Аюулгүйн зөвлөлийн аюултай хүсэл
2019 оны 2 сарын 19

ЗГХЭГ-ын шинэхэн дарга Л.Оюун-Эрдэнэ сар шинийн дараахан  “ШХАБ-д элсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал” гэсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ээлжит сонирхлыг илэрхийлсэн үг байлаа. Өөрөөр хэлбэл,  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх тухай аюулгүйн зөвлөлийнхний адын хүслийг энэ удаад хэн нэгэн нь олон нийтэд хүргэх үүрэг хүлээсэн нь Л.Оюун-Эрдэнэ болсон хэрэг. Могой алахад хүртэл мод хэрэгтэй шүү дээ.

2017 оны намраас, илүү тодорхойгоор хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ШХАБ-д улсаа “зарах” асуудал  хүчтэй яригдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 2018 оны хавар эдийн засгийн форумд  оролцохдоо Ерөнхийлөгч Х.Баттулгын илэрхийлсэн байр суурь нь  “Монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геоп᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋олитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй.  ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа ахисан түвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих юм. Ингэснээр Хятадтай хийх худалдаанд таатай нөхцөлүүд үүсэхийг зэрэгцээ гурван улсын транзит тээврийн коридор бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ”.  Эрлийз цариг, хятад танкаар иргэдийнхээ тархийг угааж ирсэн өнөөх “эх оронч”-ийнх нь өнөөдрийн сонирхол нэг ийм. Энэ сонирхлын ард чухам юу нуугдаж байгааг Тамгын газрын дарга З.Энхболдынх нь хэлсэн “ШХАБ-д элссэнээр бидний хожих нь их юм байна. Сөрөг зүйл мэдээж бий л байх. Түүнийгээ тооцох ёстой. Өгөх гэж байгаа, авах гэж буйгаа тооцох юм бол элсэх нь зүйтэй” гэх тайлбараас харахад “өгөх гэж байгаа болоод авах гэж буй”  зүйл нь яг юу вэ?

Товчхондоо, өнөөдөр ШХАБ-д элссэнээр эдийн засагт их хэмжээний рубль, юань ороод ирнэ гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн тооцоолж байж мэднэ. Харамсалтай нь, үүн шиг аюултай мөрөөдөл үгүй бөгөөд үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг гэдэг Якунин ахынх нь үгийг ч энд дашрамд сануулчихад буруудахгүй ч биз.

ШХАБ-д улсаа аваачиж “зарах” Төрийн тэргүүний адын сонирхлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийгээд УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатар хүртэл дэмжиж буй гэвэл өнөөгийн аюулгүйн зөвлөлийнхөн  товчхондоо “алтан ембүү хараад алгаа тосдог, аав уу даа” гэгч болж байх шиг. Магадгүй ШХАБ-д элсээд мөнгийг нь аваад мурьчих сонирхол манай  зөвлөлийнхөнд байж мэднэ. Гэвч, хавханд орсон хулгана амьд гарч байсан удаа бий бил үү.  Тэр тусмаа тэвэр дүүрэн мөнгөөр улсаа зараад тэвэрт нь орчихсон их гүрнүүдийнхээ  савраас эргээд гарч чадахгүй.

Иймээс л аюулгүй зөвлөлийнхний аюултай хүсэлд “үгүй” гэсэн улстөрчид, эрдэмтэд, судлаачид олон байгаа бөгөөд тэдний нэг нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Түүний хэлснээр ШХАБ-ыг ломбард гэж харах нь туйлын аюултай, тэр тусмаа түүхэнд үлдэх хүсэлтэй зарим нэг улстөрчид улсаасаа урвасан гэж нэг нэрээ хоёр хочтой болгож мэдэх юм. Үхэхээс айхгүй улстөрчид маань улсаа зарахаас яагаад бас айхгүй байна вэ.

Аюулгүйн зөвлөлийнхний аюултай зангад улсаараа орчихвол Монгол яг үнэгүй бяслагт хууртаад хавханд орсон хулгана болж хувирна. Муур багш хүссэн үедээ хулганыг барьж идэхийг хүлээн зөвшөөрөх ёстой юу, бас.

Монгол Улс өнөөдрийг хүртэл олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд төвийг сахисаар ирсэн. Яагаад төвийг сахих болсон хийгээд яагаад ШХАБ-д элсч болохгүй тухай экс Ерөнхийлөгчийн байр суурийг харна уу.

Хариулт үлдээх

Your email address will not be published.