцлага тооцох боломжтой бол?

-УИХ-ын дарга Г.Занданшатар ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон гишүүдийг Үндсэн хуулийн цэц рүү өгөх ёстой. Манай тэр гишүүд ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглаж буюу дам утгаар зээл авсан нь Үндсэн хууль зөрчсөн үү, хүний болон иргэний аж ахуй эрхлэх, хамгаалах эрхэд халдсан эсэх, тийм бол огцруулах үндэслэлтэй эсэхээр шийдвэр гаргах хэрэгтэй. Одоо Үндсэн хуулийн цэцийг ажиллуулах ёстой. Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр бултсан. Одоо ахиад энэ асуудал дээр бултах юм бол цэц өөрөө үхмэл байгууллага болохоо батална. Үндсэн хуулийн цэц гаргаж байгаа хууль тогтоол Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг шүүхээс гадна төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гаргасан шийдвэрийг шүүх хүсэлт гаргах ёстой. Үүнийг цэцэд гаргаж тавих таван субьект бий. Үүнд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон Ерөнхий прокурор байдаг. Одоогийн УИХ, Засгийн газарт бүх эрх мэдэл, албан тушаал ирчихлээ. Дээр нь Ерөнхийлөгч 100 хувь дэмжиж байна. Үнэхээр шударга ёсны төлөө явж байгаа бол хүний өөрийгөө ч хайрлахгүй асуудалд бодитоор хандах хэрэгтэй. Түүнээс шударга ёс гэдэг албан тушаал дээр очих шат биш.

-2019 он сонгуулийн өмнөх жил. Эрх баригч намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, ялангуяа, эдийн засгийг сайжруулахтай холбоотой амлалтууд биелсэн үү. У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газар ажиллаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Тэд ямар том ажил хийсэн бэ, бас юу хийх ёстой вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх татварын багц гурван хуулийг өнөө маргаашгүй батлуулах хэрэгтэй. Татварын багц гурван хуулийг дөрвөн жил хүлээж байна. 2015 оны долдугаар сарын 9-нд НӨАТ-ын хууль батлагдсан. Энэ үед багц хууль батлагдах ёстой байсан ч хойшилсон. Мөн өнгөрсөн зун яригдаад өнгөрсөн. Багц хууль хэрэгжиж эхэлснээр 40 гаруй журам өөрчлөгдөж, 40 процесс явагдаж, санхүү татварын тайланд өөрчлөлт орж, үр дүнд нь иргэн, бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх буюу эдийн засгийн эрхийг хамгаалсан систем хэрэгжих юм. Ерөнхий сайд төрийн институцийг шударга, зөв, чадалтай болгоно гээд байгаа. Манай эдийн засгийн саад бол 198 мянган хүн ажиллаж байгаа төрийн институт өөрөө. Үүн дотроо 88 мянган дарга байна. Тэднийг ядахдаа 40 мянга болгож, төрийн данхгар бүтцийг хоёр дахин багасгах нь зүйтэй. Дээр нь мэдээж том төслүүдээ хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Одоогийн Засгийн газарт түрүүнд хэлсэнчлэн татварын орлого болох 834 сая ам.доллар илүү байгаа. Гэлээ гээд үүнийг Ерөнхий сайд дур мэдэн захиран зарцуулах эрх байхгүй. Тиймээс энэ орлогыг УИХ хараандаа авч, хэрхэх тогтоолоо гаргах нь зөв. Харин Ерөнхий сайд 2018 онд ямар төсөв баталсан, тэр хэмжээндээ ажиллах ёстой. Дараа жилийн татварын орлогыг энэ жилийнхээс 1.4 их наяд төгрөгөөр илүү төсөвлөсөн байгаа. Тиймээс 834 сая ам.долларыг бондуудын өрийг дарах, эсвэл тусгай болон хөгжлийн сандаа төвлөрүүлэх нь зөв. Ер нь энэ орлого МАН-ын мөрийн хөтөлбөрийн 80 орчим хувийг хангах хэмжээний хөрөнгө. Гэхдээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гээд татвар төлөгчдийн мөнгийг эдийн засгийн үр дүнгүй зүйлд зарцуулж болохгүй. Харамсалтай нь, 2020 онд сонгууль болно. Тэд популизм хийх магадлалтай. Иймд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нийтийн санхүүгийн бүлэг гэж оруулах нь хамгийн зөв. Ингэхдээ мөнгөний эрхтэй Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч гээд өндөр дээд албан тушаалтнуудыг хянадаг болох ёстой. Энэ бол нийтийн сан руу ямар ч эрх мэдэлтэн, албан тушаалтан, ялангуяа парламентын гишүүнийг ойртуулахгүй байх арга хэмжээ.

-Та томоохон төслүүдээ санхүүжүүлэх нь зөв гэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 хувьцааны ногдол ашиг тараана гэж ярьж байна. Гэсэн ч зарим иргэдийн зүгээс энэ мөнгөө том төслүүдэд зарцуулах эх оронч санаачилгыг дэвшүүлж байна?

-Сүүлийн 15 жилд төр хатуу бүтцэд хамаг мөнгөө зарцуулсан. Хатуу бүтэц гэдэгт бүх зам, эрчим хүчний систем, шилэн кабел, автомашин зэрэг багтана. Харин одоо буюу ойрын 10 жилдээ нийтийн мөнгийг зөөлөн бүтэц буюу бий болгосон эрчим хүч, зам, дулаан холбосон газартаа ажлын байр бий болгоход зарцуулах хэрэгтэй. Үүний тулд тухайн газарт зах зээл бий болгож, тэнд ажиллаж байгаа компаниуд руу хөрөнгө оруулах хэрэгтэй. “Эрдэнэс тавантолгой”-н 1072 хувьцааны хувьд 2007 онд газрын баялгийг өмчийн хэлбэртэй холбох механизм болгохоор шийдвэрлэж тараасан хувьцаа. Гэхдээ 20 гаруй хувийг хэн төлөөлөх, хэн шийдвэр гаргах тухай аль ч хуульд байхгүй. 720 тэрбум төгрөгийн 80 гаруй тэрбум нь хоёр сая иргэнтэй холбоотой. Үндсэн орлогын 14 хувийг эзэлж байгаа шүү дээ. Үлдсэн 600 гаруй тэрбум нь компанийн цэвэр ашиг боловч тус компанид хувьцаа гаргах, дэд бүтцээ шийдвэрлэх олон асуудал бий. Хамгийн наад зах нь, усаа Орхон голоос татах, зам тавих, нүүрс баяжуулах, төмөр зам барих гэх мэт том төслүүд байгаа. Тиймээс энэ асуудлаа шийдвэрлэхэд хөрөнгөө зарцуулах ёстой. Ингэж чадвал хувьцаа нь үнэ цэнэтэй болж, үнэлэгдэж зарагдана гэсэн үг.

-МАН-аас Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гэмт хэрэгт холбогдож, бүрэн эрхээсээ түдгэлзсэн. Үүнээс болж нөхөн сонгуульд татвар төлөгчдийн 287 сая төгрөг зарцуулахаар болсон. Эдийн засгийн хариуцлага гэж зүйл манайд байна уу?

-Манай УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог хуулийн заалт байхгүй. Энэ бол ганц Д.Гантулгын асуудал биш. Хэнтий аймгийн 16 мянган иргэний эрх зөрчигдөж байна. Төр барилцах эрхээ эдэлж чадахгүй байна. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөнөөс 287 саяыг зарцуулж, 16 мянган хүний эрхийг хангах ажил юм. Ер нь өндөр албан тушаалтнуудтай эдийн засгийн хариуцлага тооцдог механизм байхгүй байна. Эдийн засгийн бүр хохирлыг татвар төлөгчид үүрдэг. Түүнээс биш ЖДҮ-чид, Гантулга, бүр улсаа дампууруулсан засаг зөвхөн сандал суудлын хэмжээндээ хариуцлага үүрч, төрд учруулсан хохирлын нэг ч төгрөгийг төлдөггүй.

-Та 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Манай танхимын XX их хурал энэ сарын 28-нд болно. Дахин нэг сонгогдох эрх бий. Энэ эрхээ эдэлнэ. 2020 оны сонгууль бол холын зүйл. Хамгийн гол нь, 2019 оны арай хийж тэгээс нь босгосон эдийн засгийн багахан өсөлтийг улстөрчид популизм хийчих вий гэхээс эмээж байна. Тиймээс энэ он популизм, улс төрийн амлалтаас хол, цэвэр эдийн засгийн хөгжлийг дэмжсэн жил байгаасай. Хийх ажил ч их байна.

-Ярилцсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ:”АРДЧИЛАЛ ТАЙМС” СОНИН. Сэтгүүлч Б.Бямбасүрэн

Хариулт үлдээх

Your email address will not be published.